Иов
42 Тэгэхэд Иов Еховад хариулсан нь:
2 «Та бүх зүйлийг хийж чаддаг,
Санаснаа хийхэд тань боломжгүй юм байхгүйг би одоо мэдлээ.
3 “Юу ч мэдэхгүй байж миний шийдвэрт эргэлзэгч энэ хүн хэн бэ?” гэж та хэлсэн.
Нээрээ би юу ч мэдэхгүй байж, ярьжээ.
Миний хувьд дэндүү гайхамшигтай, огт мэдэхгүй зүйл байжээ.
4 Та: “Сонсоорой, би ярья.
Би чамаас асууя, чи хариулаарай” гэж хэлсэн.
5 Би таны тухай чихээрээ сонссон.
Харин одоо таныг нүдээрээ харлаа.
6 Тиймд би хэлснээсээ буцъя.
Үнс, шороон дээр сууж гэмшье».
7 Ингээд Ехова Иовтой ярьж дуусав. Дараа нь Ехова теман хүн Елифазад хэлсэн нь:
«Чи миний талаар миний зарц Иов шиг үнэнийг яриагүй учир чамд болон хоёр найзад чинь уур хүрч байна. 8 Одоо долоон бух, долоон хуц авч миний зарц Иов дээр очоод өөрсдийнхөө төлөө шатаалт тахил өргө. Миний зарц Иов та нарын төлөө залбирна. Би түүний хүсэлтийг хүлээн авна*. Миний зарц Иов миний талаар үнэнийг ярьсан ч та нар тэгэлгүй мунхаг загнасан. Гэлээ ч би та нарыг шийтгэхгүй».
9 Теман хүн Елифаз, шух хүн Билдад, наамат хүн Зофар нар явж, Еховагийн хэлсэн ёсоор гүйцэтгэжээ. Ехова ч Иовын залбиралд хариулав.
10 Иовыг нөхдийнхөө төлөө залбирсны дараа Ехова зовлонг нь арилгаж, дахин сайн сайхан амьдруулах болжээ*. Ехова өмнө байснаас нь хоёр дахин ихийг түүнд өгөв. 11 Ах дүү хамаатан садан, найз нөхөд нь бүгдээрээ түүн дээр ирж, гэрт нь идэж ууцгаажээ. Тэд түүнийг өрөвдөж, тайвшруулав. Учир нь Иов Еховагийн зөвшөөрсөн бүх гай зовлонг туулсан юм. Хүн бүр түүнд алтан бөгж, мөнгө өгчээ.
12 Ехова Иовын үлдсэн амьдралыг эхнийхээс нь илүү ивээсэнд Иов 14 000 хонь, 6 000 тэмээ, 1 000 хос үхэр, 1 000 эм илжигтэй болов. 13 Бас долоон хүү, гурван охинтой болжээ. 14 Том охиноо Иемима, удаахыг нь Кезиа, отгон охиноо Керен-хаппух хэмээн нэрлэжээ. 15 Тэр нутаг даяар Иовын охид шиг үзэсгэлэнтэй бүсгүйчүүд байсангүй. Эцэг нь тэдэнд ах нарт нь өгсөн шиг өв хөрөнгө өгчээ.
16 Тэр цагаас хойш Иов 140 жил амьдарч үр хүүхэд, ач зээ гээд дөрвөн үеэ үзсэн юм. 17 Иов урт удаан, сэтгэл хангалуун амьдраад нас баржээ.