Дэд хууль
7 Ехова Бурхан чинь та нарын эзэмших гэж байгаа нутагт та нарыг аваачихдаа илүү олон хүнтэй, хамаагүй хүчтэй долоон үндэстэн болох хитчүүд, гиргашчууд, аморичууд, канаанчууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудыг хөөн зайлуулна. 2 Ехова Бурхан чинь тэднийг та нарын эрхшээлд оруулах учраас та нар ялна. Тэднийг бүрмөсөн устгагтун. Тэдэнтэй ямар ч гэрээ байгуулж болохгүй, өрөвдөж ч болохгүй. 3 Тэдэнтэй худ ураг барилдах ёсгүй. Охидоо хөвгүүдэд нь бүү өг, охидыг нь бэрээ бүү болго. 4 Учир нь тэд хөвгүүдийг чинь Еховагаас урвуулж өөр бурхдыг шүтүүлнэ. Тэгээд тэрбээр та нарт уурлан хилэгнэж, тэр даруй газрын хөрснөөс арчина.
5 Тэдэнд яаж хандах ёстой вэ гэвэл, тахилын ширээнүүдийг нь нурааж, ариун багануудыг нь буталж, ариун шонгуудыг* нь цавчиж, сийлмэл шүтээнүүдийг нь шатаах ёстой. 6 Яагаад гэвэл та нар Ехова Бурхныхаа ариун ард түмэн. Ехова Бурхан чинь та нарыг дэлхийн гадарга дээрх бүх ард түмнээс өөрийнхөө ард түмэн, тусгай* өмчөө болгон сонгож авсан.
7 Та нарыг Ехова бүх үндэстнээс хамгийн олон хүнтэй болохоор чинь хайрлаж, сонгосон юм гэж үү? Үгүй ээ. Харин ч та нар үндэстнүүдийн дотроос цөөхөн хүнтэй нь байсан. 8 Ехова Бурхан чинь та нарт хайртай учраас, бас эцэг өвгөдөд чинь тангарагласнаа биелүүлэхийн тулд сонгосон. Тиймдээ ч Ехова та нарыг хүчирхэг мутраараа Египетийн хаан фараоны савраас, боолчлогч орноос чөлөөлж авчирсан. 9 Та нарын сайн мэддэгчлэн Ехова бол жинхэнэ Бурхан, үнэнч Бурхан бөгөөд өөрийг нь хайрлаж, тушаалыг нь дагадаг хүмүүсийн 1 000 дахь үеийнхнийг хүртэл үнэнчээр хайрлаж, гэрээгээ сахидаг. 10 Хэдий тийм ч өөрийг нь үзэн ядагчдад улаан нүүрэн дээр нь сүйрлээр хариу барина. Өөрийг нь үзэн ядагч хүнд хариуг нь удаж төдөлгүй барих болно. 11 Тиймээс та нарт мөрдүүлэхээр өнөөдөр миний өгч буй энэхүү хууль, тушаал, шийдвэрүүдийг чанд сахиж байгтун.
12 Хэрвээ та нар эдгээр шийдвэрийг сонсоод даган мөрдвөл Ехова Бурхан чинь танай эцэг өвгөдөд тангарагласнаараа та нарыг үнэнчээр хайрлаж, гэрээгээ сахина. 13 Тэрбээр та нарыг хайрлаж, ивээж, өнөр өтгөн болгоно. Та нарт өгнө гэж эцэг өвгөдөд чинь тангарагласан нутагт та нарыг олон хүүхэдтэй болгож, газрын чинь үр шим болох тариа, шинэ дарс, тосыг чинь арвижуулж, асар олон хонь, үхэртэй болгож ивээнэ. 14 Бүх үндэстний дундаас та нар л хамгийн их ивээгдэж, дунд чинь үр хүүхэдгүй хүн, төлгүй мал гэж үгүй болно. 15 Ехова бүхий л өвчнийг та нараас зайлуулна. Та нарын үзэж харсан Египетийн аймшигт муухай өвчин эмгэгээс алийг нь ч та нарт тусгахгүй. Харин та нарыг үзэн яддаг хүмүүст тусгана. 16 Ехова Бурхныхаа эрхшээлд чинь оруулах бүх үндэстнийг устга. Та нар тэднийг өрөвдөж болохгүй, бурхдад нь ч үйлчилж болохгүй. Яагаад гэвэл та нарт урхи болно.
17 Та нар зүрх сэтгэлдээ “Энэ үндэстнүүд биднээс олуулаа болохоор яаж хөөн зайлуулж чадах вэ дээ” гэж бодож магадгүй. 18 Тэднээс бүү айж сүрд. Фараонд болон египетчүүдэд Ехова Бурхныхаа юу үйлдсэнийг санаж явагтун. 19 Ехова Бурхан чинь яаж сорьсныг* та нар нүдээрээ харсан шүү дээ. Тэрбээр бас тэмдгүүд, гайхамшгууд үйлдэж, хүчит гар, сунгасан мутраараа та нарыг гаргаж авчирсан билээ. Ехова Бурхан чинь египетчүүдэд яаж хандсан шигээ та нарын айдаг бүх үндэстэнд тэгж хандана. 20 Ехова Бурхан чинь тэднийг цөхрөөнө*. Амьд үлдсэн бүх хүнийг нь, тэр дундаа та нараас нуугдсан хүмүүсийг нь ч устгана. 21 Агуу, сүрдэн бишрэм Ехова Бурхан чинь хамт байгаа учраас тэднээс битгий ай.
22 Та нарын Бурхан Ехова өмнө чинь байгаа тэдгээр үндэстнийг аажмаар хөөн зайлуулна. Тэднийг даруй түргэн устгаж болохгүй. Эс бөгөөс хээрийн зэрлэг араатнууд өсөж үржих аюултай. 23 Ехова Бурхан чинь тэдгээр үндэстнийг та нарын эрхшээлд оруулна. Тэднийг бүрмөсөн усттал дахин дахин ялахад чинь тусална. 24 Тэрбээр хаадыг нь та нарын эрхшээлд оруулж, нэрсийг нь тэнгэрийн доороос арчина. Тэднийг устгаж дуустал чинь хэн ч та нарыг сөрж зогсохгүй. 25 Сийлмэл бурхан шүтээнүүдийг нь галдан шатаах ёстой. Тэдгээрийг бүрсэн алт, мөнгөнд шунахайрах юм уу авч болохгүй. Учир нь Ехова Бурхан чинь тийм юмсыг жигшдэг. Тэдгээрээс болж урхидуулуузай. 26 Та нар жигшүүртэй юм гэр орондоо авчирч болохгүй. Эс бөгөөс тэр зүйлтэйгээ хамт бүрмөсөн устгагдана. Тэр нь бүрмөсөн устгагдах ёстой зүйл учраас үнэн голоосоо жигшиж зэвүүц.