Лукийн бичсэн сайн мэдээ
15 Татвар хураагчид, нүгэлтнүүд бүгдээрээ Есүсийн үгийг сонсохоор цуглахад 2 фарисайчууд болон хуулийн багш нар: «Энэ хүн нүгэлтнүүдэд найр тавьж, хамт хоол идэх юм» хэмээн шивнэлджээ. 3 Тэгэхэд нь Есүс ийм жишээ хэлжээ. 4 «Та нарын нэг нь 100 хоньтой байжээ. Нэг нь төөрвөл 99 хонио хээр орхиод алдагдсан хонио олтлоо хайхгүй гэж үү? 5 Хонио олбол мөрөндөө тэгнээд баяр хөөртэй буцна. 6 Гэртээ ирээд найзууд болон хөршүүдээ дуудаад “Төөрсөн хонио би оллоо. Надтай хамт баярлацгаа” гэх болно. 7 Үүнтэй адил явдал тэнгэрт болдог. Бурхны таалалд нийцүүлдэг, гэмших шаардлагагүй 99 хүн байна гэж баярлахаас илүүгээр нэг нүгэлтэн гэмшвэл тэнгэрт баяр хөөр болдог.
8 Арван мөнгөн зоосныхоо* нэгийг алга болгочихсон эмэгтэй дэн асаагаад гэрээ шүүрдэж, зоосоо олтлоо цөхрөлтгүй хайхгүй гэж үү? 9 Зоосоо олоод найзууд болон хөршүүдээ дуудаж “Би зоосоо оллоо. Надтай хамт баярлацгаа” гэх болно. 10 Үүнтэй адилаар, нэг нүгэлтэн гэмшихэд Бурхны тэнгэрийн элчүүд баяр хөөр болдог».
11 Үүний дараа Есүс ийн ярив. «Хоёр хүүтэй нэг хүн байжээ. 12 Отгон хүү нь: “Аав аа, эд хөрөнгөнөөсөө надад оногдох хувийг өгөөч” гэхэд эцэг нь хоёр хүүдээ хөрөнгөө хувааж өгчээ. 13 Удалгүй отгон хүү хамаг хөрөнгөө аваад алс холын оронд очиж, замаа алдаж* байдгаа үрэн таран хийв. 14 Бүх юм нь барагдах үед тэр нутагт өлсгөлөн болж, хүү гачигдаж дутагдахын зовлон үзжээ. 15 Аргаа бараад уг нутгийн нэгэн хүнд зарагдаж, талбайд нь гахай хариулах боллоо. 16 Гахайн идэж байсан буурцгаар гэдсээ дүүргэхийг хүссэн ч, хэн ч юу ч өгсөнгүй.
17 Яваандаа хүү ухаарч, ингэж хэлжээ. “Би энд өлсөж үхэх гэж байхад эцгийн минь ажилчид цадталаа талх идэж байгаа! 18 Эцэгтээ очоод «Аав аа, би тэнгэр дэх Бурхны эсрэг, таны эсрэг нүгэл үйлджээ. 19 Одоо би таны хүү гэгдэх нь зохисгүй. Намайг хөлсний ажилчнаа болгооч» гэж хэлье”. 20 Тэгээд эцэг рүүгээ явлаа. Эцэг нь хүүгээ холоос хараад өрөвдөж, гүйн очоод тэвэрч үнсжээ. 21 Тэгэхэд хүү эцэгтээ “Аав аа, би тэнгэр дэх Бурхны эсрэг, таны эсрэг нүгэл үйлджээ. Одоо би таны хүү байх зохисгүй” гэж өчив. 22 Харин эцэг нь боолууддаа “Хурдал! Хамгийн сайн хувцас авчирч хүүд минь өмсгө. Гарт нь бөгж зүү, хөлд нь гутал өмсгө. 23 Бордсон бяруу авчирч төхөөрөөд идэж ууцгаая, найр хийе. 24 Учир нь хүү маань үхсэн боловч амиллаа. Алга болсон боловч олдлоо” хэмээв. Ингээд найр хийжээ.
25 Талбайд ажиллаж байсан ууган хүү нь ирж явахдаа гэрээс нь дуу хуур, бүжиглэх чимээ гарахыг сонсов. 26 Тэгээд нэг зарцаа дуудан юу болж байгааг асуухад 27 “Дүү тань ирсэн. Эсэн мэнд ирсэн учир аав тань бордсон бяруу төхөөрүүлсэн юм” гэжээ. 28 Гэтэл ууган хүү уурлаж гэрт орсонгүй. Тэгэхэд эцэг нь гарч ирээд түүнийг аргадав. 29 Хүү нь: “Би энэ олон жил танд зарагдаж, үгнээс тань гарч байсан удаагүй. Тийм байтал найзуудтайгаа баярлаж хөгжилдөхөд та ганц ишиг ч өгч байгаагүй шүү дээ. 30 Харин янхнуудтай нийлж хөрөнгийг тань үрсэн энэ хүүгээ ирэнгүүт бордсон бяруу төхөөрч байдаг” гэжээ. 31 Тэгэхэд эцэг нь: “Хүү минь дээ. Чи үргэлж надтай хамт байсан. Минийх гэсэн болгон чинийх шүү дээ. 32 Дүү чинь үхсэн боловч амиллаа. Алга болсон боловч олдлоо. Иймээс бид найр хийж, баярлах учиртай юм” хэмээв».