Галатчуудад бичсэн захидал
2 Арван дөрвөн жилийн дараа би Титийг дагуулж Барнабтай цуг Иерусалим руу дахиж явсан юм. 2 Тийшээ явахыг Эзэн тушаасан учир би Иерусалимд очоод эдүгээ харь үндэстнүүдэд тунхаглаж байгаа сайн мэдээг хүргэсэн билээ. Гэхдээ хүндэтгэл хүлээсэн хүмүүст л хэлсэн. Учир нь үр ашиггүй биш, зөв юм хийснээ, бас хийж байгаагаа баттай мэдэх гэснийх юм. 3 Надтай хамт байсан Тит грек хүн атал хэн ч түүнийг албадаж хөвч таслуул гэсэнгүй. 4 Харин хуурамч ах дүү нар энэ асуудлыг хөндсөн юм. Тэд хуралд сэм шургалан орсон бөгөөд Христ Есүстэй нэгдэж эрх чөлөөтэй болсон биднийг хорлож, улмаар бүрмөсөн боолчлох зорилготой байлаа. 5 Гэсэн ч бид тэдний эрхэнд хормын төдий ч ороогүй. Учир нь та бүхнийг сайн мэдээний үнэний дагуу амьдраасай гэснийх юм.
6 Харин эрхэм чухалд тооцогдож, (Тэд ямар хүн байсан нь надад хамаагүй. Учир нь Бурхан хүнийг гаднах байдлаар нь дүгнэдэггүй.) ихэд хүндлэгддэг хүмүүс надад шинэ юм заагаагүй. 7 Гэхдээ хөвч таслуулсан хүмүүст сайн мэдээ тунхаглах үүргийг Петрт оноосны адил хөвч таслуулаагүй хүмүүст тунхаглах үүргийг надад оноосныг, 8 Петрийг хөвч таслуулсан хүмүүсийн элчээр томилсон нэгэн намайг ч харь үндэстнүүдийн элчээр томилсныг тэд ойлгож, 9 намайг нигүүлссэнийг нь ухаарсан. Хурлын багана хэмээн хүндлэгддэг Яаков Кеф Ёохан гурав Барнаб бид хоёртой санал нийлж байгаагаа илэрхийлэн баруун гараа өгсөн бөгөөд бид харь үндэстнүүд рүү, тэд хөвчөө таслуулсан хүмүүс рүү явахаар болсон юм. 10 Ядуу дорой ах дүү нараа анхаарч байхыг л тэд бидэнд захисан бөгөөд би захиасыг нь биелүүлэхийг ихэд хичээж явсан.
11 Гэхдээ Кефийг Антиохт ирэхэд буруу юм хийснийг нь би шууд хэлсэн. 12 Уг нь, Кеф харь үндэстнүүдтэй хамт хоол иддэг байсан ч Яаковын явуулсан, хөвчөө таслуулсан хүмүүсийг ирэхэд айсандаа хамт хоол идэхээ больж, холдож хөндийрөв. 13 Бусад иудейчүүд ч түүнийг даган хоёр нүүр гаргасан. Барнаб хүртэл тэднийг дагав. 14 Ийнхүү сайн мэдээний үнэний дагуу явахгүй байгаа тэднийг би хараад бүгдийнх нь өмнө Кефт хандан «Та иудей хүн боловч иудей хүн шиг бус, харь үндэстэн шиг амьдардаг. Тэгсэн атлаа яагаад харь үндэстнүүдийг иудейн ёс заншлын дагуу амьдрахыг албадна вэ?» гэж хэлсэн.
15 Иудей болж төрсөн бид нүгэл үйлддэг харь үндэстэнтэй адилгүй бөгөөд 16 хууль сахидаг хүнийг бус, харин Есүс Христэд итгэдэг хүнийг л Бурхан зөв хүн гэж үздэгийг ойлгодог. Тиймээс бид хууль сахидгаараа бус, Христэд итгэдгээрээ Бурхны хувьд зөв хүн байх гэж Христ Есүст итгэсэн билээ. Учир нь хэн ч хуульд заасныг биелүүлсэн гээд шударга сайнд тооцогдохгүй. 17 Христэд итгэн Бурханд зөв хүн гэж тооцогдохыг эрмэлздэг биднийг нүгэлтэй гэх юм бол Христ нүгэл үйлдүүлэгч болох бус уу? Яавч ийм байх учиргүй! 18 Хэрэв би нураасан юмаа дахин босговол буруутайгаа баталж байгаа хэрэг болно. 19 Хуулиар бол би үхсэн. Хууль намайг үхүүлсэн. Энэ нь Бурханд үйлчлэхийн төлөө амьд болгохын тулд юм. 20 Би Христтэй хамт шонд хадуулсан. Амьд байгаа нь би биш, харин надтай нэгдсэн Христ юм. Одоо би, намайг хайрлаж, миний төлөө амиа өгсөн Бурхны Хүүд итгэдэг хүний ёсоор амьдарч байна. 21 Бурхан нигүүлсэнгүйг би үгүйсгэхгүй. Хууль сахиад Бурхны хувьд зөв хүн болдог юм бол Христ үхсэн нь дэмий хэрэг болж таарна.