Тооллого
15 Тэгээд Ехова Мосед 2 «Израйлчуудад ингэж хэл. “Миний та нарыг оршин суулгахаар өгөх гэж байгаа газар нутагт очоод 3 та нар Еховад тааламжит үнэрт, шатаан өргөх тахил болгож үхэр, хонь, ямаанаасаа Еховад өргөхдөө шатаалт тахил, онцгой тангаргийн тахил, сайн дурын өргөл, тогтоогдсон баяруудын өргөлийн алийг нь ч өргөх бай 4 тахил өргөж байгаа тэр хүн бас идээн өргөл болгож Еховад хинийн* дөрөвний нэг хэмжээтэй тостой хольсон ефагийн аравны нэг* хэмжээтэй нарийн ширхэгтэй гурил өргөх ёстой. 5 Шатаалт тахил эсвэл эр хургаар тахил өргөхдөө ундаан өргөл болох хинийн дөрөвний нэг хэмжээтэй дарсыг хамт өргөнө. 6 Хэрэв хуцаар тахил өргөх бол хинийн гуравны нэг хэмжээтэй тостой хольсон ефагийн аравны хоёр хэмжээтэй нарийн ширхэгтэй гурилаар идээн өргөл өргө. 7 Мөн Еховад тааламжит үнэрт ундаан өргөл болгон хинийн гуравны нэг хэмжээтэй дарсыг өргөгтүн.
8 Хэрэв та нар Еховад бухаар шатаалт тахил өргөх бол эсвэл онцгой тангаргаа биелүүлэхээр тахил өргөх юм уу эвийн тахил өргөх бол 9 бухтайгаа хамт бас хагас хин тостой хольсон нарийн ширхэгтэй гурилаас ефагийн аравны гурвыг идээн өргөл болгон өргөх ёстой. 10 Мөн Еховад шатаан өргөх өргөл, тааламжит үнэрт ундаан өргөл болгон хагас хин дарсыг өргөгтүн. 11 Ийм маягаар бух, хуц, эр хурга, эр ямааг өргөх ёстой. 12 Хэдэн ч амьтан өргөсөн тус бүрд нь тостой хольсон гурил, ундаан өргөлийг өргөгтүн. 13 Израйл хүн бүр Еховад тааламжит үнэрт, шатаан өргөх тахил өргөхдөө үүнийг дагах ёстой.
14 Та нарын дунд амьдарч буй харийн хүмүүс эсвэл та нарын дунд үе улиран суугаа хүмүүс бас Еховад тааламжит үнэрт, шатаан өргөх тахил өргөхдөө та нартай адилхан үйлдэх ёстой. 15 Израйлчууд та нарт, та нарын дунд суугаа харийн хүмүүст нэг хууль үйлчилнэ. Энэ бол үе уламжлан сахих ёстой зарлиг юм. Еховагийн хувьд харийн хүмүүс ч, та нар ч адилхан билээ. 16 Та нарт ч, дунд чинь амьдарч байгаа харийн хүмүүст ч нэг л хууль, нэг л шийдвэр үйлчлэх ёстой”» гэв.
17 Ехова цааш нь Мосед 18 «Израйлчуудад ингэж хэл. “Миний та нарыг аваачиж байгаа нутагт та нар ороод 19 газрын үр шимээс нь хүртэхдээ Еховад хандив өргөх ёстой. 20 Анхны ургацынхаа бүдүүн ширхэгтэй гурилын дээжээр цагариган боов хийж үтрэмийн хандив өргөдөг шиг өргөгтүн. 21 Та нар үе уламжлан анхны ургацынхаа бүдүүн ширхэгтэй гурилын дээжээр Еховад хандив өргөх ёстой.
