Ёоханы бичсэн сайн мэдээ
6 Дараа нь Есүс Галил буюу Тибэр нуурын нөгөө тал руу явав. 2 Үлэмж тооны хүн түүнийг дагаж ирлээ. Учир нь тэд Есүсийг гайхамшиг үйлдэж, өвчтэй хүмүүсийг эдгээхийг үзсэн ажээ. 3 Есүс шавь нартайгаа хамт ууланд гарч суув. 4 Иудейчүүдийн Дээгүүр өнгөрөх баяр болох гэж байлаа. 5 Есүс өөр лүү нь ирж яваа олныг хараад Филипээс «Энэ хүмүүст өгөх талхыг хаанаас авах вэ?» гэв. 6 Есүс юу хийхээ мэдэж байсан ч Филипийн бодлыг мэдэх гэсэндээ ийн асуужээ. 7 Филип: «200 денараар* талх аваад хүн бүрд жаахныг өгсөн ч ийм олон хүнд хүрэлцэхгүй шүү дээ» гэж хариулав. 8 Тэгтэл шавь нарын нэг, Петр гэгддэг Симоны дүү Андрей: 9 «Нэг хүүд арвайн таван талх, хоёр жижиг загас байна. Гэхдээ энэ олон хүнд юу ч болохгүй биз дээ?» гэлээ.
10 Есүс: «Хүмүүсийг суулга» гэж хэлжээ. Тэр нь зүлэг сайтай газар байсан бөгөөд хүмүүс сууцгаав. Эрчүүд нь 5 000 орчим байлаа. 11 Есүс талх авч Бурханд талархаад сууж байсан хүмүүст тараасны дараа загасыг ч мөн тараав. Хүмүүс цадталаа иджээ. 12 Хүмүүс цадахад Есүс шавь нартаа «Юу ч хаяхгүйн тулд үлдсэнийг нь цуглуул» гэв. 13 Арвайн таван талхнаас идээд үлдээснийг нь цуглуулахад 12 сагс дүүрэв.
14 Есүсийг гайхамшиг үйлдэхийг харсан хүмүүс: «Энэ бол хүн төрөлхтөн рүү ирэх ёстой өнөөх Зөнч үнэхээр мөн байна» гэх болжээ. 15 Тэд өөрийг нь хүчээр хаан болгохоор ирэх гэж байгааг мэдээд Есүс дахин уул руу ганцаараа явлаа.
16 Орой болоход шавь нар нуур луу очиж 17 завинд суугаад нуурын нөгөө талд буй Капернаум руу явав. Харанхуй болсон ч Есүс шавь нар луугаа ирээгүй байлаа. 18 Бас хүчтэй салхинаас болж нуурын давалгаа ширүүсжээ. 19 Тэд сэлүүрдсээр гурав дөрвөн бээр* хороогоод байтал Есүс нууран дээгүүр алхсаар завь руу ирэхийг хараад айлаа. 20 Харин Есүс тэдэнд «Би байна. Бүү ай!» гэж хэлэв. 21 Тэгэхэд шавь нар баярлан Есүсийг завиндаа суулгаад зорьсон газраа удалгүй хүрчээ.
22 Өглөө болжээ. Нуурын нөгөө талд үлдсэн хүмүүс жижиг завинаас өөр завь байгаагүйг мэдэж байсан бөгөөд шавь нар нь завьтайгаа явахад Есүс хамт яваагүйг ойлгов. 23 Есүс талархаж залбирсныхаа дараа талх тараасан тэр газрын ойролцоо Тибэрээс завинууд иржээ. 24 Тэгээд хүмүүс Есүс ч, шавь нар нь ч тэнд байхгүй байгааг хараад Есүсийг хайн Капернаум руу завиар явлаа.
