Матайн бичсэн сайн мэдээ
13 Тэр өдөр Есүс байсан айлаасаа яваад нуурын орчим сууж байтал 2 их олон хүн өөр лүү нь ирэхэд завин дээр гарч суулаа. Цугласан хүмүүс эрэг дээр зогсож байв. 3 Тэгээд Есүс жишээ татан олон юм зааж эхлэв. «Тариачин гарч 4 үр цацжээ. Зарим үр замын хажуугаар унахад шувууд идчихжээ. 5 Зарим нь чулуурхаг газар унаад тэр даруй соёолов. Учир нь хөрс нь гүн биш ажээ. 6 Гэвч нар гарч халуу төөнөхөд үндэсгүй учраас хорчийн үхэв. 7 Зарим нь өргөст ургамлын дунд унажээ. Гэтэл өргөст ургамал томорч, соёолсон үрийг барьчихав. 8 Харин зарим үр сайн хөрсөнд унаж тариа будаа ургуулжээ. Нэг нь 100 дахин, нөгөө нь 60 дахин, гурав дахь нь 30 дахин их ургац өгөв. 9 Чихтэй нэг нь сонсог» гэлээ.
10 Тэгтэл шавь нар нь ирээд «Та тэдэнтэй ярихдаа яагаад жишээ татдаг юм бэ?» гэж асуусанд 11 Есүс: «Бурхны Хаант төрийн ариун нууц та нарт илчлэгддэг. Харин тэдэнд илчлэгдээгүй. 12 Мэдлэгтэй хүнийг мэдлэгээр улам их бялхаана. Мэдлэггүй хүний мэддэг багахан зүйл нь ч алга болно. 13 Тэд хардаг ч харснаа ухаардаггүй, сонсдог ч сонссоноо ойлгодоггүй бөгөөд алиных нь ч учрыг олдоггүй. Тиймээс би тэдэнтэй ярихдаа жишээ татдаг. 14 Тэдний тухайд Исаиагийн зөгнөл биелж байна. Исаиа: “Та нар сонсовч ухаарахгүй. Харавч ойлгохгүй. 15 Яагаад гэвэл энэ ард түмэн нүдээрээ харж, чихээрээ сонсон ухаарч, над руу эргэж, надаар эдгээлгэхгүй гээд зүрх сэтгэлээ хатууруулж, нүдээ анин, чихээ бөглөсөн” гэжээ.
16 Харин та нар хардаг, сонсдог учир жаргалтай. 17 Учир нь та нарын харж байгааг олон зөнч, шударга сайн хүн харахыг хүссэн ч харж чадаагүй, сонсож байгааг сонсохыг хүссэн ч сонсож чадаагүй юм шүү.
18 Одоо би та нарт тариачны тухай жишээг тайлбарлая. 19 Замын хажууд унасан үр бол Бурхны Хаант төрийн тухай мэдээ сонссон боловч ойлгоогүй хүн юм. Хорон муу нэгэн* түүн дээр ирж, зүрхэнд нь таригдсаныг булааж авдаг. 20 Чулуурхаг газар унасан үр бол мэдээ сонсмогцоо баярлан хүлээж авдаг хүн юм. 21 Гэвч үндэсгүй тул хэсэг зуур л ургана. Мэдээний улмаас зовлон, хавчлага тулгарахад мэдээнд итгэхээ даруй болино. 22 Өргөст ургамлын дунд унасны улмаас өөрөөсөө тариа ургуулдаггүй үр бол өнөө үеийн* амьдралдаа санаа зовдог, эд баялагт хууртдагаасаа болж сонссон мэдээгээ хайхардаггүй хүн юм. 23 Сайн хөрсөнд унаад тариа будаа ургуулдаг үр бол мэдээг сонсоод учрыг нь ойлгодог хүн юм. Нэг нь 100 дахин, нөгөө нь 60 дахин, гурав дахь нь 30 дахин их ургац өгнө» гэж өгүүлэв.
24 Тэрээр өөр нэг жишээ татан «Бурхны Хаант төрийг талбайдаа буудай* тарьсан хүнтэй зүйрлэж болно. 25 Хүмүүсийг унтаж байхад талбайн эзний дайсан ирж, буудайн дунд зэрлэг өвс тарьчихаад яваад өгчээ. 26 Буудайн түрүү ургахад зэрлэг өвс ч бас ялгарч эхлэв. 27 Тэгтэл боолууд ирж “Эзэнтэн, та талбайдаа буудай* тариагүй билүү? Гэтэл яагаад зэрлэг өвс ургадаг билээ?” гэж асуухад 28 “Дайсан үүнийг тарьжээ” гэв. Боолууд нь: “Тэгвэл бид явж зэрлэг өвсийг зулгаах уу?” гэхэд 29 “Хэрэггүй. Та нар зэрлэг өвсийг зулгаахдаа буудайг бас зулгаачих байх. 30 Ургац хураатал аль аль нь ургаг. Би тариа хураагчдад «Эхлээд зэрлэг өвсийг хурааж бөөгнүүлээд шатаа. Дараа нь буудайг хурааж, агуулахад минь авчир» гэж хэлнэ” гэжээ» хэмээн ярив.
