Ёоханы бичсэн сайн мэдээ
16 Та нарыг битгий бүдрээсэй гэсэндээ энэ бүхнийг ярилаа. 2 Хүмүүс та нарыг синагогоос хөөнө. Та нарыг алах хүн бүр өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж бодох цаг ирнэ. 3 Гэхдээ тэд Эцгийг ч, намайг ч мэдээгүйн улмаас ийм юм хийнэ. 4 Ийм явдал болох цагт миний хэлснийг санаасай гэсэндээ энэ бүхнийг ярилаа.
Эхлээд энэ тухай яриагүй. Яагаад гэвэл би та нартай хамт байсан. 5 Харин одоо би намайг илгээсэн Нэгэн рүү явж байна. Гэтэл та нарын нэг нь ч “Та хаашаа явж байгаа юм бэ?” гэж асуухгүй юм. 6 Энэ бүхнийг хэлснээс минь болж та нар гунигтай байгаа. 7 Гэхдээ та нарт үнэнийг хэлье. Би явбал та нарт тустай. Би явахгүй бол туслагч та нар луу ирэхгүй. Би яваад туслагчийг та нар луу явуулна. 8 Туслагч ирээд нүгэл гэж юу болох, Бурхны таалалд яаж нийцүүлэх, Бурхан хэнийг шүүхийг тодорхой илчилнэ. 9 Эхлээд нүгэл гэж юу болохыг илчилнэ. Яагаад гэвэл ертөнц надад итгэдэггүй. 10 Дараа нь, Бурхны таалалд нийцүүлдгийг минь илчилнэ. Учир нь би Эцэг рүүгээ явж байна. Та нар намайг дахиж харахгүй. 11 Түүнчлэн, Бурхан хэнийг шүүхийг тодорхой илчилнэ. Учир нь Бурхан ертөнцийн захирагчийг хэдийн шүүсэн.
12 Та нарт ярих юм надад одоо ч их байна. Гэхдээ одоо та нар ойлгож чадахгүй. 13 Харин тэр нэгэн* буюу үнэний дагуух хүч ирээд та нарыг удирдаж үнэнийг бүрэн гүйцэд ойлгуулна. Тэрээр санаан зоргоор ярихгүй. Харин сонссоноо ярина, ирэх юмсын тухай та нарт тунхаглана. 14 Тэр нэгэн надаас сонссоноо та нарт тунхаглаж намайг алдаршуулна. 15 Эцгийн бүх юм минийх. Тиймээс надаас сонссоноо тэрээр та нарт тунхаглана гэж би хэлсэн юм. 16 Удахгүй та нар намайг харахгүй. Бас удахгүй харна» хэмээв.
17 Тэгэхэд зарим шавь: «“Удахгүй та нар намайг харахгүй. Бас удахгүй харна”. “Учир нь би Эцэгтээ очиж байна” гэж юу яриад байгаа юм бол?» гэж ярилцав. 18 Тэд: «“Удахгүй” гэж юуг хэлээд байна вэ? Юу яриад байгааг нь ойлгохгүй юм» гэцгээжээ. 19 Шавь нар өөрөөс нь юм асуухыг хүсэж байгааг Есүс мэдээд тэдэнд ийн хэлэв. «“Удахгүй та нар намайг харахгүй. Бас удахгүй харна” гэснээс минь болоод та нар бие биеэсээ ингэж асуугаад байна уу? 20 Би батлан хэлье. Та нар уйлна, харин ертөнц баярлана. Та нар гашуудна. Гэхдээ уй гашуу тань баяр хөөрөөр солигдоно. 21 Амаржих цаг нь болоход эмэгтэй хүн өвдөж зовдог*. Харин амаржсан хойноо зовлонгоо дахиж санадаггүй. Яагаад гэвэл хүүхдээ төрүүлсэндээ баярладаг. 22 Үүнчлэн, та нар одоо гашуудаж байна. Гэхдээ би та нартай дахиж уулзана. Тэгэхэд та нар баярлана. Хэн ч та нарын баяр хөөрийг булааж авахгүй. 23 Тэр өдөр та нар надаас дахиж юу ч асуухгүй. Та нар миний нэрээр Эцгээс минь юу ч гуйсан, тэрээр та нарт өгөхийг би батлан хэлье. 24 Өнөөг хүртэл та нар миний нэрээр юу ч гуйгаагүй. Баяр баясгалангаа бялхаахын тулд гуй, гуйснаа та нар авна.
25 Эдгээрийг би жишээгээр ярьдаг байсан. Жишээ татаж ярихаа болих цаг ирж байна. Эцгийнхээ талаар та нарт шууд ярья. 26 Тэр өдөр та нар миний нэрээр Эцгээс минь гуйна. Энэ нь би та нарын өмнөөс гуйна гэсэн үг биш ээ. 27 Яагаад гэвэл Эцэг өөрөө та нарыг хайрладаг. Учир нь та нар намайг хайрласан бөгөөд Бурхны төлөөлөгч болж ирсэн гэдэгт минь итгэсэн. 28 Би Эцгийнхээ төлөөлөгч болж ертөнцөд ирсэн. Одоо би ертөнцийг орхиж, Эцэг рүүгээ явж байна».
29 Тэгэхэд шавь нар: «Та одоо жишээ татахгүй, шууд ярьж байна. 30 Та бүх юмыг мэддэг бөгөөд хэн ч юу ч асуух шаардлагагүй юм байна гэдгийг одоо мэдлээ. Иймээс Бурхан таныг явуулсан гэдэгт бид итгэж байна» гэцгээв. 31 Есүс: «Та нар одоо итгэж байна уу? 32 Та нар бүгдээрээ гэр гэр лүүгээ зугтаж, ганцааранг минь орхих цаг болох гэж байна. Үнэндээ, болчихоод байна. Гэхдээ би ганцаараа биш ээ. Эцэг минь хамт байна. 33 Миний ачаар амар амгалан байгаасай гэсэндээ би эдгээрийг та нарт хэллээ. Энэ ертөнцөд та нар зовно. Гэхдээ зоригтой байцгаа! Би ертөнцийг ялсан» хэмээв.