Лукийн бичсэн сайн мэдээ
12 Тэр хооронд олон мянган хүн цугларсан учир хөл гишгэх зайгүй болов. Есүс юуны түрүүнд шавь нартаа «Фарисайчуудын хөрөнгөнөөс болгоомжил. Өөрөөр хэлбэл тэдэнд хууртахаас сэрэмжил. 2 Гэхдээ илрэхээргүйгээр нууцалсан юм гэж байхгүй. Илчлэгдэхгүйгээр нуусан юм гэж байхгүй. 3 Тиймээс харанхуйд ярьсан чинь гэрэлтэйд сонсогдоно, дотоод өрөөндөө шивнэж хэлсэн чинь дээвэр дээрээс зарлагдана. 4 Анд нөхөд минь, бие махбодыг хөнөөхөөс өөр юу ч хийж чадахгүй хүмүүсээс бүү ай. 5 Харин хэнээс эмээхийг хэлж өгье. Хөнөөгөөд Гехеннад* хаях эрх мэдэлтэй Нэгнээс эмээ. Тийм ээ, тэр Нэгнээс эмээгтүн. 6 Таван бор шувууг хоёрхон зоосоор* зардаг биз дээ? Гэвч нэгийг нь ч Бурхан мартдаггүй. 7 Та нарын толгой дээрх үсийг ч тоо ширхгээр нь мэддэг. Бүү санаа зов. Та нар олон бор шувуунаас ч илүү үнэ цэнтэй.
8 Надад итгэдгээ хүмүүст тунхагладаг хэнийг ч би миний шавь гэж Бурхны тэнгэрийн элчүүдэд хэлнэ. 9 Харин надад итгэдгээ хүмүүсийн өмнө үгүйсгэдэг хэнийг ч би миний шавь биш гэж Бурхны тэнгэрийн элчүүдэд хэлнэ. 10 Хүний Хүүг эсэргүүцэн ярьсан хэнийг ч Бурхан уучилна. Харин агуу хүчийг нь муугаар хэлсэн* хэнийг ч уучлахгүй. 11 Та нарыг цугласан олон, захирагчид, эрх мэдэлтнүүд рүү авч очиход өөрийгөө өмгөөлж юуг, яаж ярих билээ гэж зовох хэрэггүй. 12 Учир нь юу ярих ёстойг чинь Бурхан тэр үед агуу хүчээрээ заана» гэж хэлжээ.
13 Тэгтэл цугласан олны дундаас нэг хүн: «Багш аа, өв хөрөнгөө надтай хуваа гэж ахад минь хэлж өгөөч» гэхэд 14 Есүс: «Хүн гуай, хэн намайг та хоёрын шүүгч, өмч хуваагчаар томилсон юм бэ?» 15 гэснээ тэдэнд хандан «Сэрэмжтэй бай. Шунахай байхаас болгоомжил. Учир нь хүн баян чинээлэг байлаа ч амь нас нь эд баялгаас нь шалтгаалдаггүй» гэж хэлэв. 16 Тэгээд жишээ татан тэдэнд ингэж ярьжээ. «Нэг баян хүний талбай арвин их ургац өгчээ. 17 Өнөөх хүн “Ургацаа хадгалах газаргүй би одоо яадаг билээ?” гэж боджээ. 18 Тэгээд “За, ингэдэг хэрэг. Агуулахуудаа буулгаж, томыг бариад ургацаа ч, эд хөрөнгөө ч хадгалъя. 19 Тэгээд би өөртөө «Олон жил хэрэглэх хөрөнгө байна. Санаа амар бай, идэж уу, зугаацаж цэнгэ» гэж хэлнэ” хэмээжээ. 20 Гэтэл Бурхан түүнд “Мунхаг хүн ээ, өнөө шөнө чи үхнэ*. Тэгэхээр, хурааж хуримтлуулсныг чинь хэн авах вэ?” гэжээ. 21 Өөрийнхөө төлөө эд хөрөнгө хураадаг хүнд ийм явдал тохиолдоно. Тийм хүн Бурхны хувьд ядуу юм» гэж өгүүлэв.
22 Тэгээд шавь нартаа хандаж ийн ярив. «Тиймд юу идэх билээ, юу өмсөх билээ гэж амийнхаа төлөө санаа зовохоо боль гэж та нарт захья. 23 Яагаад гэвэл амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү чухал. 24 Хэрээг бодоод үз дээ. Тариа тарьж, ургац хураадаггүй, агуулах ч байдаггүй. Гэхдээ Бурхан хэрээг тэжээдэг. Та нар шувуунаас илүү үнэ цэнтэй биш гэж үү? 25 Та нараас хэн нь санаа зовсноороо насаа бага* ч гэсэн уртасгаж чадах вэ? 26 Ийм өчүүхэн юм хийж чадахгүй байж бусад юманд санаа зовох хэрэг юу байна вэ? 27 Сараана цэцэг хэрхэн ургадгийг бод. Сараана цэцэг ажил хийдэггүй, утас ээрдэггүй. Гэхдээ сүр жавхлант Соломон хааны ганган хээнцэр хувцас ч энэ цэцгийн сайхныг гүйцээгүйг би та нарт хэлье. 28 Өнөөдөр ургаж маргааш хагдрах* цэцэг навчийг Бурхан ингэж гоёдог юм бол та нарыг бүр ч илүү хувцаслана биз дээ, итгэл багатай хүмүүс ээ? 29 Тиймээс юу идэж, уух билээ гэж санаа зовдгоо боль. 30 Яагаад гэвэл харь үндэстнүүд* эдгээрийн хойноос уйгагүй явдаг. Гэхдээ Эцэг тань энэ бүхэн та нарт хэрэгтэйг мэддэг. 31 Тиймээс Бурхны Хаант төрийг үргэлж эн тэргүүнд тавьж амьдрагтун. Тэгвэл Бурхан та нарт энэ бүхнийг өгнө.
