Матайн бичсэн сайн мэдээ
10 Ингээд тэрээр 12 шавиа дуудаж, тэдэнд чөтгөрүүдийг хөөх, элдэв өвчин эмгэгийг эдгээх эрх мэдэл өглөө.
2 12 элчийнх нь нэрийг дурдвал: Петр гэгддэг Симон, түүний дүү Андрей, Зебедэйн хөвгүүд Яаков, Ёохан, 3 мөн Филип, Бартоломай, Томас, татвар хураагч Матай, Алфайн хүү Яаков, Тадай, 4 идэвх зүтгэлт Симон, хожим Есүсээс урвасан Искариот Юудас юм.
5 Есүс 12 элчээ илгээхдээ ийм заавар өгөв. «Харь үндэстнүүд рүү бүү оч, Самарийн аль ч хот руу бүү ор. 6 Гагцхүү Израйл үндэстний* төөрсөн хонинууд руу оч. 7 Тэдэнд “Бурхны Хаант төрийн захирах цаг ойрхон байна” гэж хэлэгтүн. 8 Өвчтэй хүнийг эдгээж, нас барсныг амилуулж, уяман өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөө. Үнэгүй авснаа үнэгүй өг. 9 Замд хэрэглэх гэж алт, мөнгө*, зэс бүү хураа. 10 Хоол хийх уут, илүү цамц, шаахай, таяг ч бүү ав. Учир нь ажил хийвэл хоол хүнсээр хангуулах эрхтэй.
11 Ямар ч хот, тосгонд очсон зохистой хүнийг олж, тэндээс явтлаа гэрт нь бай. 12 Айлд ороод мэндийг нь мэд*. 13 Та нарыг хүлээж авбал тэд ивээл хүртэнэ. Хүлээж авахгүй бол ивээл хүртэхгүй. 14 Та нарыг хүлээж авахгүй юм уу үгийг чинь сонсохгүй байвал тэр айлаас эсвэл хотоос гарч явахдаа хөлөө сэгсэрч тоосыг нь гөв*. 15 Шүүх өдөр тэр хотынхныг Содом, Гоморрагийн хүмүүсээс илүү хатуу шийтгэнэ гэдгийг би батлан хэлье.
16 Чонон дундах хонь мэт байгаа та нарыг би илгээж байна. Тиймээс могой мэт сэрэмжтэй, тагтаа мэт гэмгүй байгаарай. 17 Болгоомжтой бай. Учир нь хүмүүс та нарыг шүүхэд өгч, синагогтоо ташуурдана. 18 Надаас болж та нарыг захирагчид, хаад руу аваачна. Тэдэнд болон үндэстнүүдэд та нар миний талаар гэрчилнэ. 19 Та нарыг шүүхэд шилжүүлэхэд юуг, яаж ярих билээ гэж зовох хэрэггүй. Юу ярихаа тэр үед та нар мэдэх болно. 20 Учир нь та нар өөрсдөө л ярих юм биш, харин тэнгэрийн Эцэг тань тусална. 21 Түүнчлэн ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ алуулж, хүүхэд нь эцэг эхээ эсэргүүцэж амийг нь хөнөөлгөнө. 22 Миний нэрнээс болж бүх хүн та нарыг үзэн ядна. Харин эцэс хүртэл тэвчсэн нь аврагдана. 23 Тэд та нарыг нэг хотод хавчвал нөгөө рүү нь зугт. Хүний Хүүг ирэхээс өмнө та нар Израйлын бүх хот тосгонд сайн мэдээ хүргэж амжихгүй.
24 Шавь нь багшаасаа, боол нь эзнээсээ илүү биш. 25 Шавь нь багш шигээ, боол нь эзэн шигээ болоход л болно. Хэрэв хүмүүс гэрийн эзнийг Бээлзэбүл* гэдэг юм бол гэрийнхнийг нь ч бас тэгэх нь лавтай. 26 Тиймээс тэднээс бүү ай. Учир нь илчлэгдэхгүйгээр нуусан юм гэж байхгүй. Мэдэгдэхгүй далд юм гэж байхгүй. 27 Харанхуйд хэлснийг минь гэрэлтэйд хэл. Шивнэж хэлснийг минь дээвэр дээрээс тунхагла. 28 Одоо бие махбодыг хөнөөж чадах ч ирээдүйд амилахад саад болж чадахгүй хүмүүсээс бүү ай. Харин Гехеннад* хаяж чадах нэгнээс ай. 29 Хоёр бор шувууг ганцхан зоосоор* зардаг биз дээ? Гэвч нэг нь газар унахыг* ч тэнгэрийн Эцэг тань мэдэж байдаг. 30 Та нарын толгой дээрх үсийг ч тоо ширхгээр нь мэддэг. 31 Тиймээс бүү санаа зов. Та нар олон бор шувуунаас ч илүү үнэ цэнтэй.
32 Надад итгэдгээ хүмүүст тунхагладаг хэнийг ч би тэнгэрийн Эцэгтээ миний шавь гэнэ. 33 Харин надад итгэдгээ хүмүүсийн өмнө үгүйсгэдэг хэнийг ч би тэнгэрийн Эцэгтээ миний шавь биш гэнэ. 34 Намайг амар тайвныг тогтоох гэж дэлхийд ирсэн гэж бүү бод. Амар тайвныг бус илд авчрахаар ирсэн юм. 35 Би хүүг эцгээс нь, охиныг эхээс нь, бэрийг хадмаас нь салгахаар ирсэн юм. 36 Хүний дайсан гэрийнхнээс нь гарна. 37 Эцэг эхээ надаас илүү хайрладаг хэн ч миний шавь байж чадахгүй. Түүнчлэн хүү юм уу охиноо надаас илүү хайрладаг хэн ч миний шавь байж чадахгүй. 38 Тарчлаах шонгоо* үүрч араас минь дагадаггүй хэнийг ч би зохисгүйд тооцно. 39 Амиа аварсан хэн боловч амиа алдана. Надаас болж амиа алдсан хэн боловч амилна.
40 Та нарыг хүлээн авч найрсаг ханддаг хэн боловч намайг хүлээн авч байгаа хэрэг. Намайг хүлээн авч найрсаг ханддаг хэн боловч намайг илгээсэн Нэгнийг хүлээн авч байгаа хэрэг. 41 Зөнчийг зөнч хэмээн хүлээн авдаг хүн зөнчийн шагнал авна. Бурхны үйлчлэгчийг Бурхны үйлчлэгч гэж хүлээн авдаг хүн Бурхны үйлчлэгчийн шагналыг авна. 42 Дагалдагчийг* минь дагалдагч гэж үзээд аяга хүйтэн ус өгдөг хүн шагналаа алдахгүй.