Левит
2 Хэрэв хүн Еховад идээн өргөл өргөх бол нарийн ширхэгтэй гурил авчрах ёстой. Гурилан дээрээ тос асгаж, анхилуун үнэртэй давирхай тавигтун. 2 Тос асгаж, анхилуун үнэртэй давирхай тавьсан гурилаа Аароны хөвгүүд болох тахилчдад аваачиж өгөхөд тахилч түүнээс атгаж аваад идээн өргөлийг төлөөлүүлж тахилын ширээн дээр уугиулна. Энэ өргөл нь Еховад тааламжит үнэрт шатаах өргөл болох юм. 3 Идээн өргөлөөс үлдсэн нь Аарон болон хөвгүүдэд нь оногдох бөгөөд Еховад шатаан өргөх тахилуудаас хамгийн ариун нь юм.
4 Зууханд барьсан идээн өргөл өргөх бол тостой хольсон нарийн ширхэгтэй гурилаар хийсэн исгээгүй цагариган боов эсвэл дээр нь тос түрхсэн исгээгүй бин байх ёстой.
5 Хайруул дээр хайрсан зүйлээр идээн өргөл өргөх бол исгээгүй, тостой хольж зуурсан нарийн ширхэгтэй гурилынх байх ёстой. 6 Түүнийгээ хэдэн хэсэг хугалаад дээр нь тос асгана. Энэ нь идээн өргөл юм.
7 Хайруулын тавган дээр хийсэн зүйлээр идээн өргөл өргөх бол тостой хольсон нарийн ширхэгтэй гурилынх байх ёстой. 8 Хийсэн идээн өргөлөө Еховагийн өмнө аваачиж тахилчид өг. Тахилч өргөлийг чинь тахилын ширээ рүү авч явна. 9 Тэгээд заримыг нь авч идээн өргөлийг төлөөлүүлэн тахилын ширээн дээр уугиулна. Энэ өргөл нь Еховад тааламжит үнэрт шатаах өргөл болох юм. 10 Идээн өргөлөөс үлдсэн нь Аарон болон хөвгүүдийнх нь болох бөгөөд Еховад шатаан өргөх тахилуудаас хамгийн ариун нь юм.
11 Еховад ямар ч исгэсэн идээн өргөл өргөж болохгүй. Яагаад гэвэл Еховад шатаан өргөх өргөлд хөрөнгө эсвэл бал бурам орох ёсгүй.
12 Тэдгээрийг Еховад ургацынхаа дээж болгон өргөж болох боловч тахилын ширээн дээр тааламжит үнэрт өргөл болгон өргөж болохгүй.
13 Бүх идээн өргөлд давс хийх ёстой. Бурхныхаа гэрээг сануулдаг давсыг идээн өргөлд хийхгүй байж болохгүй. Ямар ч өргөл өргөсөн давстай өргөж байгаарай.
14 Ургацынхаа дээжээр Еховад идээн өргөл өргөхдөө шинэ тариаг хуурч бяцлаад өргөөрэй. 15 Хуурч бяцалсан тариан дээрээ тос хийгээд анхилуун үнэртэй давирхай тавь. Энэ нь идээн өргөл юм. 16 Тос хийж, анхилуун үнэртэй давирхай тавьсан тарианаас тахилч жаахныг авч идээн өргөлийг төлөөлүүлэн уугиулна. Энэ нь Еховад тааламжит үнэртэй шатаах өргөл болох юм.