Лукийн бичсэн сайн мэдээ
22 Дээгүүр өнгөрөх баяр хэмээх Исгээгүй талхны баяр ойртож байлаа. 2 Ахлах тахилчид, хуулийн багш нар Есүсийг хөнөөх арга хайж байв. Тэд ард олноос айж байлаа. 3 Сатан 12 элчийн нэг Искариот гэгддэг Юудасыг эзэмдэв. 4 Тэрээр явж Есүсийг яаж барьж өгөхөө ахлах тахилчдад болон сүмийн харуулын захирагчдад хэлэхэд 5 тэд баярлаж, мөнгөн зоос өгөхөөр болов. 6 Юудас ч зөвшөөрч, Есүсийг хүмүүсээс зайдуухан барьж өгөх боломж хайж эхэлжээ.
7 Исгээгүй талхны баярын эхний өдөр болов. Энэ өдөр Дээгүүр өнгөрөх баярын тахилыг өргөдөг байлаа. 8 Есүс: «Дээгүүр өнгөрөх баярын зоог бэлд» гэж захиад Петр Ёохан хоёрыг явуулахад 9 тэд: «Та хаана бэлдүүлмээр байна вэ?» гэж асуув. 10 Есүс: «Та хоёр хотод очоод ваартай ус авч яваа хүнтэй тааралдана. Түүнийг дагаж яваад очих айлд нь орж 11 эзэнд нь “Манай Багш: «Шавь нартайгаа хамт Дээгүүр өнгөрөх баярын зоог барих зочны өрөө хаана байна вэ?» гэж хэлүүллээ” гээрэй. 12 Тэр хүн дээд давхрын бүх юмыг нь бэлдсэн том өрөө үзүүлнэ. Тэнд зоог бэлдээрэй» гэжээ. 13 Ингээд тэд явав. Бүх юм Есүсийн хэлснээр болж, тэд ч Дээгүүр өнгөрөх баярт бэлдэв.
14 Цаг болоход Есүс элчүүдтэйгээ ширээнд тухлан суув. 15 Тэгээд тэдэнд «Зовлон амсахаасаа өмнө та нартай хамт Дээгүүр өнгөрөх баярын зоог барих энэ мөчийг их хүлээлээ. 16 Яагаад гэвэл Бурхны Хаант төр захирах үед бүх юм биелтэл би ийм зоог барихгүй» хэмээжээ. 17 Тэгээд аяга авч Бурханд талархал өргөөд, тэдэнд «Үүнийг дамжуулж ууцгаа. 18 Үүнээс хойш Бурхны Хаант төр захиртал би дахиж дарс уухгүй» гэжээ.
19 Есүс бас талх аваад Бурханд залбирав. Тэгээд талхаа хувааж тэдэнд өгөнгөө «Энэ нь та нарын төлөө өгөх миний биеийг бэлгэддэг. Намайг дурсаж үүнийг үйлдэж байгаарай» хэмээв. 20 Зоог барьсныхаа дараа бас аяга авч «Та нарын төлөө урсах цусаар минь баталгаажих шинэ гэрээг энэ аяга бэлгэддэг» гэж хэлсэн билээ.
21 Есүс: «Гэхдээ намайг барьж өгөх хүн энэ ширээнд надтай хамт сууж байна. 22 Хүний Хүү явах ёстой замаараа явж байна. Харин хүний Хүүгээс урвах тэр хүн зовно!» гэж хэлэв. 23 Тэгэхэд тэд: «Хэн нь түүнийг барьж өгөх юм бол?» гэлцэв.
24 Түүнчлэн хэн нь хамгийн агуу нь болох талаар ширүүн маргалджээ. 25 Харин Есүс тэдэнд «Улс үндэстний хаад ард түмнээ ноёлж, эрхшээлдээ байлгагчид нь “Өглөгийн эзэн” гэгддэг. 26 Та нар ийм байж болохгүй. Та нарын хамгийн агуу нь дорд мэт, удирдагч нь үйлчлэгч мэт болог. 27 Үйлчлүүлэгч үйлчлэгч хоёрын хэн нь агуу вэ? Үйлчлүүлэгч нь биш гэж үү? Би та нарын дунд үйлчлэгч мэт байдаг.
28 Гэхдээ намайг зовж байхад хажууд минь байсан хүмүүс бол та нар. 29 Миний Эцэг надтай Хаант төрийн гэрээ байгуулсан шиг би та нартай Хаант төрийн гэрээ байгуулж байна. 30 Тиймээс та нар миний Хаант төрд, миний ширээнээ зоог барихаар сууна. Израйлын 12 овгийг шүүхээр сэнтийнүүдэд заларна.
31 Симон оо, Симон оо! Сатан чамайг тариа шиг шигшихийн тулд зөвшөөрөл гуйсан. 32 Итгэлээ бүү алдаасай гэж би чиний төлөө Бурханд залбирч, шаргуу гуйсан юм. Харин чи эргэж ирээд ах дүүгээ батжуул» гэж захижээ. 33 Тэгэхэд Петр: «Эзэн, би тантай хамт шоронд ороход ч, үхэхэд ч бэлэн байна» гэлээ. 34 Есүс: «Петр ээ, чи намайг гурвантаа үгүйсгэхээс нааш өнөөдөр азарган тахиа донгодохгүй» гэжээ.
