Матайн бичсэн сайн мэдээ
26 Есүс энэ бүгдийг ярьсныхаа дараа шавь нартаа 2 «Хоёр хоногийн дараа Дээгүүр өнгөрөх баяр* болохыг та нар мэдэж байгаа. Тэр өдөр хүний Хүү баригдаж шонд хадуулна» гэжээ.
3 Тэр үед тахилчид, ард олны ахлагчид тэргүүн тахилч Каяафын хашаанд цуглаад 4 башир арга хэрэглэн Есүсийг баривчилж, алахаар хуйвалджээ. 5 Гэхдээ тэд: «Баяраар болохгүй. Эс тэгвэл ард олны дунд үймээн гарна» гэцгээжээ.
6 Есүсийг Бетанд, уяман өвчтэй байсан Симоныд байхад 7 их үнэтэй, анхилуун үнэрт тос бүхий гөлтгөнөн сав барьсан эмэгтэй ирээд хоол идэж байхад нь толгойг нь тосолжээ. 8 Үүнийг хараад шавь нар нь дургүйцэж «Хайран юмыг ингэж үрэх гэж! 9 Энэ тосыг өндөр үнээр зараад мөнгийг нь ядууст өгч болох байсан шүү дээ» гэцгээв. 10 Есүс үүнийг мэдээд «Та нар энэ эмэгтэйг юунд гомдооно вэ? Надад сайн юм хийлээ. 11 Ядуус та нартай үргэлж хамт байна. Харин би та нартай үргэлж хамт байхгүй. 12 Энэ эмэгтэй намайг анхилуун үнэрт тосоор тосолж оршуулахад бэлдсэн юм. 13 Сайн мэдээ дэлхийн хаана ч тунхаглагдсан, энэ эмэгтэйн юу хийснийг дурсаж ярина гэдгийг би та нарт батлан хэлье» хэмээжээ.
14 Дараа нь 12 элчийн нэг Искариот Юудас гэгддэг хүн ахлах тахилчид руу очоод 15 «Түүнийг та нарт барьж өгвөл надад юу өгөх вэ?» гэхэд тэд 30 мөнгөн зоос өгөхөөр тохиров. 16 Ингээд Юудас тэр мөчөөс эхлэн Есүсийг барьж өгөх аятай боломжийг хайх болжээ.
17 Исгээгүй талхны баярын эхний өдөр шавь нар нь ирээд Есүсээс «Дээгүүр өнгөрөх баярын зоогийг хаана бэлдүүлмээр байна вэ?» гэж асуулаа. 18 Есүс: «Та нар хотод оч. Тэнд нэг хүнтэй таарна. Тэр хүнд “«Үхэх цаг минь ойртож байна. Би танайд Дээгүүр өнгөрөх баярыг шавь нартайгаа тэмдэглэнэ» гэж багш хэлүүллээ” гээрэй» хэмээхэд 19 шавь нар хэлсэн ёсоор нь хийж, Дээгүүр өнгөрөх баярт бэлджээ.
20 Орой болоход Есүс арван хоёр шавьтайгаа ширээнд сууж байв. 21 Шавь нараа хоол идэж байхад нь «Би та нарт батлан хэлье. Та нарын нэг надаас урвана» гэжээ. 22 Үүнийг сонсоод тэд бүгдээрээ ихэд шаналж «Эзэн, би биш биз дээ?» гэхэд 23 «Надтай хамт тавагнаас идэж байгаа хүмүүсийн нэг нь надаас урвана. 24 Хүний Хүү өөрийнх нь талаар бичсэний дагуу явж байгаа нь үнэн. Гэхдээ хүний Хүүгээс урвах тэр хүн зовно! Тэр хүн төрөөгүй бол дээр байх байсан юм» гэж хэлэв. 25 Түүнийг барьж өгөх гэж байсан Юудас: «Рабби, би биш биз дээ?» гэж асуухад «Чи өөрөө хэллээ» хэмээн Есүс хариулжээ.
26 Тэднийг хоол идэж байхад Есүс талх аваад залбирав*. Тэгээд талх хувааж шавь нартаа өгөөд «Аваад идэцгээ. Энэ нь миний биеийг бэлгэддэг» гэлээ. 27 Дараа нь аягатай дарс авч талархан залбираад шавь нартаа өгч «Бүгдээрээ ууцгаа. 28 Энэ нь олны нүглийг уучлуулахын тулд урсах “гэрээний цусыг” минь бэлгэддэг. 29 Би Эцгийнхээ Хаант төрд та нартай хамт шинэ дарс уух өдрийг хүртэл дарс огт уухгүй» гэжээ. 30 Тэгээд Бурхныг магтан дуулав. Дараа нь Чидун уул руу явжээ.
