Дуулал
115 Биднийг биш, Ехова, биднийг биш,
Харин та өөрийнхөө нэрийг алдаршуулаач.
Учир нь та үнэнчээр хайрладаг, итгэмжит Бурхан билээ.
2 Үндэстнүүд яагаад
«Тэдний Бурхан хаана байгаа юм бэ?» гэж хэлэх ёстой вэ?
3 Бидний Бурхан тэнгэрт байж
Юу хүссэнээ хийдэг.
4 Тэдний шүтээн бол алт, мөнгө бөгөөд
Хүний гарын бүтээл юм.
5 Тэд амтай боловч ярьдаггүй.
Нүдтэй боловч хардаггүй.
6 Чихтэй боловч сонсдоггүй.
Хамартай боловч үнэрлэдэггүй.
7 Гартай боловч барьдаггүй.
Хөлтэй боловч явдаггүй.
Хоолойноос нь дуу ч гардаггүй.
8 Тэдгээрийг бүтээгчид,
Тэдэнд найдагчид бүгдээрээ тийм л болно.
9 Израйл аа, Еховад найд.
Тэрбээр чиний тусламж ба бамбай юм.
10 Аароны удам аа, Еховад найд.
Тэрбээр та нарын тусламж ба бамбай юм.
11 Еховагаас эмээгч та нар Еховад найд.
Тэрбээр та нарын тусламж ба бамбай юм.
12 Ехова биднийг санаж, ивээнэ.
Тэрбээр Израйлын үр удмыг ивээнэ.
Аароны үр удмыг ивээнэ.
13 Ехова өөрөөс нь эмээдэг
Хөгшин, залуу* хэн бүхнийг ивээнэ.
14 Ехова Бурхан та нарыг өсгөж,
Үр хүүхдийг чинь өнөр өтгөн болгоно.
15 Тэнгэр газрыг Бүтээгч Ехова
Та нарыг ивээх болтугай.
16 Тэнгэр нь Еховагийнх.
Харин газрыг тэрбээр хүмүүст өгсөн.
17 Үхэгсэд Яаг магтахгүй.
Үхлийн аниргүй газар луу явагчид түүнийг магтахгүй.
18 Гэвч бид Яаг
Одооноос үүрд мөнхөд магтана.
Яаг магтагтун*!