Хоёрдугаар Петр
1 Үнэлж баршгүй үнэнийг мэдээд бидэнтэй адил итгэдэг болсон хүмүүст Есүс Христийн боол, элч Симон Петр би бичиж байна. Бид энэхүү үнэнийг шударга Бурхан болон шударга Аврагч Есүс Христийн ачаар мэдэж авсан билээ.
2 Өөрийнх нь тухай болон Эзэн Есүсийн тухай үнэн зөв мэддэг та нарыг Бурхан улам их энэрэн нигүүлсэж, амар тайвныг арвин их соёрхох болтугай. 3 Өөрсдийг маань сонгосон сүр жавхлантай, сайхан сэтгэлтэй Бурхныг бид үнэн зөв мэддэг учир хүчирхэг Бурхан маань өөрт нь үнэнч амьдрахад хэрэгтэй бүхнээр хангадаг. 4 Сүр жавхлантай, сайхан сэтгэлтэй Бурхан бидэнд үнэлж баршгүй, эрхэм дээд амлалт өгсөн билээ. Тиймээс буруу хүслээс үүддэг ертөнцийн бузар булай бүхнээс зугтсан та бид Бурхан шигээ зан байдалтай болно.
5 Чухам ийм учраас хамаг хүчээ дайчлан бат итгэлтэй байхыг, бат итгэл дээр сайн юм хийхийг, сайн юм хийх дээр мэдлэгийг, 6 мэдлэг дээр биеэ захирахыг, биеэ захирах дээр тэвчээрийг, тэвчээр дээр Бурханд үнэнч байхыг, 7 Бурханд үнэнч байх дээр ах дүүгээ гэсэн сэтгэлийг, ах дүүгээ гэсэн сэтгэл дээр хайрыг нэмэхийн тулд чадах бүхнээ хий. 8 Хэрэв та нар ийм байдаг бөгөөд улам бүр нэмдэг бол бидний Эзэн Есүс Христийн талаарх үнэн зөв мэдлэгээ хэрэгжүүлж идэвхтэй байна, жимс ч ургуулна.
9 Харин ийм байх гэж хичээдэггүй хүн сохор бөгөөд гэрэл үзэх дургүй ажээ. Бурхан урьдын нүглийг нь арилгасныг мартжээ. 10 Тиймээс ах дүү нар аа, дуудагдсан, сонгогдсон хүний хувьд үнэнч байхын тулд чадах бүхнээ хийцгээ. Ингэвэл итгэлээсээ няцахгүй. 11 Улмаар бидний Эзэн, Аврагч Есүс Христийн үүрдийн Хаант төрд орох агуу ивээлийг хүртэнэ.
12 Иймд би та нарт эдгээрийг сануулахыг ямагт зорьдог. Уг нь та нар эдгээрийг мэддэг, мэддэг үнэнийхээ дагуу бат зогсдог. 13 Гэхдээ энэ асарт байгаа цагтаа та нарт сануулж байхыг би зөв гэж үздэг. 14 Эзэн Есүс Христ маань надад илчилсэн учир удахгүй асраасаа явахаа мэдэж байна. 15 Намайг явсны дараа та нар өөрсдөө санаж чаддаг байгаасай гэсэндээ би чадах бүхнээ хийнэ.
16 Бид Эзэн Есүс Христийн хүч чадал болон ирэх үеийн талаар та нарт ойлгуулахдаа зохиомол, үнэмшилтэй үг ярианд үндэслээгүй. Харин түүний сүр жавхланг бид нүдээрээ үзсэн. 17 Сүр жавхлант Бурхан Эцэг: «Энэ бол миний хайртай хүү. Би хүүгээ таалан соёрхдог» гэж хэлэн түүнийг алдаршуулж, хүндэлсэн юм. 18 Тийм ээ, бид ариун ууланд түүнтэй хамт байхдаа тэнгэрээс гарах энэ үгийг сонссон билээ.
19 Тиймээс зөгнөлүүд биелнэ гэдэгт бид илүү бат итгэдэг болсон. Үүр цайж, үүрийн цолмон гийтэл та нар харанхуй газар буюу зүрхэнд тань гэрэлтэх дэнтэй зүйрлэм зөгнөлүүдийг анхаарах нь зүйтэй. 20 Сударт байгаа нэг ч зөгнөл хүний санаанаас гараагүй гэдгийг та нар сайн мэддэг шүү дээ. 21 Учир нь зөгнөл бол хүний бодол биш, харин ариун хүчээр удирдуулдаг хүмүүс Бурхны илчилснийг хэлсэн хэрэг.