31 Есүс дахин нэг жишээ татан «Бурхны Хаант төрийг талбайд тарьсан гичийн үртэй зүйрлэж болно. 32 Гичийн үр нь бүх үрээс хамгийн жижиг боловч ургахлаараа мод шиг томордог бөгөөд шувууд ирж, мөчир дээр нь үүрээ засдаг» гэв.
33 Тэрээр өөр нэг жишээ татан тэдэнд ийн сургажээ. «Тэнгэрийн Хаант төр нь талхны хөрөнгөтэй адил юм. Нэг эмэгтэй үүнийг гурван том хэмжүүр гурилд хийхэд бүхэлдээ исжээ».
34 Есүс хурсан олонд энэ бүгдийг жишээ татан ярив. Жишээ таталгүй ярьдаггүй байжээ. 35 Ийнхүү «Би жишээ татаж ярина. Эртнээс* нууц байсан зүйлсийг тунхаглана» хэмээсэн зөнчийн үг биелсэн хэрэг байв.
36 Тэрээр олон түмнийг явуулаад гэрт оров. Шавь нар нь хүрч ирээд «Талбайд ургасан зэрлэг өвсний жишээг бидэнд тайлбарлаж өгөөч» гэсэнд 37 Есүс: «Буудай* тарьсан нэгэн бол хүний Хүү, 38 талбай нь дэлхий юм. Буудайн үр* нь Бурхны Хаант төрийн хөвгүүд, зэрлэг өвс нь хорон муу нэгний хөвгүүд, 39 зэрлэг өвс тарьсан дайсан бол Диавол юм. Ургац хураах цаг нь энэ тогтолцооны* төгсгөлийн үе бөгөөд буудай хураагчид нь тэнгэрийн элчүүд юм. 40 Зэрлэг өвсийг хурааж галд шатаадаг. Түүнчлэн энэ тогтолцооны* төгсгөлийн үед ийм байх юм. 41 Хүний Хүү тэнгэрийн элчүүдээ илгээнэ. Тэнгэрийн элчүүд бусдаар нүгэл үйлдүүлдэг болон хорон юм хийдэг хүмүүсийг Бурхны Хаант төрөөс гаргаж 42 галтай зууханд хаяна. Тэнд тэд уйлж, шүдээ хавирна. 43 Тэр цагт шударга сайн хүмүүс Эцгийнхээ Хаант төрд нар мэт гийнэ. Чихтэй нэг нь сонсог.
44 Бурхны Хаант төрийг газар нуусан эрдэнэстэй зүйрлэж болно. Тэр эрдэнэсийг нэг хүн олоод буцаагаад нуужээ. Тэгээд баярласандаа явж хамаг юмаа зараад тэр газрыг худалдан авчээ.
45 Бурхны Хаант төрийг сайн чанарын сувд хайж яваа худалдаачинтай бас зүйрлэж болно. 46 Их үнэтэй сувд олоод тэр даруй байгаа бүхнээ зараад тэр сувдыг худалдан авчээ.
47 Бурхны Хаант төр нь бас төрөл бүрийн загас барихаар далайд хаясан тортой адил юм. 48 Загасчид тор дүүрэхлээр нь татаж эрэг дээр гаргаад сууж байгаад сайн загасыг саванд хийж, мууг нь хаяжээ. 49 Үүнтэй төстэй явдал энэ тогтолцооны төгсгөлийн үед* болно. Тэнгэрийн элчүүд ирж хорон хүмүүсийг шударга сайнаас нь тусгаарлаад 50 галтай зууханд хаяна. Тэнд тэд уйлж, шүдээ хавирна.
51 Та нар эдгээрийг ойлгов уу?» гэхэд тэд: «Ойлгосон» гэжээ. 52 Есүс тэдэнд «Та нар үүнийг ойлгосон учир би ингэж хэлье. Бурхны Хаант төрийн тухай олонд заадаг хэн боловч эрдэнэсийн сангаасаа шинэ, хуучныг гаргадаг гэрийн эзэнтэй адил юм» гэжээ.
53 Есүс жишээ татаж ярьчихаад тэндээс явав. 54 Түүнийг нутагтаа ирж, синагогт очиж, сургаал айлдаж эхлэхэд хүмүүс гайхан «Энэ хүн яаж ийм мэргэн ухаантай болов оо? Хэний хүчээр гайхамшиг үйлддэг юм бол? 55 Энэ чинь мужааны хүү биш бил үү? Эх нь Мариа, дүү нар нь Яаков, Иосеф, Симон, Юудас мөн биз дээ? 56 Охин дүү нар нь бидэнтэй хамт байгаа биз дээ? Яаж ийм ухаантай, чадвартай болов оо?» гэлцэн 57 түүнээс болж бүдрэв. Харин Есүс: «Зөнч нутаг ус, гэр орноосоо өөр газар хүндлэгддэг» гэж тэдэнд хэлжээ. 58 Өөрт нь итгэхгүй байсан учир тэнд олон гайхамшиг үйлдсэнгүй.