Ёоханы бичсэн сайн мэдээ
21 Үүний дараа Есүс шавь нартаа Тибэр нуурын эрэг хавьд дахин үзэгдэв. Ийнхүү үзэгдсэн юм. 2 Тэнд Петр гэгддэг Симон, Томас (Ихэр гэгддэг), Галилын Кана хотын Натанел, Зебедэйн хөвгүүд, мөн өөр хоёр шавь нь байжээ. 3 Петр гэгддэг Симон: «Би загасанд явлаа» гэхэд бусад нь: «Бид хамт явъя» гэв. Тэгээд явж, завинд сууцгаав. Гэвч шөнөжин загасчлаад юу ч барьсангүй.
4 Үүр цайх үед Есүс эрэг дээр зогсож байв. Гэвч шавь нар түүнийг таньсангүй. 5 Есүс: «Хүүхдүүд ээ, та нарт идэх юм* байна уу?» гэж асуухад тэд: «Байхгүй» гэж хариулав. 6 Есүс: «Завиныхаа баруун талд тороо хая. Тэгвэл загас баригдана» гэлээ. Тэд ч тороо хаяв. Зөндөө олон загас барьсан тул тороо татаж дийлсэнгүй. 7 Тэгэхэд Есүсийн хайртай шавь: «Энэ чинь Эзэн байна!» гэж Петрт хэлэв. Петр гэгддэг Симон үүнийг сонсонгуутаа дээгүүрээ хувцас өмсөөд нуур луу үсрэв. 8 Бусад шавь дүүрэн загастай тороо чирч, жижиг завьтайгаа ирлээ. Тэд эргээс холгүй, 200 орчим тохой* зайтай газар байжээ.
9 Тэд эрэг дээр буугаад галд шарж байгаа загас, бас талхыг харлаа. 10 Есүс тэдэнд «Барьсан загаснаасаа хэдийг аваад ир» гэхэд 11 Петр гэгддэг Симон завь руу очин, 153 том загастай торыг эрэг дээр татаж гаргалаа. Зөндөө олон загастай боловч тор урагдаагүй байв. 12 Есүс тэдэнд «Нааш ир. Өглөөний цайгаа ууцгаа» хэмээлээ. Шавь нарын нэг нь ч «Та хэн бэ?» гэж асууж зүрхэлсэнгүй. Учир нь тэд Эзэн мөн гэдгийг мэдэж байв. 13 Есүс дөхөж очоод талх авч шавь нартаа өглөө. Загасыг ч бас өглөө. 14 Есүс амилснаасаа хойш шавь нартаа гурав дахь удаагаа үзэгдсэн нь энэ юм.
15 Цай ууж дуусахад нь Есүс Петр гэгддэг Симоноос «Ёоханы хүү Симон оо, чи намайг эдгээрээс илүү хайрладаг уу?» гэж асуухад Петр: «Тийм ээ, Эзэн минь. Хайртайг минь та мэднэ шүү дээ» гэж хариуллаа. Есүс: «Хургануудыг минь тэжээ» хэмээв. 16 Есүс: «Ёоханы хүү Симон оо, чи намайг хайрладаг уу?» гэж дахин асуулаа. Петр: «Тийм ээ, Эзэн минь. Хайртайг минь та мэднэ шүү дээ» гэхэд Есүс: «Хургануудыг минь хариул» гэжээ. 17 Есүс гурав дахь удаагаа «Ёоханы хүү Симон оо, чи намайг хайрладаг уу?» гэж асуув. «Чи намайг хайрладаг уу?» гэж гурван удаа асуусан учир Петр гуниглав. Тэгээд «Эзэн минь, та бүх юмыг мэддэг. Хайртайг минь мэднэ шүү дээ» гэж өчихөд Есүс: «Хургануудыг минь тэжээ. 18 Би батлан хэлье. Чи залуудаа өөрөө хувцсаа өмсөж, хүссэн зүгтээ явдаг байсан. Харин хөгшрөөд гараа сунгахад чинь өөр хүн чамайг хувцаслаж, хүсээгүй газар луу чинь авч явна» гэж хэллээ. 19 Петр Бурханд үнэнч байсныхаа төлөө амиа алдан Бурхныг алдаршуулахыг Есүс ийн хэлжээ. Тэгээд Петрт: «Намайг үргэлж дага» гэж хэллээ.
20 Петрийг эргэж харахад Есүсийн хайртай шавь дагаад явж байв. Тэр шавь бол оройн хоолны үеэр Есүсийн чээжийг налаад «Эзэн, таныг хэн барьж өгөх юм бэ?» гэж асууж байсан хүн юм. 21 Петр түүнийг хараад Есүсээс «Эзэн, энэ хүн яах бол?» гэж асуухад 22 Есүс: «Би иртлээ энэ хүнийг амьд байлгая гэж хүссэн ч үүнийг мэдэх хэрэг чамд байна уу? Чи намайг үргэлж дага» гэж хэлэв. 23 Тиймээс энэ шавь үхэхгүй юм байна гэсэн яриа шавь нарын дунд гарчээ. Үнэндээ Есүс түүнийг үхэхгүй гэж хэлээгүй юм. Харин «Би иртлээ энэ хүнийг амьд байлгая гэж хүссэн ч үүнийг мэдэх хэрэг чамд байна уу?» хэмээсэн билээ.
24 Тэр шавь бол эдгээрийг гэрчилж, эдгээрийг бичсэн хүн мөн бөгөөд түүний гэрчлэл үнэн гэдгийг бид бүхэн мэднэ.
25 Есүс өөр олон юм хийсэн. Тэдгээрийг нэгд нэгэнгүй бичлээ гэхэд тэр хуйлмал номнууд энэ дэлхийд багтахгүй байх байсан гэж би боддог.