35 Тэгээд тэдэнд «Би та нарыг мөнгө, хоол хийх уут, шаахайгүй явуулахад та нар юугаар ч дутаагүй биз дээ?» гэхэд «Дутаагүй» гэв. 36 Есүс: «Харин одоо мөнгөтэй нь мөнгөө, хоол хийх ууттай нь уутаа аваг. Сэлэмгүй нэгэн нь хувцсаа зараад сэлэм аваг. 37 Яагаад гэвэл миний тухай бичигдсэн бүхэн, тухайлбал, “Тэрээр нүгэлтнүүдтэй хамт тоологдсон” гэсэн нь биелэх учиртай. Энэ нь одоо биелж байна» гэлээ. 38 Тэгэхэд тэд: «Эзэн, хар даа! Бидэнд 2 сэлэм байна» гэхэд Есүс: «Илүү хэрэггүй» хэмээв.
39 Есүс заншсан ёсоороо Чидун уул руу явахад шавь нар нь дагалаа. 40 Зорьсон газраа ирээд «Хорхой хүргэм зүйлд дийлдэхгүйн тулд залбираад байж бай» хэмээгээд 41 чулуу шидэх зайтай холдон сөхөрч суугаад залбирч эхлэв. 42 «Аав аа, хэрэв таны таалалд нийцвэл энэ аягыг* надаас холдуулаач. Харин миний биш, таны хүсэл биелэг» хэмээв. 43 Тэгтэл тэнгэрийн элч үзэгдэн түүнийг тэнхрүүлж байлаа. 44 Харин Есүс ихэд шаналж байсан учир бүр шаргуу залбирч, хөлс нь цусны дусал мэт газар дусалж байв. 45 Есүс залбирсныхаа дараа шавь нар луугаа очиход уй гунигаасаа болж ядарсан тэд унтаж байжээ. 46 Есүс шавь нартаа «Та нар юунд унтана вэ? Босоцгоо. Хорхой хүргэм зүйлд дийлдэхгүйн тулд залбирч бай» гэлээ.
47 Ийнхүү ярьж байтал 12 элчийн нэг Юудас бөөн хүн дагуулж ирээд Есүсийг үнсэх гэж дэргэд нь очив. 48 Харин Есүс түүнд «Юудас аа, чи хүний Хүүг үнсэж байгаад барьж өгч байгаа юм уу?» гэжээ. 49 Есүстэй хамт байсан хүмүүс юу болох гэж байгааг ухаараад «Эзэн, бид сэлмээрээ цавччих уу?» гэв. 50 Нэг нь тэргүүн тахилчийн боолын баруун чихийг тас цавчиж орхив. 51 Тэгтэл Есүс: «Одоо боллоо» гээд боолын чихэнд хүрч эдгээжээ. 52 Тэгээд Есүс өөрийг нь барихаар ирсэн ахлах тахилчид, сүмийн харуулын захирагчид болон ахлагчдад «Та нар дээрэмчин барих гэж байгаа юм шиг илд бороохойтой ирээ юү? 53 Өдөр бүр сүмд та нартай хамт байхад минь бариагүй. Гэхдээ энэ бол та нарын цаг, харанхуй ноёлох цаг» хэмээв.
54 Тэд Есүсийг баривчлан тэргүүн тахилчийн гэр лүү авч явлаа. Харин Петр холуур дагаж байв. 55 Хүмүүс хашаан дотор гал түлээд тойрч суухад Петр хамт суужээ. 56 Гал бараадан сууж байсан Петрийг нэг зарц охин ажиглаж байснаа «Энэ хүн түүнтэй хамт байсан» гэхэд 57 Петр хэлснийг нь үгүйсгэж “Эмэгтэй, би тэр хүнийг чинь танихгүй” гэв. 58 Удаа ч үгүй байтал өөр нэг хүн Петрийг хараад «Чи тэдний нэг байна» гэхэд Петр: «Би биш ээ» гэлээ. 59 Цаг орчмын дараа өөр нэг хүн «Энэ хүн түүнтэй хамт байсан нь гарцаагүй. Галилынх гэдэг нь илэрхий байна шүү дээ» гэж мэтгэжээ. 60 Харин Петр: «Юу яриад байгааг тань ойлгохгүй байна» гэжээ. Ийн ярьж байхад нь азарган тахиа донгодов. 61 Тэр мөчид Эзэн эргэж Петрийг харлаа. «Өнөөдөр азарган тахиа донгодохоос өмнө чи намайг гурван удаа үгүйсгэнэ» гэж Эзний хэлж байсныг Петр санаад 62 гадагш гарч, ихэд харамсан цурхиран уйлав.
63 Харгалзаж байсан хүмүүс нь Есүсийг элэглэн тохуурхаж, цохиод 64 нүүрийг нь бүтээснээ «Зөнч юм бол хэн цохисныг хэлээд аль» гэцгээж байлаа. 65 Бас элдвээр доромжлон гутаажээ.
66 Өглөө болоход ард олны ахлагчдын зөвлөл буюу ахлах тахилчид, хуулийн багш нар цуглажээ. Тэд Есүсийг Иудейн дээд шүүхэд* аваачаад 67 «Чи Христ мөн юм бол бидэнд хэл» гэхэд Есүс: «Намайг хэлсэн ч та нар огт итгэхгүй. 68 Бас намайг асуусан ч та нар хариулахгүй. 69 Харин үүнээс хойш хүний Хүү хүчирхэг Бурхны баруун талд суух болно» гэжээ. 70 Үүнийг сонсоод тэд бүгдээрээ «Чи тэгээд Бурхны Хүү мөн юм уу?» гэхэд Есүс: «Та нарын хэлдэг зөв» хэмээв. 71 Тэд: «Бидэнд өөр ямар баримт хэрэгтэй юм бэ! Өөрийнх нь амнаас сонслоо шүү дээ» гэжээ.