Дэд хууль
18 Леви тахилчид, цаашлаад леви овгийнхон тэр чигээрээ бусад израйлчуудын хувиас хүртэхгүй, өвөөс өвлөхгүй. Тэд Еховад шатаан өргөх өргөлүүдээс идэх бөгөөд тэдгээр нь түүнийх юм. 2 Тэд ах дүүсийнхээ дунд өв өвлөх ёсгүй. Ехова айлдсан ёсоороо өөрөө тэдний өв байх юм.
3 Ард олон бух юм уу хониор тахил өргөвөл тахилчийн хүртэх хувь нь дал, эрүү, гэдэс дотор байх юм. 4 Мөн үр тариа, шинэ дарс, тос, хонины ноосны дээж тахилчдынх болох ёстой. 5 Ехова Бурхан чинь танай бүх овгийн дундаас левичүүдийг өөртөө үйлчлүүлэхээр сонгосон. Тэд хүүхдүүдтэйгээ Еховад үргэлж тахилчаар үйлчилнэ.
6 Хэрэв хэн нэг леви хүн Израйл дахь амьдарч байсан хотоо орхин Еховагийн сонгосон* газар луу явахыг хүсвэл 7 Еховагийн өмнө үйлчилдэг леви ах дүүс шигээ Еховагийн нэр дор тэнд үйлчилж болно. 8 Тэрбээр тэдэнтэй адил хэмжээний хоол хүнс хүртэнэ. Мөн эцэг өвгөдөөсөө өвлөж авсан хөрөнгөө зарж олсон мөнгөө өөрөө авна.
9 Та нар Ехова Бурхныхаа өгч байгаа газар нутагт ороод тэдгээр үндэстний жигшүүртэй зан үйлийг дуурайх гэж бүү оролд! 10 Та нарын дунд хүү юм уу охиноо галд шатаагч*, мэргэ төлгөч, ид шидтэн, совин тайлагч, илбэчин, 11 хараалч, сүнс дуудагч, зөгнөгч, сүнстэй харьцагч байж болохгүй. 12 Ийм зүйл үйлдэгчдийг Ехова жигшдэг. Өмнө чинь байгаа үндэстнүүдийг Ехова Бурхан чинь ийм жигшүүртэй үйл хэргээс нь болоод хөөн зайлуулж байгаа юм. 13 Та нар Ехова Бурхныхаа өмнө гэм зэмгүйгээ батлах ёстой.
14 Та нарын эзлэх гэж байгаа эдгээр үндэстэн ид шидтэн, мэргэ төлгөчдийн үгийг сонсдог. Харин Ехова Бурхан чинь та нарыг тийм байж болохгүй гэсэн. 15 Та нарын Бурхан Ехова ах дүүгийн чинь дундаас над шиг зөнчийг гаргаж ирнэ. Та нар хэлснийг нь биелүүлэх ёстой. 16 Энэ нь Хореб ууланд чуулган болсон өдөр Ехова Бурхнаасаа гуйсны чинь дагуу болсон юм. Тэгэхэд та нар: “Ехова Бурхны маань дууг цааш нь битгий сонсгооч. Бас энэ их галыг битгий харуулаач. Бид үхэх нь” гэсэн. 17 Ехова надад: “Тэд зөв юм хэллээ. 18 Би тэдний төлөө ах дүүгийн чинь дундаас чам шиг зөнчийг гаргаж ирнэ. Би ярих үгийг нь зааж өгөхөд тэрбээр тэдэнд миний тушаасан болгоныг дамжуулна. 19 Түүнийг миний нэрээр миний үгсийг дамжуулахад хэн үл сонсоно, би тэр хүнтэй тооцоо бодно.
20 Ярихыг минь тушаагаагүй юмыг хэн нэг зөнч миний нэрээр дур мэдэн ярих юм уу бусад бурхны нэрээр яривал тэр зөнчийг хөнөөх ёстой. 21 Гэхдээ та нар: «Ехова айлдаагүй гэдгийг бид яаж мэдэх юм бэ?» гэж бодож магадгүй. 22 Тэр зөнчийн Еховагийн нэрээр хэлсэн зүйл нь болох ч үгүй, биелэх ч үгүй байвал Ехова тэгж айлдаагүй гэсэн үг. Тэр зөнч дураараа ярьсан учраас түүнээс бүү айж эмээ” гэж айлдсан.