Элчүүдийн үйлс
13 Антиохын хурлын зөнч, багш нар нь Барнаб, Нигер гэгддэг Симеон, Күрений Лүки, Херод хаантай* хамт сурсан Манаен болон Саул байв. 2 Тэд Еховад* үйлчилж, мацаг барьж байлаа. Бурхан агуу хүчээрээ тэдэнд заавар өгч «Би Барнаб Саул хоёроор өөр ажил хийлгэхээр сонгосон учир тэднийг томил» хэмээжээ. 3 Тэд мацаг барьж, залбираад тэр хоёр дээр гараа тавьсны дараа явуулав.
4 Бурхан агуу хүчээрээ ийн илгээхэд тэд Селүк рүү, тэндээс усан онгоцоор Кипр арал руу явжээ. 5 Уг арлын Саламин хотод ирээд иудейчүүдийн синагогуудад Бурхны үгийг тунхаглаж эхлэв. Ёохан* тэдэнд тусалж байлаа.
6 Тэд Саламинаас арлын нөгөө захад байдаг Паф хот хүртэл дэлгэрүүлж явжээ. Пафт ирээд ид шидтэн, хуурамч зөнч Бар-Есүс гэдэг иудей эртэй таарав. 7 Өнөөх эр нутгийн захирагч* Серги Паулын дор ажилладаг байв. Захирагч ухаалаг хүн бөгөөд Бурхны үгийг сонсох гэж ихэд хүсэн Барнаб Саул хоёрыг дуудаж уулзав. 8 Гэтэл өнөөх шидтэн Елүм (орчуулбал шидтэн гэсэн үг) захирагчаа Эзэнд итгүүлэхгүй гэж оролдон тэднийг эсэргүүцлээ. 9 Тэгэхэд Паул гэгддэг Саул Бурхны агуу хүчээр удирдуулан, Елүмийн өөдөөс харж байгаад 10 «Чи бол заль мэхэнд идэгдэж, хар санаагаар дүүрсэн, зөв сайн бүхэнд дайсагнадаг, Диаволын хүү байна. Чи Еховагийн* замыг гажуудуулахаа болихгүй юм уу? 11 Ехова* чамайг шийтгэж чи хэсэг зуур гэрэл үзэхгүй» гэж хэлмэгц нүдийг нь өтгөн утаа бүрхэх мэт болж, харанхуйлав. Тэгээд Елүм хөтлөх хүн хайж тэмтчин явлаа. 12 Захирагч энэ бүхнийг үзээд Есүсийн дагалдагч болов. Учир нь Еховагийн* талаар мэдэж аваад гайхан биширсэн байлаа.
13 Паул хамтрагчидтайгаа Пафаас усан онгоцоор гарч Памфулын Пергт очив. Ёохан, тэр хоёрыг орхиод Иерусалим руу буцжээ. 14 Харин нөгөө хоёр Пергээс явж Писидийн Антиохт очив. Тэгээд Амралтын өдөр синагогт орж суулаа. 15 Хууль болон Зөнчдийн номноос уншсаны дараа синагогийн ахлагчид тэр хоёрт «Ах дүү нар аа, хэрэв та нар ард олныг урамшуулан зоригжуулах үг хэлье гэвэл одоо хэлэгтүн» гэж хэлүүлжээ. 16 Тэгэхээр нь Паул босож, чимээгүй байхыг дохиод
«Израйлчууд аа, Бурхнаас эмээдэг бусад хүмүүс ээ, сонсогтун. 17 Израйлын ард түмний Бурхан өвөг дээдсийг маань сонгон Египет нутагт харийн хүн мэт сууж байхад нь өргөмжилж, хүчирхэг мутраараа тэндээс гаргасан билээ. 18 Цөлд өнгөрүүлсэн 40 орчим жил тэдэнд тэвчээртэй хандаж, 19 Канаан нутгийн долоон үндэстнийг устгасан хойноо газар нутгийг нь өв болгон өгсөн. 20 Энэ бүхэн 450 орчим жилийн түүхтэй.
Дараа нь зөнч Самуелын үеийг хүртэл тэдний төлөө шүүгчдийг томилж байсан. 21 Гэвч хожим нь тэд хаантай болгож өгөхийг шаардахад Бурхан Бениамин овгийн хүн, Кишийн хүү Саулыг хаанаар томилсон бөгөөд тэрээр 40 жил захирсан. 22 Дараа нь Саулыг хаан ширээнээс буулгаад Давидыг хаан болгов. Бурхан: “Иессийн хүү Давид бол сэтгэлд минь нийцдэг, бүх хүслийг минь биелүүлэх хүн юм” хэмээн түүний талаар хэлсэн байдаг. 23 Бурхан амласнаа биелүүлж, Израйлын төлөө аврагч Есүсийг Давидын удмаас гаргаж ирсэн. 24 Есүсийг ирэхээс өмнө Ёохан Израйлын ард түмэнд гэмшсэнээ баталж баптисм хүртэхийг уриалж байсан. 25 Гэхдээ Ёохан ажлаа дуусгахаасаа өмнө “Та нар намайг хэн гэж боддог вэ? Би бол та нарын бодож байгаа хүн биш ээ. Араас минь ирэх хүний шаахайг ч тайлах хүндтэй хүн нь би биш” гэдэг байсан.
