Ёоханд илчилсэн нь
1 Удахгүй болох ёстой үйл явдлыг Бурхан боолууддаа мэдүүлэхийн тулд Есүс Христэд илчилсэн бөгөөд Есүс Христ тэнгэрийн элчээ явуулж, боол Ёохандаа үзэгдлээр илчилжээ. 2 Ёохан нь Бурхны үг болон Есүс Христийн гэрчлэл буюу үзсэн харсан бүхнээ гэрчилсэн болой. 3 Энэ зөгнөлийн үгийг чанга уншдаг, сонсдог, энд бичигдсэнийг сахидаг хүмүүс жаргалтай. Учир нь цаг ойрхон байна.
4 Ази мужийн долоон хуралд Ёохан бичиж байна.
«Байсан, байгаа, ирж яваа Бурхан» болон сэнтийнийх нь өмнөх долоон хүч, 5 мөн «итгэмжит Гэрч», «үхэгсдээс анх амилсан нэгэн», «дэлхийн хаадыг Захирагч» Есүс Христ та бүхнийг нигүүлсэж, амар тайвныг соёрхох болтугай.
Биднийг хайрладаг, цусаа урсган нүглээс чөлөөлсөн, 6 биднийг Бурхан Эцэгтээ үйлчлүүлэхээр хаан, тахилч болгосон тэрээр үеийн үед алдар суу, хүч чадалтай байх болтугай. Амен.
7 Түүнийг үүлэн дунд ирэхэд бүх хүн, түүнийг жадалсан хүмүүс ч харна. Дэлхийн бүх овог түүнээс болж гашуудан чээжээ дэлдэнэ. Тийм ээ, Амен.
8 «Би бол Альфа ба Омега*. Байсан, байгаа, ирж яваа Төгс хүчит Бурхан» хэмээн Ехова* Бурхан хэлж байна.
9 Та нартай адил зовлон эдэлдэг, Хаант төрд багтах, Есүсийн дагалдагч гэдгээсээ болж хавчигддаг итгэл нэгт Ёохан би Бурхны тухай ярьж, Есүсийг гэрчилснээсээ болж Патм арал дээр байсан юм. 10 Эзний өдөр болох явдлыг Бурхан надад ер бусын аргаар үзүүлсэн бөгөөд миний ард бүрээн дуу мэт чанга дуу гарч 11 «Чи юу харснаа хуйлмал номонд бичиж, Эфэс, Смирна, Пергам, Туатэр, Сард, Филаделф, Лаодикт буй долоон хуралд илгээ» гэж хэлэв.
12 Надтай ярьж байгаа нэгнийг харах гэж эргэтэл долоон алтан дэнгийн суурь байв. 13 Тэдгээрийн дунд шагай шүргэм урт дээлтэй, алтан чээживчтэй хүний хүү шиг нэгэн байлаа. 14 Толгойн үс нь цагаан ноос мэт бөгөөд цасан цагаан, нүд нь галын дөл мэт ажээ. 15 Хөл нь зууханд улайсаж буй сайн чанарын хүрэл мэт, дуу хоолой нь их усны шуугиан мэт байв. 16 Баруун гартаа долоон од барьсан бөгөөд амнаас нь хоёр талдаа хурц иртэй, урт илд цухуйж байлаа. Нүүр нь үдийн нар мэт гэрэлтэх ажээ. 17 Би түүнийг хармагцаа үхсэн хүн мэт хөлд нь уналаа.
Тэрээр баруун мутраа надад хүргэж ийн хэлэв. «Бүү ай. Би бол Эхэн ба Эцэс, 18 амьд нэгэн. Би үхсэн боловч одоо амьд байна. Үүрд мөнх амьдарна. Үхэл болон Булшны* түлхүүрүүд надад бий. 19 Тиймээс үзсэн харснаа, одоо юу болж байгааг, дараа нь юу болохыг бич. 20 Чиний харсан, баруун гарт минь байгаа долоон од болон долоон алтан дэнгийн суурийн ариун нууц нь юу вэ гэвэл, долоон од нь долоон хурлын элчүүд, долоон дэнгийн суурь нь долоон хурал юм.