Дуулал
Давидын маскил*.
32 Алдаа нь уучлагдсан, нүгэл нь өршөөгдсөн* хүн жаргалтай.
2 Хэнийг ч хууран мэхэлдэггүй,
Гэмтэн гэж Еховад тооцогддоггүй хүн жаргалтай.
3 Үйлдсэн нүглээ нуугаад үргэлж ёолсноос болж яс минь хатав.
4 Өдөр ч, шөнө ч таны мутар* намайг дарж байлаа.
Зуны халуунд ус ууршдагийн адил хүч чадал* минь барагдсан юм. (Села)
5 Эцэст нь би танд нүглээ илчилсэн.
Алдаагаа нуугаагүй.
«Гэм нүглээ Еховад илчилье» гэж би бодсон.
Тэгээд та миний нүглийг уучилсан билээ. (Села)
6 Тиймээс үнэнч хүн бүр
Таныг олох боломжтой байгаа дээрээ танд залбирна.
Тэд үерийн ус шиг их зовлон үзэхгүй.
7 Та бол миний нуугдах газар.
Та намайг зовлонгоос хамгаална.
Та аврах учраас эргэн тойрны минь хүмүүс баярлан хашхирна.
8 «Би чамайг хэрсүү болгож, явах ёстой замыг чинь зааж өгнө.
Би чамайг ажиглан, зөвлөгөө өгнө.
9 Ухаангүй адуу эсвэл луус шиг бүү бол.
Тэднийг хазаар, ногтоор номхруулдаг.
Тэгж байж л чамд ойртоно шүү дээ».
10 Муу хүн их зовдог.
Харин Еховад найддаг хүн үнэнч хайранд нь умбадаг.
11 Зөв хүмүүс ээ, Еховагийн үйлсэд баярла, баяр хөөртэй байцгаа.
Шулуун шударга хүмүүс ээ, баярлан хашхирцгаа.