Дуулал
Удирдаачид зориулав. Давидын дуу.
31 Ехова минь, би танд хоргодсон.
Намайг шившиг бүү болгооч.
Та зөв шударга учир намайг авраач.
2 Доош бөхийн намайг сонсооч.
Хурдан ирээд намайг авраач.
Уулан дээрх цайз минь болооч.
Намайг хамгаалах бэхлэлт болооч.
3 Та бол миний хад, миний цайз.
Нэрийнхээ төлөө та намайг удирдан чиглүүлнэ.
4 Нууцаар тавьсан торноос та намайг чөлөөлнө.
Учир нь та миний цайз билээ.
5 Би танд амь насаа* даатгая.
Үнэний* Бурхан Ехова минь ээ, та намайг аварсан билээ.
6 Ашиггүй, хоосон шүтээнүүдэд өөрсдийгөө зориулсан хүмүүсийг би үзэн яддаг.
Харин Еховад найддаг.
7 Үнэнчээр хайрладагт тань би ихэд баярлан баясна.
Учир нь та миний шаналлыг харсан.
Та миний зовлонг мэднэ.
8 Та намайг дайсны гарт өгөөгүй,
Харин аюулгүй* газар аваачсан.
9 Ехова минь, би зовж байгаа учир надад энэрэн нигүүлсээч.
Уй гашуугаас болж нүд минь гархилж, хамаг бие минь суларчээ*.
10 Уйлж гашуудсаар амьдрал минь өнгөрлөө.
Санаа алдсаар он жилүүд минь улирлаа.
Нүглээс болж хүч чадал минь барагдлаа.
Хамаг яс минь яйрлаа.
11 Дайснууд намайг үзэн яддаг.
Хөршүүд хүртэл жигшдэг.
Би танилуудаа айлгадаг хүн болсон.
Гудамжинд тэд намайг хармагцаа зугтдаг.
12 Би яг л үхсэн хүн шиг, тэдний дурсамжаас* арчигдсан.
Яг л хагарсан ваар шиг болжээ.
13 Миний тухай цуу үг их сонсогддог.
Хаа сайгүй намайг заналхийлдэг.
Хүмүүс миний эсрэг нэг хүн шиг цуглаад
Амийг минь хөнөөхөөр хуйвалддаг.
14 Харин Ехова минь ээ, би танд найдаж,
«Та бол миний Бурхан» гэж хэлдэг.
15 Миний амьдрал таны гарт байна.
Хавчигчид, дайснуудаас намайг авраач.
16 Өөрийн зарцыг сайшаан хараач.
Үнэнч хайрандаа хөтлөгдөн намайг авраач.
17 Ехова минь ээ, таныг дуудахад минь намайг шившиг бүү болгооч.
Муу хүмүүс шившиг болог.
Тэд Булшин* дотор дуугүй байг.
18 Зөв хүмүүсийн талаар ихэмсгээр, доромжлон ярьдаг
Худалч хүмүүс хэлгүй болоосой.
19 Таны сайхан сэтгэл хэчнээн агуу вэ!
Өөрөөс тань эмээдэг хүмүүст та ивээлээ бэлдсэн.
Танд хоргоддог бүх хүнд та сайхан сэтгэл гаргадаг.
20 Та тэднийг хүмүүсийн хуйвалдаанаас хамгаалж
Дэргэдэх нууц газартаа нууна.
Та тэднийг муу хүмүүсийн хэл амнаас хамгаалж
Нуувчиндаа байлгана.
21 Ехова магтагдах болтугай!
Учир нь бүслэгдсэн хотод байхад минь тэрбээр надад гайхалтай үнэнч хайрыг үзүүлсэн билээ.
22 Би айн сандарч
«Таныг харсаар байтал би үхэх нь ээ» гэв.
Гэхдээ тусламж гуйн хашхирахыг минь та сонссон билээ.
23 Еховад үнэнч хүмүүс ээ, түүнийг хайрла!
Ехова итгэмжит хүнийг хамгаалдаг.
Харин бардам хүнийг хатуу шийтгэдэг.
24 Еховаг хүлээдэг хүмүүс ээ,
Зоригтой, хүчтэй байгтун*!