Рут
1 Шүүгчид удирдаж байх үед Израйлд өлсгөлөн болов. Нэгэн хүн эхнэр, хоёр хүүтэйгээ харийн нутаг Моабт амьдрахаар Иудагийн Бетлехемээс явжээ. 2 Тэр хүнийг Елимелех* гэдэг бөгөөд эхнэрийг нь Наоми*, хоёр хүүг нь Махлон*, Хилион* гэдэг аж. Тэд Иудагийн Бетлехем буюу Ефратагийнх бөгөөд Моабын нутагт очиж суурьшжээ.
3 Хэсэг хугацааны дараа Наомигийн нөхөр Елимелех нас барж, Наоми хоёр хүүтэйгээ үлдэв. 4 Үүний дараа хөвгүүд нь моаб эмэгтэйчүүдтэй гэрлэсэн ба нэгийг нь Орпа, нөгөөг нь Рут гэдэг байв. Тэд тэндээ арваад жил амьдарчээ. 5 Тэгтэл хөвгүүд нь болох Махлон Хилион хоёр ч нас барж, Наоми нөхөр ч үгүй, хүүхэд ч үгүй хоцров. 6 Еховаг ард түмнээ дахин ивээж хоол хүнс өгч байгааг Наоми Моабт байхдаа дуулаад хоёр бэртэйгээ Моабын нутгаас хөдлөв.
7 Тэрбээр амьдран сууж байсан нутгаасаа хоёр бэртэйгээ гарав. Иуда руу буцах замдаа 8 Наоми хоёр бэрдээ «Та хоёр ээж дээрээ очиж амьдарцгаа даа. Нас барсан хөвгүүдийг минь, бас намайг үнэнчээр хайрласны чинь адилаар Ехова та хоёрыг үнэнчээр хайрлаг! 9 Ехова та хоёрыг гэр бүлтэй болгож, амар тайван амьдруулах болтугай» гэж ерөөв. Тэгээд тэднийг үнсэж, гурвуулаа цурхиран уйлав. 10 Орпа Рут хоёр: «Бид тантай хамт таны ард түмэн рүү явна» гэсээр байв. 11 Наоми тэдэнд «Буцацгаа охид минь, яагаад надтай хамт явах гээд байгаа юм бэ? Та нартай гэрлэх хөвгүүдийг би төрүүлж чадна гэж үү? 12 Буцацгаа охид минь, буц. Би нөхөрт гарахад дэндүү хөгшиднө. Өнөөдөр нөхөрт гараад хөвгүүд төрүүллээ гэхэд 13 та нар тэднийг өсөж том болохыг хүлээгээд хүнтэй гэрлэхгүй байх юм гэж үү? Охид минь, тэгж болохгүй. Ехова намайг шийтгэснээс болж та хоёрт юу тохиолдсоныг бодохоор их шаналах юм» гэж хэллээ.
14 Тэд дахин цурхиран уйлав. Орпа хадам ээжийгээ үнсээд явав. Харин Рут Наомигаас салахгүй байв. 15 Тэгэхэд Наоми: «Орпа ард түмэн рүүгээ, бурхад руугаа буцлаа. Чи ч бас цуг буц даа» гэжээ.
16 Рут: «“Намайг хаяад яв, надаас сал” гэж битгий ятгаач. Таныг хаашаа ч явсан би хамт явна. Таныг хаана ч хоносон, би хамт хононо. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан. 17 Таныг хаана үхнэ, би тэнд үхнэ, тэнд оршуулагдана. Үхэхээс бусдаар танаас салбал Ехова намайг хатуу шийтгэг!» гэжээ.
18 Рут хамт явна гэж зүтгэсээр байсан тул Наоми ятгахаа болив. 19 Тэд явсаар Бетлехемд хүрэв. Тэднийг очмогц хотынхон шуугьж, эмэгтэйчүүд: «Энэ Наоми мөн гэж үү?» гэцгээв. 20 Наоми тэдэнд «Намайг Наоми* гэж бүү дууд. Мара* гэж дууд. Учир нь Төгс хүчит Нэгэн намайг гашуун зовлонд унагасан. 21 Би юм юмтай гарч явсан ч, Ехова намайг юу ч үгүй буцааж авчирлаа. Ехова миний эсрэг байж Төгс хүчит Нэгэн надад гай зовлон учруулсан байхад юунд та нар намайг Наоми гэж дуудна вэ?» гэжээ.
22 Ийнхүү Наоми моаб бэр Рутээ дагуулан Моабын нутгаас Бетлехемд ирсэн юм. Тэд арвай хурааж эхлэх үеэр иржээ.