Лукийн бичсэн сайн мэдээ
23 Ингээд тэд бүгдээрээ босож, Есүсийг Пилат руу аваачив. 2 Тэд Есүсийг буруутган: «Энэ хүн Цезарьт татвар төлөхийг хориглож, өөрийгөө Христ буюу хаан гэж өргөмжлөн манай үндэстнийг үймүүлж байна» гэцгээв. 3 Тэгэхэд Пилат: «Та иудейчүүдийн Хаан юм уу?» гэж асуухад Есүс: «Та өөрөө ч хэлж байна» гэж хариуллаа. 4 Пилат ахлах тахилчид болон ард олонд «Энэ хүн ямар ч буруу юм хийгээгүй юм байна» гэж хэлэхэд 5 хүмүүс өөрсдийнхөөрөө зүтгэн «Энэ хүн Галилаас эхлээд энэ газрыг хүртэл, Иудей даяар сургаал заан ард олныг хутган үймүүлж байна» гэжээ. 6 Үүнийг дуулаад Пилат Есүсийг Галилынх эсэхийг асуув. 7 Есүсийг Херодын мэдлийн нутгийнх гэдгийг мэдээд Херод руу явуулжээ. Херод тэр үед Иерусалимд байжээ.
8 Херод Есүсийг хараад тун их баярлав. Есүсийн талаар их сонсож байсан учир уулзахыг хүсэж, гайхамшиг үйлдэхийг нь үзэх сэн гэж боддог байлаа. 9 Тиймээс олон юм асуусан боловч Есүс юу ч хариулсангүй. 10 Харин ахлах тахилчид, хуулийн багш нар байн байн босож Есүсийг хайр найргүй буруутгаж байв. 11 Херод цэргүүдтэйгээ нийлж түүнийг доромжлон, үнэтэй хувцас өмсгөж доог тохуу хийгээд Пилат руу буцаалаа. 12 Өмнө нь бие биеэ үздэггүй байсан Пилат Херод хоёр тэр өдөр анд нөхөд болжээ.
13 Пилат ахлах тахилчид, удирдагчид болон хүмүүсийг цуглуулаад 14 «Ард олныг үймээн самуунд өдөөн турхирсан гэж та нарын авчирсан энэ хүнийг өмнө чинь байцаалаа. Та нарын яриад байгаа хэрэгт буруутгах үндэс олсонгүй. 15 Херод ч бас олоогүй. Тиймээс бидэн рүү буцааж явуулсан байна. Энэ хүн үхэх ял авахаар юу ч хийгээгүй юм байна. 16 Тэгэхээр, би түүнийг шийтгээд суллана» гэлээ. 17 —* 18 Гэтэл ард олон бүгдээрээ «Наад хүнээ тонилго. Бидэнд Барабыг суллаж өг!» гэж хашхирав. 19 (Энэ хүн хотод бослого гаргахад гар бие оролцсон, мөн хүний амь хөнөөсөн хэргээр хоригдсон байжээ.) 20 Пилат Есүсийг суллахыг хүссэн учир олон түмэнд дахиж үг хэлэв. 21 Тэгтэл хүмүүс: «Шонд хад! Шонд хад!» гэж хашхирч эхлэв. 22 Пилат гурав дахь удаагаа «Яагаад? Энэ хүн ямар муу юм хийсэн юм бэ? Үхлийн ял оноохоор юу ч хийгээгүй юм байна. Тийм учраас шийтгээд суллана» гэлээ. 23 Олон түмэн түүнийг цаазлахыг шаардаж, улам чанга хашхирч, улайран зүтгэсээр байгаад дийлэв. 24 Пилат тэдний хүсэлтийг биелүүлэхээр болж 25 хүссэн хүнийг нь буюу бослого гаргасан, мөн хүний амь хөнөөсөн хэргээр хоригдож байсан этгээдийг суллав. Харин Есүсийг олны шаардсанаар цаазлуулахаар болжээ.
26 Тэд Есүсийг авч явахдаа, хөдөөнөөс ирсэн Күрений Симон гэдэг хүнийг албадан тарчлаах шонг* үүрүүлж Есүсийн араас явуулав. 27 Үлэмж олон тооны хүн Есүсийг дагаж байлаа. Тэдний дунд олон эмэгтэй байсан бөгөөд тэд Есүсийн төлөө гашуудаж чээжээ дэлдэн, уйлж байв. 28 Есүс арагшаа харж эмэгтэйчүүдэд «Иерусалимын охид оо, миний төлөө уйлахаа больцгоо. Харин өөрсдийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө уйл. 29 Яагаад гэвэл хүмүүс: “Хүүсэр эмэгтэйчүүд, хүүхэд төрүүлээгүй, хүүхэд хөхүүлээгүй эмэгтэйчүүд жаргалтай яа!” гэж хэлэх өдрүүд ирж байна. 30 Тэр үед хүмүүс уулсад хандан “Бидний дээрээс унаач!”, толгодод хандан “Биднийг халхлаач!” гэцгээнэ. 31 Мод чийгтэй байхад тэд ингэвэл мод хатсан хойно яах болж байна вэ?» хэмээв.
