Ёоханы бичсэн сайн мэдээ
7 Дараа нь Есүс Галилд сайн мэдээ тунхаглаж байв. Иудейчүүд өөрийг нь хөнөөхийг санаархаж байсан учир Есүс Иудейд очих бодолгүй байжээ. 2 Гэхдээ иудейчүүдийн Майхан баяр болох гэж байлаа. 3 Тиймээс дүү нар нь: «Та Галилд очооч. Юу хийдгээ шавь нартаа харуул л даа. 4 Олонд танигдах хүсэлтэй хүн нууцаар юу ч хийдэггүй. Та ийм юм хийдэг л юм чинь өөрийгөө хүмүүст харуулаач» гэжээ. 5 Үнэндээ, дүү нар нь Есүсийг Бурхан илгээсэн гэдэгт итгэдэггүй байжээ. 6 Тиймээс Есүс тэдэнд «Миний хувьд, товлосон цаг хараахан болоогүй байна. Харин та нарын хувьд аль ч цаг болдог. 7 Та нарыг үзэн ядах шалтгаан хүмүүст байхгүй. Харин намайг үзэн яддаг. Яагаад гэвэл би муу юм хийдгийг нь хэлсэн юм. 8 Та нар яваад баяр тэмдэглэ. Харин би одоохондоо явахгүй. Миний хувьд, товлосон цаг хараахан болоогүй байна» хэмээгээд 9 Галилд үлджээ.
10 Гэхдээ дүү нарыгаа баяр тэмдэглэхээр явсны дараа Есүс нууцаар явав. 11 Баярын үеэр иудейчүүд Есүсийг хайж «Тэр хүн хаана байна вэ?» гэцгээж байлаа. 12 Ард олон Есүсийн талаар сэм ярьдаг байсан бөгөөд «Тэр бол сайн хүн» гэх хүн байхад «Сайн хүн биш. Олон түмнийг төөрөлдүүлж байна» гэх хүн ч байжээ. 13 Хүмүүс иудейн удирдагчдаас айж байсан тул Есүсийн талаар олны өмнө ярьдаггүй байв.
14 Баяр дундаа орох үед Есүс сүмд очоод сургаж эхлэв. 15 Иудейчүүд: «Энэ хүн сургуульд* сураагүй атлаа Судрыг ямар сайн мэддэг юм бэ?» гэж гайхаж байлаа. 16 Хариуд нь Есүс: «Би өөрийнхөө биш, намайг илгээсэн нэгний сургаалыг заадаг. 17 Хэрэв хүн Бурхны хүслийг биелүүлэхийг хүсдэг бол Бурхны сургадгаар заадаг уу, санаан зоргоор заадаг уу гэдгийг минь мэднэ. 18 Санаан зоргоор ярьдаг хүн өөртөө алдар нэр хайдаг. Харин өөрийг нь илгээсэн нэгнийг алдаршуулахыг хүсдэг хүн үнэнийг ярьдаг бөгөөд тийм хүнд худал хуурмаг үгүй. 19 Мосе та нарт Хууль өгсөн, тийм биз дээ? Гэхдээ та нарын хэн нь ч тэр Хуулийг биелүүлдэггүй. Та нар яагаад намайг алах гэж оролдоно вэ?» гэхэд 20 олон түмэн: «Танд чөтгөр шүглэжээ. Хэн таныг алах гэсэн юм бэ?» гэж хариулав. 21 Есүс: «Амралтын өдөр гайхамшиг үйлдэхэд та нар бүгдээрээ гайхсан. 22 Бодоод үз дээ. Хөвч таслах тухай хуулийг Мосе та нарт өгсөн. Гэхдээ энэ хууль Мосегийн үеэс биш, эцэг өвгөдийн үеэс эхлэлтэй. Тэгээд та нар Амралтын өдөр хөвч тасалдаг. 23 Мосегийн хуулийг зөрчихгүйн тулд та нар Амралтын өдөр хөвч тасалдаг атлаа намайг Амралтын өдөр хүн эдгээлээ гэж уурлан хилэгнэнэ үү? 24 Харснаараа шүүдгээ больцгоо. Үнэн мөнөөр нь л шүүцгээ» гэж хэлэв.