32 Өчүүхэн сүрэг ээ, бүү ай. Учир нь Эцэг тань та нарыг таалан соёрхож Хаант төрийн бүрэлдэхүүнд оруулах юм. 33 Эд хөрөнгөө зараад өрөвч сэтгэлээр ядууст өглөг өг. Хэзээ ч хуучиршгүй мөнгөний ууттай бол. Өөрөөр хэлбэл шавхагдашгүй баялгийг тэнгэрт хураа. Тэнд хулгайч ойртохгүй, хивэн эрвээхий идэхгүй. 34 Хүний эд хөрөнгө хаана байна, сэтгэл нь тэнд байдаг.
35 Хувцсаа өмсөөд бэлэн бай. Дэнгээ бүү бөхөө. 36 Эзэн нь хуримаас ирээд хаалга тогшмогц онгойлгоход бэлэн боол мэт бай. 37 Эзнээ ирэхэд сэргэг байсан боолууд жаргалтай. Эзэн нь өөрөө боолууддаа үйлчлэх гээд хувцас өмсөж, тэднийг ширээнд тухлуулаад, хоол унд өгөхийг батлан хэлье. 38 Эзнийгээ хоёрдугаар манаа*, бүр гуравдугаар манааны үед* ирэхэд бэлэн байсан боолууд жаргалтай! 39 Гэвч үүнийг мэдэгтүн. Хулгайч шөнийн хэдэн цагт ирэхийг гэрийн эзэн мэдэж байсан бол гэрээ ухуулахгүй шүү дээ. 40 Үүнчлэн та нар бас бэлэн бай. Учир нь хүний Хүү та нарын бодоогүй цагт ирнэ».
41 Тэгэхэд Петр: «Эзэн, та энэ жишээг зөвхөн бидэнд хэлж байна уу, эсвэл бүх хүнд хэлж байна уу?» гэж асуув. 42 Эзэн: «Эзэн нь зарц нартаа хоол ундыг хэрэгтэй хэмжээгээр цагт нь өгүүлж байхаар томилох итгэмжит нярав буюу ухаалаг нэгэн чухам хэн бэ? 43 Үүргээ биелүүлж байхад эзэн нь ирээд харвал тэр боол жаргалтай! 44 Би та нарт батлан хэлье. Эзэн нь бүх хөрөнгөө боолдоо хариуцуулна. 45 Хэрэв тэр боол “Манай эзэн ирэхгүй удаж байна” гэж бодоод эр эм бусад боолыг зоддог, идэж уудаг, архиддаг болбол 46 хүлээгээгүй өдөр, бодоогүй цагт нь эзэн нь ирж түүнийг хатуу шийтгэн, үнэнч бус хүмүүсийн дунд хаяна. 47 Эзнийхээ юу хүсдэгийг мэддэг атлаа ирэхэд нь бэлэн байгаагүй эсвэл хүссэн ёсоор нь үйлдээгүй өнөөх боолыг олон удаа ташуурдана. 48 Харин мэдэлгүйгээр ташуурдуулах хэрэг хийсэн хүнийг цөөн ташуурдана. Үнэндээ, хэнд ихийг өгсөн, түүнээс ихийг нэхнэ. Хэнд ихийг хариуцуулсан, түүнээс ихийг шаардана.
49 Би дэлхий дээр гал асаахаар ирсэн юм. Гал нэгэнт ассан. Тэгэхээр, би өөр юу хүсэх билээ? 50 Миний хүртэх ёстой баптисм бий. Энэ нь болж өнгөртөл би их шанална. 51 Та нар намайг энх тайвныг тогтоохоор дэлхий рүү ирсэн гэж бодож байна уу? Үгүй ээ, хагарал гаргахаар ирсэн. 52 Үүнээс хойш таван ам бүлтэй айлд гурав нь хоёрынхоо эсрэг, хоёр нь гурвынхаа эсрэг болж хагаралдана. 53 Эцэг нь хүүгийнхээ, хүү нь эцгийнхээ эсрэг, эх нь охиныхоо, охин нь эхийнхээ эсрэг, хадам эх нь бэрийнхээ, бэр нь хадам эхийнхээ эсрэг болж хагаралдана» гэж ярив.
54 Тэгээд Есүс олон түмэнд хандаж «Баруун зүгт үүл хурвал та нар “Шуурга тавих нь” гэдэг. Тэр нь ч үнэн байдаг. 55 Өмнө зүгээс салхилбал та нар “Халуу шатах нь” гэдэг. Үнэхээр ч тэгдэг. 56 Хоёр нүүртэй та нар тэнгэр ямар байхыг шинжиж чаддаг атлаа одоо болж байгаа үйл явдлын учрыг яагаад ойлгодоггүй юм бэ? 57 Юу нь зөв болохыг яагаад ухаарч ойлгодоггүй юм бэ? 58 Жишээ нь, заргалдагчтайгаа хамт захирагч руу явах замдаа учраа түргэн ол. Эс тэгвээс тэр чамайг шүүхэд өгч, шүүгч хуягт тушааж, хуяг шоронд хаях вий. 59 Чи сүүлчийн жижиг зоосыг* төлөхөөс нааш тэндээс гарахгүй гэдгийг би баталж хэлье» гэж өгүүлэв.