32 Есүстэй хамт цаазлахаар хоёр гэмт хэрэгтнийг авч явж байлаа. 33 Тэд Гавал гэдэг газар ирээд Есүсийг шонд хадав. Хоёр гэмт хэрэгтний нэгийг баруун, нөгөөг зүүн талынх нь шонд хаджээ. 34 Харин Есүс: «Эцэг минь, тэднийг өршөөгөөрэй. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна» гэж хэлэв. Цэргүүд Есүсийн хувцсыг хувааж авах гэж шодлоо. 35 Ард олон хараад зогсож байв. Харин удирдагчид доог тохуу хийн «Тэр бусдыг аварч байсан. Бурхны Христ, Сонгосон нэгэн мөн л юм бол өөрийгөө авраг» гэцгээв. 36 Цэргүүд ч Есүсийг доромжлон гашуун дарс авчирч өгөөд 37 «Хэрэв та иудейчүүдийн Хаан юм бол өөрийгөө авраач!» гэж хэлжээ. 38 Бас «Энэ бол иудейчүүдийн Хаан» гэж бичсэн пайзыг дээд талд нь хадсан байлаа.
39 Шонд хадуулсан гэмт хэрэгтнүүдийн нэг нь Есүсийг доромжилж «Та чинь Христ биз дээ? Өөрийгөө ч, биднийг ч авраач!» гэхэд 40 нөгөө нь түүнийг зэмлэн «Чи яг адилхан шийтгүүлж байгаа атлаа Бурхнаас огт айхгүй байна уу? 41 Биднийг ингэж шийтгэсэн нь ч зөв. Хийсэн хэргийнхээ хариуг хүртэж байгаа маань энэ. Харин энэ хүн ямар ч буруу юм хийгээгүй» гэжээ. 42 Тэгээд Есүст хандан «Есүс ээ, та Хаан болохлоороо* намайг санаарай» гэж хэлэв. 43 Тэгэхэд нь Есүс: «Өнөөдөр би батлан хэлье. Чи надтай хамт Диваажинд байх болно» хэмээжээ.
44 Зургаадугаар цаг* болж байсан бөгөөд есдүгээр цаг* хүртэл тэр нутаг даяар харанхуй болж 45 нарны гэрэл туссангүй. Тэгтэл сүмийн хөшиг голоороо хоёр хуваагджээ. 46 Есүс чанга хашхирч «Эцэг минь, амь насаа танд даатгая» гэж хэлээд амьсгал хураав. 47 Болсон явдлыг харсан цэргийн дарга: «Энэ хүн үнэхээр гэм буруугүй байжээ» гэж хэлээд Бурхныг алдаршуулж эхлэв. 48 Энэ явдлыг сонирхож цугласан хүмүүс бүгдээрээ болсон бүхнийг хараад чээжээ дэлдсээр харьцгаажээ. 49 Есүсийг таньдаг бүх хүн холоос хараад зогсож байв. Есүсийг дагаж Галилаас ирсэн эмэгтэйчүүд бас тэнд байсан бөгөөд болсон бүх явдлыг харжээ.
50 Зөвлөлийн* гишүүн Иосеф гэдэг шударга, сайн хүн байв. 51 (Тэрээр Зөвлөлийн бусад гишүүний төлөвлөгөө, үйлдлийг дэмжээгүй юм.) Иосеф иудейчүүд суурьшсан Аримат хотын хүн бөгөөд Бурхны Хаант төрийг хүлээдэг байв. 52 Тэрээр Пилатад бараалхан Есүсийн шарилыг гуйж 53 шонгоос буулгаж аваад сайн чанарын маалинган даавуунд ороож, хад ухаж хийсэн, хүн тавьж байгаагүй булшинд оршуулжээ. 54 Энэ явдал Бэлтгэлийн өдөр болсон бөгөөд Амралтын өдөр болох гэж байлаа. 55 Есүсийг дагаж Галилаас ирсэн эмэгтэйчүүд бас булш руу явсан бөгөөд шарилыг хэрхэн тавихыг харжээ. 56 Тэд анхилуун үнэрт ургамал болон тос бэлтгэхээр харьжээ. Гэхдээ тушаал ёсоор Амралтын өдөр амрав.