22 Хэрэв та нар үндэстнээрээ алдаа гаргаж, Еховагийн Мосед хэлсэн эдгээр тушаалыг сахиагүй бол, 23 өөрөөр хэлбэл, Еховагийн Мосегоор дамжуулж тушаасан бүхнийг Еховагийн тушаасан өдрөөс үе уламжлан мөрдөхдөө 24 алдаа гаргаж, үүнийгээ мэдээгүй өнгөрсөн бол та нар Еховад тааламжит үнэрт шатаалт тахил болгон нэг залуу эр үхрийг идээн өргөл, ундаан өргөлтэй нь хуульд заасан ёсоор өргөх ёстой. Бас нүглийн төлөөх тахилын нэг залуу ямааг өргөнө. 25 Тахилч Израйлын хамаг чуулганы нүглийг уучлуулахын тулд эдгээр тахилыг өргөж, тэд уучлагдана. Учир нь тэд санамсаргүй алдаа гаргаж, алдааныхаа төлөө Еховад шатаан өргөх өргөл тахил, нүглийн төлөөх тахилыг Еховагийн өмнө авчирсан билээ. 26 Бүх ард олон санамсаргүй алдсан учраас Израйлын хамаг чуулган болон тэдний дунд амьдарч буй харийн хүмүүс ийнхүү уучлагдана.
27 Хэрэв хэн нэг хүн алдаа гаргаж нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил болгон нэг эм ишиг авчрах ёстой. 28 Еховагийн өмнө алдаа гаргаж, санамсаргүй нүгэл үйлдсэн тэр хүний нүглийг уучлуулахын тулд тахилч тахил өргөх бөгөөд тэр хүн уучлагдана. 29 Та нар болон дунд чинь амьдардаг харийн хүн санамсаргүй алдаа гаргавал нэг л хууль үйлчилнэ.
30 Израйл хүн ч бай, харийн хүн ч бай санаатайгаар нүгэл үйлдвэл Еховаг доромжилсон хэрэг учраас түүнийг заавал хөнөөх ёстой. 31 Еховагийн үгийг үл тоож, тушаалыг нь зөрчсөн учраас тэр хүний амийг хэлтрүүлж болохгүй. Тэр хүн нүглийнхээ хариуцлагыг үүрнэ”» гэлээ.
32 Израйлчууд цөлд байхдаа Амралтын өдөр мод түүж байгаа хүнийг олов. 33 Мод түүж байгаа хүнийг олсон хүмүүс түүнийг Мосе, Аарон, хамаг чуулган дээр авчирлаа. 34 Тийм хүнд ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байсан учраас тэд түүнийг хорионд байлгажээ.
35 Ехова Мосед «Тэр хүний амийг хэлтрүүлж болохгүй. Хуарангийн гадна аваачаад хамаг чуулган түүн рүү чулуу шидэх ёстой» гэлээ. 36 Тиймд хамаг чуулган яг Еховагийн Мосед тушааснаар тэр хүнийг хуарангийн гадна аваачаад чулуу шидэж алцгаав.
37 Мөн Ехова Мосед 38 «Чи израйлчуудыг үе уламжлан хувцасныхаа хормойд цацаг оёж, цацгийнхаа дээхэн хормойгоо тойруулан хөх уяагаар судал хийх ёстойг нь хэлэгтүн. 39 “Та нар хормойдоо цацагтай байх ёстой. Тэгвэл та нар тэр цацгийг хараад Еховагийн бүх тушаалыг санаж, сахиж мөрдөнө. Зүрх сэтгэлээ дагаж, нүдний хүслээ хангаж болохгүй. Эс бөгөөс харийн бурхадтай завхайрахад хүрнэ. 40 Хормойдоо цацагтай байх нь та нарт миний бүх тушаалыг санахад, тэдгээрийг сахин мөрдөхөд, Бурхныхаа өмнө ариун байхад тус болно. 41 Би та нарын Бурхан гэдгээ батлахын тулд та нарыг Египетээс гаргасан Ехова Бурхан чинь билээ. Би бол та нарын Бурхан Ехова”» хэмээн айлдав.