Матайн бичсэн сайн мэдээ
19 Есүс энэ бүхнийг ярьж дуусаад Галилаас явж Иорданы чанад дахь Иудей нутгийн захад ирэв. 2 Олон хүн түүнийг дагажээ. Есүс тэднийг эдгээв.
3 Фарисайчууд Есүсийг сорихоор ирээд «Ямар нэг шалтгаанаар эхнэрээсээ салж болох уу?» гэж асуухад 4 тэрээр: «Хүнийг анхнаас нь эрэгтэй, эмэгтэйгээр нь бүтээснийг та нар уншаагүй юм уу? 5 Бурхан: “Тиймээс эр хүн эцэг эхээ орхиж, эхнэртэйгээ нийлээд* нэг бие болно” хэмээсэн. 6 Тэгэхээр, тэд цаашдаа хоёр биш, нэг бие юм. Тиймээс Бурхны нийлүүлснийг* хэн ч бүү салгаг» гэж хэллээ. 7 Тэгтэл фарисайчууд: «Тэгвэл эхнэртээ салсныг гэрчилсэн бичиг өгөөд салахыг Мосе яагаад тушаасан юм бэ?» гэхэд 8 «Та нар хатуу сэтгэлтэй учраас Мосе та нарт эхнэрээсээ салахыг зөвшөөрсөн болохоос бус анхнаасаа тийм байгаагүй юм. 9 Тиймээс эхнэр нь садар самуун явдалд* орооцолдоогүй атал эхнэрээсээ салж өөр эмэгтэйтэй гэрлэсэн хэн боловч завхайрсан хэрэг» гэж хариулав.
10 Тэгтэл шавь нар нь ирээд «Хэрэв эхнэр нөхөр хоёр ийм байх ёстой юм бол гэрлэхгүй байх нь дээр юм байна» гэхэд 11 Есүс: «Хүн болгон тэгж чадахгүй л дээ. Гэхдээ Бурхнаас тусламж авдаг* хүн л чадна. 12 Учир нь төрөлхийн тайган хүн байдаг. Агтлуулсан хүн ч байдаг. Бас тэнгэрийн Хаант төрийн төлөө гэрлэхээс татгалздаг* хүн ч бий. Гэрлэхгүй байж чадах нь гэрлэхгүй байг» гэв.
13 Хүмүүс Есүсийн гарыг тавиулж залбируулахаар хүүхдүүдээ авчрахад шавь нар нь зэмлэв. 14 Гэтэл Есүс: «Хүүхдүүдийг ирүүл. Тэднийг бүү хорь. Учир нь тэнгэрийн Хаант төр энэ хүүхдүүд шиг хүмүүсийнх юм» гэж хэлээд 15 тэдний дээр гараа тавив. Ингээд тэндээс явжээ.
16 Нэг залуу ирээд «Багш аа, мөнх амьтай болохын тулд би ямар сайн үйл хийх ёстой вэ?» гэж асуув. 17 Есүс: «Юуг сайн гэхийг яагаад надаас асууна вэ? Сайн нэгэн* нь ганц байдаг. Чи мөнх амьтай болохыг хүсэж байгаа бол Бурхны тушаалуудыг сахиж яв» гэсэнд 18 «Алийг нь вэ?» гэж асуув. Есүс: «Хүн бүү ал, бүү завхайр, бүү хулгайл, бүү худал гэрчил, 19 эцэг эхээ хүндэл, өөрийгөө хайрладаг шигээ бусдыг хайрла» гэж хэлэхэд 20 залуу: «Би энэ бүх тушаалыг сахиж ирсэн. Өөр яах хэрэгтэй вэ?» гэж асуужээ. 21 Есүс: «Хэрэв чи төгс байя* гэвэл эд хөрөнгөө зараад ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эд баялагтай болно. Тэгээд ирж миний дагалдагч бол» гэж хэлэв. 22 Өнөөх залуу энэ үгийг сонсоод царай нь барайснаа яваад өгчээ. Учир нь тэрээр маш баян хүн байжээ. 23 Тэгэхэд нь Есүс шавь нартаа «Баян хүн тэнгэрийн Хаант төрд орох амаргүй. 24 Дахиад хэлье. Баян хүн Бурхны Хаант төрд орохоос тэмээ зүүний сүвэгчээр орох нь амар» гэжээ.
25 Энэ үгийг сонсоод шавь нар нь ихэд гайхан «Тэгвэл аврагдах хүн байна уу?» гэж асуухад 26 Есүс тэднийг анхааралтай харж «Энэ нь хүнд боломжгүй. Харин Бурханд бүх юм боломжтой» гэж хэллээ.
27 Тэгтэл Петр: «Бид бүхнээ орхиод таныг дагасан. Тэгвэл бид юу хүртэх вэ?» гэхэд 28 Есүс: «Хүний Хүү сүр жавхлант сэнтийдээ залрахад Бурхан бүх юмыг шинээр бүтээнэ. Тэр цагт, намайг дагасан та нар Израйлын 12 овгийг шүүн 12 сэнтийд заларна гэдгийг батлан хэлье. 29 Миний төлөө гэр орон, ах эгч дүү, эцэг эх, үр хүүхэд, эдлэн газраа орхисон хүн бүр 100 дахин ихийг авах бөгөөд бас мөнх амийг өвлөнө.
30 Гэхдээ эхэнд байгаа олон хүн сүүлчийнх болж, сүүлд байгаа олон хүн эхнийх болно» гэлээ.