26 Абрахамаас гаралтай ах дүү нар аа, Бурхнаас эмээдэг бусад хүмүүс ээ. Аврах тухай энэхүү мэдээг Бурхан та бидэнд хүргүүлжээ. 27 Иерусалимын суугчид болон захирагчид тэр аврагчийг таниагүй. Түүнийг шүүснээр амралтын өдөр бүр нийтэд уншиж сонсгодог, Зөнчдийн үгийг биелүүлсэн юм. 28 Алах ямар ч шалтгаан олоогүй хэр нь Пилатыг шахсаар байгаад Есүсийг цаазлуулсан. 29 Түүний талаар бичигдсэн бүхнийг биелүүлчихээд шонгоос буулган авч булшинд тавьсан. 30 Харин Бурхан түүнийг амилуулсан. 31 Тэгээд Есүс өөрийг нь дагаж явсаар Галилаас Иерусалимд ирсэн шавь нартаа олон өдөр үзэгдсэн юм. Тэд одоо түүнийг ард олонд гэрчилж байна.
32 Бурхан өвөг дээдэст маань өгсөн амлалтын тухай сайн мэдээг бид та нарт тунхаглаж байна. 33 Бурхан Есүсийг амилуулан тэр амлалтаа үр удам нь болсон бидэнд бүрэн биелүүлсэн. Энэ талаар хоёрдугаар дуулалд: “Чи бол миний хүү. Өнөөдөр би чиний эцэг болсон” гэж байдаг. 34 Бурхан түүнийг амилуулсан бөгөөд тэр хэзээ ч ялзрахгүйг баталж “Давидад амласнаараа та нарыг үнэнчээр хайрлана. Миний хайр хувиршгүй” хэмээсэн. 35 Бас өөр нэгэн дуулалд “Та үнэнч нэгнээ ялзруулахгүй” гэсэн байдаг. 36 Давид насан туршдаа Бурханд үйлчилж байгаад нас барж, өвөг дээдсийнхээ дунд тавигдаж, ялзарсан. 37 Харин Бурхны амилуулсан нэгэн ялзраагүй билээ.
38 Ах дүү нар минь, үүнийг мэдтүгэй. Бурхан энэ хүний үхэлд үндэслэн та нарын нүглийг уучилж 39 энэ хүнд итгэдэг хүн бүрийг гэм буруугүйд тооцно. Харин Мосегийн хуулиар бол гэм буруугүйд тооцогдох ямар ч аргагүй. 40 Тиймээс Зөнчдийн хэлсэн нь та нарт тохиолдохоос болгоомжлогтун. 41 “Элэглэн дооглогч та нар гайхаж алмайр, устаж мөх. Би та нарын өдрүүдэд нэг юм хийнэ. Өөр хүн та нарт тэр тухай тодорхой хэлсэн ч та нар огт итгэхгүй” гэсэн үг байдаг» хэмээн ярив.
42 Тэр хоёрыг гарч явахад дараагийн Амралтын өдөр энэ талаар ярьж өгөхийг олон түмэн гуйж байлаа. 43 Синагогт цугласан олон тарж, иудейчүүд болон иудейн шашинтан болсон олон хүн Паул Барнаб хоёрыг дагаж явав. Бурхны нигүүлсэлд үргэлж багтаж явахыг тэр хоёр тэдэнд уриалж байлаа.
44 Дараагийн Амралтын өдөр Еховагийн* үгийг сонсох гэж хотынхон бараг бүгдээрээ цуглажээ. 45 Олон хүн ирж байгаад атаархсан иудейчүүд Паулыг эсэргүүцэн, хэлсэн ярьсныг нь гуйвуулах болов. 46 Тэгэхэд нь Паул Барнаб хоёр огтхон ч айлгүй «Уг нь, Бурхны үг эхлээд та нарт тунхаглагдах учиртай байсан. Гэтэл та нар хүлээж авахгүй, өөрсдийгөө мөнх амьтай болох зохистой хүн биш гэж үзэж байгаа учир бид харь үндэстнүүд рүү явлаа. 47 Учир нь Ехова*: “Би чамайг үндэстнүүдэд гэрэл болгон томиллоо. Чи дэлхийн хязгаар хүртэл хүмүүсийг аварна”* гэж хэлсэн юм» хэмээжээ.
48 Харь үндэстнүүд үүнийг сонсоод ихэд баярлан, Еховагийн* үгийг үнэлж эрхэмлэх болжээ. Мөнх амь руу хөтлөх үнэнийг хүлээж авах зөв хандлагатай бүх хүн Есүсийн дагалдагч болов. 49 Үүнчлэн Еховагийн* үг тэр хавийн нутгуудад түгэн дэлгэрэв. 50 Харин иудейчүүд Бурхнаас эмээдэг, нэр хүндтэй эмэгтэйчүүд болон хотын эрх мэдэл бүхий эрчүүдийг ятган Паул Барнаб хоёрын эсрэг үймээн өдөөж хотоосоо хөөн гаргахад 51 тэд хөлийнхөө тоосыг гөвөөд* Иконион руу явав. 52 Дагалдагчид баяр хөөрөөр цалгиж, Бурхны агуу хүчээр удирдуулж байлаа.