Иоел
2 Сионд бүрээ үлээ.
Миний ариун ууланд дайны уухай хадаа.
Энэ нутгийн бүх оршин суугч чичрэг.
Учир нь Еховагийн өдөр ирж байна! Тэр өдөр ойрхон байна!
2 Харанхуй, бүрэнхий өдөр,
Үүл хуралдсан, түнэр харанхуй өдөр,
Уулсын дээгүүр татах үүрийн гэгээ мэт өдөр юм.
Олуулаа бөгөөд хүчирхэг нэгэн үндэстэн бий.
Урьд нь тийм үндэстэн байгаагүй.
Хожим хэзээ ч бий болохгүй.
Үеийн үед гарч ирэхгүй.
3 Тэдний урд байгаа бүхнийг гал шатаадаг.
Ард байгаа бүхнийг дөл залгидаг.
Ирэхээс нь өмнө Еден цэцэрлэг шиг байсан газар
Явсных нь дараа эзгүй хээр болдог,
Юу ч үлддэггүй.
4 Тэд адууных шиг төрхтэй агаад
Дайны морьд адил давхидаг.
5 Уулсын орой дээгүүр харайх чимээ нь морин тэрэгний чимээ мэт,
Тарианы ёзоорыг шатаах дүрэлзэх галын шажигнах чимээ мэт юм.
Тэд тулалдахаар жагссан хүчит эрс адил билээ.
6 Тэднээс болж үндэстнүүд түгшинэ.
Бүгдийнх нь царай хувхай цайна.
7 Тэд дайчин эрс шиг давшиж,
Цэргүүд мэт хэрэм рүү авирдаг.
Дор бүрнээ чигээрээ урагшилж,
Нэг нь ч замаасаа хазайдаггүй.
8 Бие биеэ түлхдэггүй,
Бүгд замаараа урагшилдаг.
Зарим нь суманд оногдон уналаа ч
Бусад нь эгнээгээ алддаггүй.
9 Тэд хот руу цөмрөн орж, хэрмэн дээгүүр гүйлдэнэ.
Байшин руу авирч, цонхоор нь хулгайч мэт орно.
10 Тэдний өмнө газар доргиж, тэнгэр чичирнэ.
Нар, сар харанхуйлж,
Одод гялалзахгүй.
11 Ехова чанга дуугаар их цэргээ удирдана.
Учир нь түүний цэрэг асар олон.
Үгээ биелүүлдэг Бурхан хүчтэй.
Еховагийн өдөр агуу бөгөөд сүрдмээр.
Тэр өдрийг хэн тэсэж гарах вэ?
12 Ехова: “Одоо ч болов мацаг барьж, уйлж гашуудан
Бүхий л зүрхээрээ над руу эргэж ир” гэж тунхаглаж байна.
13 Хувцсаа биш, зүрхээ ур.
Ехова Бурхандаа эргэж ир.
Учир нь тэрбээр өрөвч, өршөөнгүй, амархан уурладаггүй, үнэнч хайраар бялхам билээ.
Та нарын дээр гамшиг буулгах эсэхээ тэрбээр дахин бодно.
14 Ехова Бурхан дахин бодоод шийдвэрээ өөрчлөн
Та нарыг идээн өргөл, ундаан өргөл өргөг гээд
Ивээхийг* хэн байг гэх вэ!
15 Сионд бүрээ үлээ.
Мацаг барихыг тушааж, ариун чуулган зарла.
16 Ард олныг цуглуулж, хурлыг ариусга.
Настай эрчүүд*, хүүхэд нялхсыг цуглуул.
Шинэ хүргэн өрөөнөөсөө, тийм ээ, шинэ бэр унтлагын өрөөнөөсөө гарч ирэг.
17 Тахилчид, Еховагийн үйлчлэгчид
Үүдний танхим болон тахилын ширээний хооронд байхдаа уйлж ийн хэлэг.
“Ехова, ард түмнээ өрөвдөөч.
Өөрийнхөө өвийг доромжлолын бай бүү болгооч.
Үндэстнүүдэд бүү дарлуулаач.
Яагаад үндэстнүүд: «Тэдний Бурхан хаана байна вэ?» гэж хэлэх ёстой юм бэ?” хэмээг.
18 Тэгвэл Ехова газар нутгаа зүтгэл гарган хамгаална.
Ард түмнээ өрөвдөнө.
19 Ехова ард түмэндээ
“Би та нарт үр тариа, шинэ дарс, тос өгье.
Би та нарыг юугаар ч дутаахгүй.
Дахиж үндэстнүүдээр доромжлуулахгүй.
20 Би хойд зүгийнхнийг та нараас зайлуулж,
Ангамал, зэлүүд газраар тараана.
Урд талын хамгаалагчдыг нь дорнын тэнгисийн* зүг,
Арын хамгаалагчдыг нь өрнийн тэнгисийн* зүг тараана.
Тэднээс өмхий үнэр гарч,
Өмхий самхай нь ханхалсаар байна.
Учир нь би агуу зүйлсийг хийнэ” гэж хариулна.
21 Газар нутаг аа, бүү ай.
Ехова агуу зүйлсийг хийх тул баясан хөөр, баярла.
22 Хээрийн зэрлэг амьтад аа, бүү ай.
Учир нь бэлчээр нутаг ногоорно,
Модод жимслэнэ.
Инжир, усан үзмийн модод арвин их үр жимс өгнө.
23 Сионы хөвгүүд ээ, Ехова Бурхнаа баяр бахдалаа болго.
Тэрбээр та нарын төлөө намрын бороог тохиромжтой хэмжээгээр оруулна.
Бурхан та нарын төлөө хур бороог,
Намар, хаврын бороог өмнөх шигээ оруулна.
24 Үтрэм цайруулсан тариагаар пиг дүүрнэ.
Шахуурга шинэ дарс, тосоор цалгина.
25 Миний та нар луу явуулсан их цэрэг буюу
Сүрэг царцаа, залуу царцаа, ховдог царцаа, цөлмөгч царцааны учруулсан олон жилийн хохирлыг
Би та нарт нөхөн төлнө.
26 Та нар цадталаа иднэ.
Гайхамшгуудыг та нарын төлөө үйлдсэн
Ехова Бурхныхаа нэрийг та нар магтан алдаршуулна.
Миний ард түмэн дахин хэзээ ч шившиг болохгүй.
27 Намайг Израйлын дунд байдгийг,
Намайг та нарын Бурхан Ехова бөгөөд өөр Бурхан байхгүйг та нар мэдэх болно.
Миний ард түмэн дахин хэзээ ч шившиг болохгүй.
28 Дараа нь би янз бүрийн хүнд агуу хүчээ өгнө.
Танай хөвгүүд, охид зөгнөж,
Хөгшид зүүд зүүдэлж,
Залуус үзэгдэл үзнэ.
29 Би тэр үед боол шивэгчдэдээ хүртэл
Агуу хүчээ өгнө.
30 Би утаан багана, цус, гал үзүүлж,
Тэнгэр газарт гайхамшиг үйлдэнэ.
31 Еховагийн агуу, сүрдмээр өдөр болохоос өмнө
Нар харанхуйлж, сар цус мэт болно.
32 Еховагийн нэрийг дууддаг хүн бүр аврагдана.
Учир нь Еховагийн айлдсанчлан, дүрвэгсэд буюу Еховагийн дуудсан, амьд үлдэх хүмүүс
Сион уулан дээр, Иерусалимд байх болно.