Эхлэл
4 Адам эхнэр Еватайгаа унтаж, эхнэр нь жирэмслэв. Ева Каиныг төрүүлээд «Еховагийн ачаар би хүү төрүүллээ» гэж хэлжээ. 2 Дараа нь дүү Абелийг нь төрүүлэв.
Абел хоньчин, Каин тариачин болжээ. 3 Хожим нь Каин Еховад ургацаасаа өргөв. 4 Харин Абел сүргийнхээ анхны төлөөс хэдийг өөхтэй нь өргөжээ. Ехова Абелийг болон өргөлийг нь таалан хүлээж авсан ч 5 Каиныг болон өргөлийг нь огт таалсангүй. Иймд Каин ихэд уурлан, сэтгэл нь гонсойв. 6 Тэгэхэд Ехова Каинд «Чи яагаад ингэтлээ уурлаж, гонсойно вэ? 7 Хэрэв чамайг өөрчлөгдөж, сайн юм хийвэл би таална. Сайн юм хийхгүй бол би таалахгүй. Нүгэл чамайг захирахыг хүсэмжлэн үүдэн дээр чинь гэтэж байна. Харин чи нүглийг ялан дийлэх ёстой биш үү?» гэж хэлжээ.
8 Үүний дараа Каин дүү Абелдээ «Хээр талд очъё» гэжээ. Тэгээд хээр талд байхдаа Каин дүү Абел рүүгээ дайрч, хөнөөв. 9 Дараа нь Ехова Каинаас «Чиний дүү Абел хаана байна вэ?» гэж асуухад Каин: «Мэдэхгүй. Би ямар дүүгийнхээ хамгаалагч юм уу?» гэж хариулжээ. 10 Тэгэхэд Бурхан: «Чи юу хийчхэв ээ? Сонс! Дүүгийн чинь цус газраас над руу хашхирч байна. 11 Чиний гарт амиа алдсан дүүгийн чинь цусыг уусан тэр газраас би чамайг хөөн зайлуулж харааж байна. 12 Чамайг газар хагалахад газар чамд ургац өгөхгүй. Чи дэлхийгээр тэнүүчилж, оргодол босуул мэт амьдарна» гэж айлджээ. 13 Тэгэхэд нь Каин Еховад «Алдсаны минь төлөө надад дэндүү хатуу, хэрээс минь хэтэрсэн шийтгэл оноож байна. 14 Өнөөдөр та намайг энэ газраас зайлуулж байгаа учир би таны нүднээс далд орж, дэлхийгээр тэнүүчлэн, оргодол босуул болж амьдарна. Надтай тааралдсан хэн боловч намайг алах нь гарцаагүй» гэж өчив. 15 Тэгэхэд Ехова: «Тэгүүлэхгүйн тулд “Каиныг хөнөөсөн хэн боловч долоон удаа шийтгүүлнэ” гэсэн тунхгийг би гаргаж байна» хэмээв.
Ингээд Ехова Каинтай тааралдсан хэнээр ч Каиныг хөнөөлгөхгүйн тулд Каины төлөө тэмдэг* тавьжээ. 16 Улмаар Каин Еховагаас холдож, Еденээс зүүн зүгт Цөллөгийн газар* амьдран суух болов.
17 Дараа нь Каин эхнэртэйгээ унтаж, эхнэр нь жирэмслээд Енохыг төрүүлжээ. Каин хот байгуулж хүүгийнхээ нэрээр Енох гэж нэрлэв. 18 Енох Ирадын эцэг болж, Ирад Мехуиаелын эцэг болж, Мехуиаел Метушаелын эцэг болж, Метушаел Ламехийн эцэг болжээ.
19 Ламех хоёр эхнэр авав. Эхнийхийг нь Ада, хоёр дахийг нь Зилла гэдэг ажээ. 20 Ада Иабалыг төрүүлэв. Иабал нь майханд амьдардаг малчдын дээд өвөг болжээ. 21 Дүүг нь Иубал гэдэг байв. Тэрбээр босоо ятгачид, цуурчдын* дээд өвөг болжээ. 22 Түүнчлэн, Зилла нь Тубал-каиныг төрүүлжээ. Тубал-каин зэс, төмрөөр төрөл бүрийн багаж хийдэг байжээ. Эгчийг* нь Наама гэдэг байв. 23 Ламех эхнэрүүддээ буюу Ада Зилла хоёрт
«Эхнэрүүд минь ээ, намайг сонсогтун
Үгийг минь чих тавьж сонсогтун
Намайг шархдуулсан хүнийг би хөнөөчихлөө
Тийм ээ, намайг цохисон залууг би хөнөөчихлөө
24 Каиныг хөнөөсөн хүн 7 удаа шийтгүүлэх бол
Ламехийг хөнөөсөн хүн 77 удаа шийтгүүлнэ» гэж хэлжээ.
25 Адам эхнэртэйгээ дахин унтаж, эхнэр нь хүү төрүүлэв. Ева: «Каин Абелийг хөнөөсөн учраас Бурхан надад Абелийн оронд өөр хүү өглөө» гэж хэлээд хүүдээ Сет* гэдэг нэр өгчээ. 26 Сет бас хүүтэй болсон бөгөөд хүүдээ Енош гэдэг нэр өгөв. Тэр үеэс хүмүүс Еховагийн нэрийг дуудах болжээ.