25 Тэд Есүсийг нуурын нөгөө талаас олоод «Рабби, та хэзээ энд ирээ вэ?» гэж асуухад 26 Есүс: «Би батлан хэлье. Та нар гайхамшиг үзсэндээ бус, талх идэж цадсандаа намайг хайж байна. 27 Мууддаг хоолны төлөө биш, мөнх амьтай болгох хоолны төлөө ажилла. Үүнийг хүний Хүү та нарт өгнө. Учир нь түүнийг Эцэг Бурхан өөрөө таалан соёрхож тамгалсан юм» гэж хэлэв.
28 Тэгэхээр нь тэд: «Бурханд таалагддаг ажил хийе гэвэл бид яах ёстой вэ?» гэж асуухад 29 Есүс: «Бурхны илгээсэн хүнд итгэдэг бол Бурханд таалагддаг ажил хийж байгаа хэрэг» хэмээв. 30 Тэд: «Тэгвэл та биднийг итгүүлэхийн тулд ямар гайхамшиг үйлдэж байгаа юм бэ? Та одоо ямар ажил хийж байна вэ? 31 Өвөг дээдэс маань цөлд манна идсэн. Энэ тухай “Тэр тэдэнд тэнгэрээс талх өгсөн” гэж бичсэн байдаг» гэцгээв. 32 Хариуд нь Есүс: «Мосе та нарт тэнгэрээс жинхэнэ талх өгөөгүй, харин миний Эцэг та нарт тэнгэрээс жинхэнэ талх өгч байгааг батлан хэлье. 33 Бурхны өгч байгаа талх нь тэнгэрээс бууж ирээд хүмүүст амь өгч байгаа нэгэн юм» хэмээхэд 34 тэд: «Эзэн, тэгвэл бидэнд тэр талхыг өгч байгаач» гэжээ.
35 Есүс: «Би бол амь өгөгч талх. Намайг дагадаг хүн огт өлсөхгүй, надад итгэдэг хүн огт цангахгүй. 36 Та нар намайг харсан атлаа надад итгэдэггүй. Би үүнийг өмнө нь ч хэлж байсан. 37 Эцгээс надад өгсөн бүх хүн намайг дагадаг. Намайг дагадаг хүнийг би хөөхгүй. 38 Яагаад гэвэл би өөрийнхөө бус, намайг илгээсэн нэгний хүслийг биелүүлэхээр тэнгэрээс бууж ирсэн. 39 Өгсөн хүмүүсийнх нь нэгийг ч алдалгүй, харин эцсийн өдөр амилуулахыг намайг илгээсэн нэгэн надаас хүсдэг. 40 Хүүг нь хүлээн зөвшөөрдөг, Хүүд нь итгэдэг хүнийг Эцэг минь мөнх амьдруулахыг хүсдэг бөгөөд тийм хүнийг би эцсийн өдөр амилуулна» гэж ярилаа.
41 «Би бол тэнгэрээс бууж ирсэн талх» гэж хэлснээс нь болоод иудейчүүд Есүст дургүйцэн 42 «Энэ чинь Иосефын хүү Есүс мөн биз дээ? Бид эцэг эхийг нь мэднэ шүү дээ! Тэгээд яахаараа “Би тэнгэрээс бууж ирсэн” гэдэг билээ?» гэлцэв. 43 Есүс тэдэнд «Та нар ингэж ярихаа боль. 44 Намайг илгээсэн Эцэг татахгүй л бол хэн ч намайг дагахгүй. Би тэр хүнийг эцсийн өдөр амилуулна. 45 “Тэд бүгдээрээ Еховагаар* заалгана” гэж зөнчдийн номонд байдаг. Эцгийг сонсож, Эцгээс сурдаг хэн боловч намайг дагадаг. 46 Бурхны илгээсэн нэгнээс өөр хэн ч Эцгийг хараагүй. Тэр л ганцаараа Эцгийг харсан. 47 Итгэдэг хэн боловч мөнх амьтай гэдгийг батлан хэлье.