25 Тэгэхэд Иерусалимын зарим оршин суугч: «Энэ чинь тэдний алах гээд байгаа нөгөө хүн мөн биз дээ? 26 Харин одоо олны өмнө ярьж байхад нь тэд юу ч хэлэхгүй юм. Манай удирдагчид энэ хүнийг Христ гэж баттай мэдсэн юм байх даа? 27 Бид энэ хүний хаанаас ирснийг мэднэ. Харин Христийг ирэхэд хаанаас ирснийг нь хэн ч мэдэх учиргүй шүү дээ» гэлцэв. 28 Тэгээд Есүс сүмд сургаж байхдаа чангаар «Та нар намайг мэднэ, хаанаас ирснийг минь ч мэднэ. Би өөрийнхөө дураар ирээгүй. Харин намайг илгээсэн Нэгэн үнэхээр байдаг. Та нар түүнийг мэддэггүй. 29 Би түүнийг мэднэ. Яагаад гэвэл би төлөөлөгч нь бөгөөд тэр намайг явуулсан» хэмээв. 30 Тиймээс тэд Есүсийг барих гэж оролдсон ч хэн ч түүнд гар хүрсэнгүй. Учир нь цаг нь хараахан болоогүй байлаа. 31 Гэвч цугласан хүмүүсийн дундаас олон хүн түүнд итгэдэг болов. Тэд: «Христ ирээд энэ хүний үйлдсэн гайхамшгаас илүүг үйлдэнэ гэж үү?» гэцгээв.
32 Олон түмэн Есүсийн тухай сэм ярилцахыг фарисайчууд сонсжээ. Тэгээд ахлах тахилчид болон фарисайчууд Есүсийг бариулахаар харуулуудыг явуулав. 33 Тэгэхэд Есүс: «Намайг илгээсэн Нэгэн рүү явахаасаа өмнө би та нартай хэсэг зуур хамт байна. 34 Та нар намайг хайсан ч олохгүй. Байгаа газар минь очиж чадахгүй» гэж хэлэв. 35 Тиймээс иудейчүүд: «Бид олохооргүй ямар газар явах гэж байгаа юм бол оо? Грекчүүдийн дунд суурьшсан иудейчүүд рүү очоод грек хүмүүст заах гээгүй байлтай. 36 “Та нар намайг хайсан ч олохгүй. Байгаа газар минь очиж чадахгүй” гэдэг нь юу гэсэн үг вэ?» гэцгээв.
37 Баярын сүүлийн өдөр буюу хамгийн чухал өдөр болоход Есүс босоод чанга дуугаар «Цангасан хүн байвал над руу ир. Би уух юм өгье. 38 Хэн надад итгэнэ, “тэр хүний сэтгэлийн угаас амь өгөх ус оргилно” гэж Сударт бичсэнчлэн байх болно» гэв. 39 Энэ нь Есүст итгэдэг хүмүүсийн авах гэж байсан Бурхны агуу хүчний тухай хэлсэн хэрэг бөгөөд тэд үүнийг аваагүй байлаа. Учир нь Есүс хараахан алдаршаагүй байв. 40 Энэ үгийг сонссон зарим хүн: «Энэ хүн үнэхээр Зөнч мөн байна» гэхэд 41 «Христ мөн байна» гэх хүн ч байв. Харин зарим нь: «Христ Галилаас гарах юм гэж үү? 42 Христийг Давидын удмынх бөгөөд Давидын тосгон гэгддэг Бетлехемээс гарна гэж сударт бичээгүй бил үү?» гэж байлаа. 43 Ийнхүү Есүсээс болж олон түмний дунд хагарал гарчээ. 44 Гэхдээ зарим хүн Есүсийг барих гэж байсан ч хэн ч түүнд гар хүрсэнгүй.
45 Харуулуудыг буцаж ирэхэд ахлах тахилчид болон фарисайчууд: «Та нар яагаад түүнийг барьж авчирсангүй вэ?» гэхэд 46 «Хэн ч, хэзээ ч энэ хүн шиг яриагүй» гэж өчив. 47 Тэгтэл фарисайчууд: «Та нар бас хууртчихав уу? 48 Захирагчид болон фарисайчуудаас нэг нь ч түүнд итгээгүй шүү дээ. 49 Харин Хуулийг мэддэггүй энэ ард олон хараагдсан билээ» гэж хэлжээ. 50 Урьд нь Есүстэй уулзаж байсан Никодем гэдэг фарисай: 51 «Манай Хуулиар бол эхлээд хүнийг сонсоогүй, юу хийснийг нь мэдээгүй байж шүүдэг бил үү?» гэхэд 52 тэд: «Та ингэхэд Галилынх юм биш биз? Судрыг судлаад ямар ч зөнч Галилаас гарахгүйг мэдэж ав» гэж хэлэв.*