Левит
11 Дараа нь Ехова Мосе Аарон хоёрт 2 «Израйлчуудад ингэж хэл. “Газар дээрх дараах амьтдыг та нар идэж болно. 3 Салаа туурайтай болон туурайных нь салаа бүрэн салангид, мөн сэвсээ хивдэг амьтдыг идэж болно.
4 Харин сэвсээ хивдэг, салаа туурайтай амьтдаас дараахыг идэж болохгүй. Тэмээ сэвсээ хивдэг ч салаа туурайгүй учраас та нарын хувьд бузар юм. 5 Бас хадны дорго сэвсээ хивдэг ч салаа туурайгүй учраас та нар бузар гэж үзэх ёстой. 6 Молтогчин туулай сэвсээ хивдэг ч салаа туурайгүй учраас та нар бузар гэж үз. 7 Гахай салаа туурайтай, туурайных нь салаа бүрэн салангид ч сэвсээ хивдэггүй учраас та нар бузар гэж үзэх ёстой. 8 Та нар эдгээрийн махыг идэж болохгүй, хүүрт нь ч хүрч болохгүй. Эдгээрийг та нар бузар гэж үзэгтүн.
9 Далай тэнгис, гол мөрөн гээд усанд амьдардаг аливаа амьтдын дотроос сэлүүр, хайрстай ямар ч амьтныг та нар идэж болно. 10 Харин далай тэнгис, гол мөрөн гээд усанд амьдардаг сэлүүр, хайрсгүй амьтад, түүний дотор сүргээрээ амьдардаг ямар ч жижиг амьтныг та нар бузар гэж үзэх ёстой. 11 Эдгээр нь та нарын хувьд жигшүүртэй учраас махыг нь идэж болохгүй. Хүүр сэгийг нь ч жигших ёстой. 12 Усанд амьдардаг сэлүүр, хайрсгүй ямар ч амьтныг та нар жигшигтүн.
13 Дараах жигүүртэн амьтдыг та нар жигших ёстой. Жигшүүртэй болохоор идэж болохгүй. Үүнд: бүргэд, загасч явлаг, хар тас, 14 улаан элээ, бүх төрлийн хар элээ, 15 бүх төрлийн хэрээ, 16 тэмээн хяруул, шар шувуу, цахлай, бүх төрлийн шонхор, 17 жижиг шар шувуу, гогой, урт чихт шар шувуу, 18 хун, хотон, тас, 19 өрөвтас, бүх төрлийн дэглий, өвөөлж, сарьсан багваахай орно. 20 Мөн дөрвөн хөлтэй бүх төрлийн далавчит шавжийг та нар жигших ёстой.
21 Дөрвөн хөлтэй бүх төрлийн далавчит шавжаас та нар хөлдөө газар дээгүүр дэвхрэх үе мөчтэйг нь л идэж болно. 22 Үүнд: нүүдлийн царцааны төрлүүд, идэж болох өөр царцаанууд, хүрэлзгэнэ, дэвхрэг орно. 23 Дөрвөн хөлтэй бусад бүх далавчит шавжийг та нар жигших ёстой. 24 Эдгээрээр та нар бузартах бөгөөд үхсэн биед нь хүрсэн хүн орой болтол бузар байна. 25 Үхсэн биеийг нь авч хаясан хүн хувцсаа угаах ёстой. Тэрбээр орой болтол бузар байна.
26 Салаа туурайтай боловч туурайных нь салаа бүрэн салангид биш, мөн сэвсээ хивдэггүй ямар ч амьтныг та нар бузар гэж үзэх ёстой. Тэдэнд хүрсэн хүн бузартана. 27 Дөрвөн хөлтэй амьтдаас дөрвөн савраараа явдаг амьтдыг та нар бузар гэж үзэх ёстой. Тэдгээрийн хүүрт хүрсэн хүн орой болтол бузар байна. 28 Хүүрийг нь зөөсөн хүн хувцсаа угаах ёстой бөгөөд орой болтол бузар байна. Тэдгээрийг та нар бузар гэж үзэх ёстой.
29 Газар дээрх дараах жижиг амьтдыг та нар бузар гэж үз. Үүнд: сохор номин, хулгана, бүх төрлийн гүрвэл, 30 геккон, том гүрвэл, гүлмэр, элсний гүрвэл, хамелеон орно. 31 Эдгээр амьтдыг та нар бузар гэж үзэх ёстой. Хүүр сэгэнд нь хүрсэн хүн орой болтол бузар байна.
32 Тэдгээр амьтад үхээд модон сав суулга, хувцас, арьс, таарын аль дээр нь ч унасан бай тэдгээр нь бузартана. Хэрэглэдэг сав суулган дээр унасан бол угаах ёстой бөгөөд тэр сав суулга орой болтол бузар байна. Тэгээд цэвэр ариун болно. 33 Шавар саван дээр унавал тэр савыг хагалах ёстой бөгөөд дотор нь байсан юм бузартана. 34 Тэр саван дотор байсан ус хоол хүнсэнд орвол тэр хоол хүнс бузартана. Мөн тэр саванд байсан ундны ус бузар болно. 35 Тэдгээр амьтны хүүр сэг унасан ямар ч юм бузартана. Талх барьдаг зуух, жижиг зуух байлаа ч хагалах ёстой. Тэдгээр нь бузар бөгөөд хэзээ ч цэвэр ариун болохгүй. 36 Булаг юм уу усны нөөцлүүрт бузар амьтны хүүр унавал булаг, усны нөөцлүүр цэвэр хэвээрээ үлдэх боловч тэр хүүрт хүрсэн хүн бузар болно. 37 Тарих гэж байгаа үрэн дээр тэдгээр амьтны хүүр сэг унавал тэр үр цэвэр хэвээрээ байна. 38 Харин үрэн дээр ус хийсэн үед дээр нь тэдгээр амьтны сэг зэм унавал тэр үр та нарын хувьд бузар болно.
39 Идэж болох ямар нэг амьтны хүүрт хүрсэн хүн орой болтол бузар байна. 40 Тэр үхсэн амьтны махнаас идсэн хүн хувцсаа угаах ёстой бөгөөд орой болтол бузар байна. Хүүрийг нь зөөсөн хүн ч хувцсаа угаах ёстой бөгөөд орой болтол бузар байна. 41 Газар дээрх жижиг амьтад жигшүүртэй учраас идэж болохгүй. 42 Хэвлээр явдаг эсвэл дөрөв болон дөрвөөс дээш хөлтэй тэдгээр тоо томшгүй жижиг амьтад жигшүүртэй юм. 43 Эдгээр жижиг амьтдаар өөрсдийгөө битгий жигшүүртэй болго, битгий бузарла. 44 Яагаад гэвэл би та нарын Бурхан Ехова. Би ариун учраас та нар өөрсдийгөө ариусгаж, ариун болох ёстой. Газар дээрх жижиг амьтдаар өөрсдийгөө битгий бузарла. 45 Ехова би, та нарын Бурхан гэдгээ батлахын тулд та нарыг Египетийн нутгаас гаргаж авчирсан. Би ариун учраас та нар ариун байх ёстой.
46 Энэ бол амьтад, жигүүртэн амьтад, усны амьтад, газар дээрх жижиг амьтдын талаарх хууль юм. 47 Үүний үрээр та нар бузар болон цэвэр ариун, идэж болдог амьтан болон идэж болдоггүй амьтныг ялгаж салгана”» гэж айлджээ.