31 Есүс тэдэнд «Өнөө шөнө надад тохиолдох явдлаас болж та нар бүгд бүдэрнэ. Яагаад гэвэл “Би хоньчныг цохиход хонин сүрэг тарж бутарна” гэж бичсэн байдаг. 32 Гэхдээ Бурхан намайг амилуулахад би та нараас түрүүлж Галилд очно» гэж хэлсэнд 33 Петр: «Танд тохиолдох явдлаас болж бүгдээрээ бүдэрсэн ч, би хэзээ ч бүдрэхгүй!» гэж хэллээ. 34 Тэгэхэд нь Есүс: «Би чамд батлан хэлье. Өнөө шөнө азарган тахиа донгодохоос өмнө чи намайг гурвантаа үгүйсгэнэ» гэжээ. 35 Петр: «Тантай хамт үхэх болсон ч би таныг яасан ч үгүйсгэхгүй» гэхэд бусад шавь бас тэгж хэлжээ.
36 Тэгээд Есүс шавь нартайгаа Гетсемани гэдэг газар ирээд «Намайг тэнд очоод залбирах зуур энд сууж бай» гэж хэлээд 37 Петр болон Зебедэйн хоёр хүүг дагуулж явав. Тэр мөчөөс Есүсийн сэтгэл тавгүйтэж, ихэд шаналан 38 «Би үхтэлээ шаналж байна. Энд бай. Надтай хамт сэргэг бай» гэж хэлээд 39 тэднээс жаахан зайдуу газар очиж, сөхөрч суугаад газар хүртэл бөхийн «Эцэг минь, боломжтой бол энэ аягыг надаас холдуулаач. Гэхдээ миний хүслээр биш, таны хүслээр болог» гэж залбирав.
40 Эргэж ирэхэд гурван шавь нь унтаж байлаа. Есүс Петрт «Та нар надтай хамт ганцхан цаг сэрүүн байж чадсангүй юу? 41 Хорхой хүргэм зүйлд дийлдэхгүйн тулд сэрэмжтэй бай, залбираад байж бай. Хүн зөв юм хийхийг хүсдэг ч махан бие* сул дорой байдаг» гэж хэлэв. 42 Есүс дахин явж «Эцэг минь, надад уулгахгүйгээр энэ аягыг холдуулж болохгүй юм бол таны хүслээр болог» гэж залбирав. 43 Буцаж ирэхэд нь шавь нар бас л унтаж байв. Тэд үнэхээр нойрондоо дийлджээ. 44 Тэгээд Есүс дахиж яваад өмнө хэлснээ хэлэн гурав дахь удаагаа залбирав. 45 Шавь нар луугаа буцаж ирээд «Ийм цагт та нар унтаж амарч байх ч гэж дээ! Хүний Хүүг урвагч нүгэлтнүүдэд барьж өгөх цаг боллоо! 46 Бос, явцгаая. Цаана чинь, урвагч ирж байна» гэж хэллээ. 47 Ийн ярьж байтал 12 элчийн нэг Юудас ахлах тахилч, ард олны ахлагчдын явуулсан, илд, бороохой барьсан бөөн хүнийг дагуулж ирэх нь тэр.
48 Есүсээс урвасан этгээд тэдэнд дохио өгөх тухайгаа хэлж, «Миний үнсэх хүн бол тэр хүн юм. Түүнийг бариарай» гэсэн байжээ. 49 Юудас Есүс рүү шууд очоод «Амар байна уу, Рабби?» гэж хэлээд үнсэхэд 50 Есүс: «Чи ямар хэргээр ирэв?» гэхэд хүмүүс хүрч ирээд Есүсийг барилаа. 51 Тэгтэл Есүстэй хамт байсан хүмүүсийн нэг нь илдээ сугалж тэргүүн тахилчийн боолын чихийг цавччихжээ. 52 Тэгэхэд Есүс: «Илдээ хуйнд нь хий. Учир нь илд агсагч бүхэн илдээр хөнөөгдөнө. 53 Намайг 12 легионоос* ч олон тэнгэрийн элчийг яг одоо илгээгээч гэж Эцгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу? 54 Ингэж гуйвал ийм явдал болно гэсэн Судрын зөгнөл яаж биелэх билээ?» хэмээгээд 55 өнөөх хүмүүст хандан «Та нар дээрэмчин барих гэж байгаа юм шиг илд, бороохойтой ирж намайг барих гээ юү? Би өдөр бүр сүм дотор зааж сургаж байсан. Тэгэхэд та нар намайг бариагүй. 56 Гэхдээ болох ёстой юм болдгоороо болж байна. Ийм юм болохыг зөнчид бичсэн байсан» гэж хэллээ. Шавь нар нь бүгдээрээ түүнийг хаяад зугтав.