48 Би бол амь өгөгч талх. 49 Та нарын өвөг дээдэс цөлд манна идсэн ч үхсэн. 50 Харин энэ талх тэнгэрээс бууж ирсэн бөгөөд үүнээс идсэн хэн боловч үхэхгүй. 51 Би бол тэнгэрээс бууж ирсэн амь өгөгч талх. Энэ талхнаас идвэл мөнх амьдарна. Миний өгөх талх бол хүн төрөлхтнийг амьдруулахын тулд өгөх махан бие минь юм» гэж хэлжээ.
52 Тэгэхэд иудейчүүд: «Энэ хүн махан биеэ бидэнд идүүлэхээр яаж өгч чадах юм бэ?» гэж маргалдахад 53 Есүс: «Хүний Хүүгийн махыг идэж, цусыг уухгүй бол та нар амьдрахгүй* гэдгийг батлан хэлье. 54 Махыг минь идэж, цусыг минь уудаг хэн боловч мөнх амьдрах бөгөөд би тэр хүнийг эцсийн өдөр амилуулна. 55 Учир нь миний махан бие бол жинхэнэ хоол, миний цус бол жинхэнэ ундаа юм. 56 Махыг минь идэж, цусыг минь уудаг хэн боловч надтай, би тэр хүнтэй санаа нийлдэг. 57 Амьд оршигч Эцэг намайг илгээсэн бөгөөд би Эцгийн ачаар амьд байдаг шиг миний махыг иддэг хүн миний ачаар амьд байна. 58 Энэ бол тэнгэрээс бууж ирсэн талх бөгөөд танай өвөг дээдсийн идсэн тэр талхтай адилгүй юм. Тэд талх идсэн ч үхсэн. Харин энэ талхыг иддэг хэн боловч мөнх амьдарна» хэмээжээ. 59 Есүс Капернаумын синагогт* очоод сургаал айлдаж байхдаа энэ бүхнийг өгүүлэв.
60 Үүнийг сонсоод олон шавь нь: «Юу ярих нь энэ вэ? Яаж ийм үг сонсох юм бэ?» гэжээ. 61 Шавь нарынхаа дургүйцэж байгааг Есүс мэдээд «Ийм юм ярилаа гэж тэгтлээ их гайхаж байгаа юм уу? 62 Тэгвэл хүний Хүү хаана байсан, тийшээгээ буцаж дээш гарахыг та нар харвал яах болж байна вэ? 63 Бурхны агуу хүч амь өгөх чадалтай, харин махан бие яагаад ч чадахгүй. Миний хэлсэн үгийн эх булаг нь Бурхны агуу хүч. Миний үг та нарыг мөнх амьдруулах чадалтай. 64 Харин та нарын зарим нь итгэхгүй байна» гэлээ. Учир нь Есүс хэн өөрт нь итгэхгүй байгааг, хэн өөрөөс нь урвахыг анхнаасаа мэдэж байв. 65 Тэгээд цааш нь «Эцэг татахгүй л бол хэн ч намайг дагахгүй гэж хэлсэн минь ийм учиртай» хэмээжээ.
66 Энэ явдлаас болж олон шавь нь урьдын ажлаа хийж эхлэн Есүсийг дагахаа болив. 67 Тиймээс Есүс 12 элчээсээ «Та нар бас явмаар байна уу?» гэж асуухад 68 Петр гэгддэг Симон: «Эзэн, бид хэн рүү явах юм бэ? Мөнх амьдруулах чадалтай үг танд бий. 69 Таныг Бурхны илгээсэн ариун нэгэн гэдэгт бид итгэсэн, бас таньж мэдсэн» гэж хариулжээ. 70 Есүс тэдэнд «Арван хоёуланг чинь би сонгосон. Гэхдээ та нарын нэг гүтгэгч* юм» гэлээ. 71 Есүс Искариот Симоны хүү Юудасыг хэлсэн байжээ. Учир нь тэр 12 элчийн нэг байсан боловч Есүсээс урвах гэж байв.