57 Есүсийг баривчилсан хүмүүс түүнийг тэргүүн тахилч Каяафынд авчирлаа. Тэнд хуулийн багш нар, ард олны ахлагчид цугласан байв. 58 Харин Петр холуур дагаж явсаар тэргүүн тахилчийн хашаан дотор ороод энэ явдал юугаар дуусахыг мэдэх гэж зарц нартай нь хамт хүлээж суув.
59 Ахлах тахилчид болон Иудейн дээд шүүхийнхэн* бүгдээрээ Есүсийг алахын тулд худал мэдүүлэг өгөх хүмүүсийг хайж байв. 60 Олон хүн худал мэдүүлэг өгсөн боловч Есүсийг буруутгах баримт олдсонгүй. Эцэст нь хоёр хүн гарч ирэн 61 «Энэ хүн: “Би Бурхны сүмийг нураагаад гурван өдрийн дотор барьж чадна” гэж хэлж байсан» гэхэд 62 тэргүүн тахилч босож, Есүсээс «Чамд хэлэх юм алга уу? Энэ хүмүүс чамайг юу гэж буруутгаж байгааг дуулав уу?» гэж асуусан ч 63 Есүс дуугарсангүй. Тэгэхээр нь тэргүүн тахилч: «Чи үнэнээ хэлэхгүй бол амьд Бурханд худал хэлсэн хэрэг болно! Чи Бурхны Хүү, Христ мөн юм уу?» гэж асуулаа. 64 Есүс: «Таны хэлдэг зөв. Гэхдээ би та нарт нэг юм хэлье. Үүнээс хойш та нар хүний Хүүг Хүчирхэг нэгний баруун талд суухыг, үүлэн дунд ирэхийг харна» хэмээхэд 65 тэргүүн тахилч хувцсаа хүү татан «Энэ хүн Бурхныг доромжиллоо! Өөр гэрчийн хэрэг байна уу? Бурхныг доромжлохыг нь та нар өөрсдөө сонслоо шүү дээ. 66 Та нар юу гэж бодож байна вэ?» гэхэд тэд: «Үхлийн ял оноох нь зүйтэй» гэж хариуллаа. 67 Тэгээд Есүсийн нүүр лүү нулимж, цохив. Зарим нь алгадаж, 68 «Христ гуай, чи зөнч мөн юм бол хэн цохисныг хэлээд аль» гэлцэв.
69 Энэ үед хашаан дотор сууж байсан Петр лүү нэг зарц охин ирээд «Та Галилын Есүстэй хамт байсан шүү дээ!» гэлээ. 70 Гэвч Петр бүх хүний өмнө үүнийг үгүйсгэж «Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна» гэж хэлэв. 71 Хашааны хаалга руу дөхөж яваа Петрийг өөр нэг охин таниад тэнд байсан хүмүүст «Энэ хүн Назарын Есүстэй хамт байсан» гэж хэлжээ. 72 Петр үүнийг бас үгүйсгэж, «Би тэр хүнийг танихгүй!» гэж зүтгэв. 73 Удалгүй, тэнд байсан хүмүүс дөхөж ирээд Петрт «Чи тэдний нэг гарцаагүй мөн байна. Аялгатай ярьж байна шүү дээ» гэхэд 74 Петр: «Хэрэв би худал хэлбэл надад хараал хүрэг! Би тэр хүнийг танихгүй!» гэж хэлмэгц азарган тахиа донгодов. 75 Тэгэхэд Петр «Азарган тахиа донгодохоос өмнө чи намайг гурван удаа үгүйсгэнэ» гэж Есүсийн хэлснийг саналаа. Петр гадагш гарч, ихэд харамсан цурхиран уйлав.