Нэгдүгээр Коринт
6 Та нар нэгэнтэйгээ заргалдахаараа ариун хүмүүсээр биш, Бурхныг мэддэггүй* хүмүүсээр шүүлгэдэг нь ямар учиртай юм бэ? 2 Ариун хүмүүс ертөнцийг шүүнэ гэдгийг та нар мэддэггүй юм уу? Ертөнцийг шүүх та нар аар саархан хэргийг шүүж чадахгүй гэж үү? 3 Тэнгэрийн элчүүдийг ч шүүнэ биз дээ? Тийм атал өнөөгийн амьдралд тохиолддог аар саар юмыг яагаад шүүж болохгүй гэж? 4 Хэрэг зарга байдаг юм гэхэд Бурхныг мэддэггүй хүмүүсээр яагаад шийдүүлдэг юм бэ? 5 Та нарыг ичээсэй гэсэндээ ингэж хэлж байна. Итгэл нэгтнүүдийнхээ заргыг шийдэж чадах мэргэн хүн та нарын дунд ганц ч байхгүй гэж үү? 6 Итгэл нэгтнээ шүүхэд өгч, Бурхныг мэддэггүй хүнээр шүүлгэж байх ч гэж дээ!
7 Нэг нэгнээ шүүхэд өгснөөрөө та нар өөрсдийгөө шившиг болгодог. Яагаад хохирч болдоггүй юм бэ? Яагаад мэхлүүлж болдоггүй юм бэ? 8 Гэтэл та нар итгэл нэгтнүүдээ хохироож, мэхэлж байх ч гэж дээ!
9 Бурхны зөв гэж үздэг юмыг хийдэггүй хүн Хаант төрд нь багтахгүй гэдгийг та нар мэддэггүй юм уу? Бүү мэхлэгд! Садар самуун* явдалтан, шүтээн шүтэгч, завхайрагч, эр хүнд биеэ үнэлдэг эр, ижил хүйстэнтэйгээ явалддаг эр, 10 хулгайч, шуналтан, архичин, үг хэлээр дайрч доромжлогч, дээрэмчин Бурхны Хаант төрд багтахгүй. 11 Та нарын зарим нь тийм байсан. Гэхдээ Бурхан та нарыг Эзэн Есүс Христийн нэрэнд итгэдэг учраас агуу хүчээрээ угаасан, ариусгасан, зөв гэж үзсэн.
12 Би бүх юмыг хийж болох ч бүх юм тустай биш. Би бүх юмыг хийж болох ч юунд ч автахгүй. 13 Хоол нь ходоодонд, ходоод нь хоолонд зориулагддаг. Гэхдээ Бурхан аль алийг нь үгүй хийнэ. Биеийг садар самуун явдалд бус, Эзний үйл хэрэгт зориулах ёстой. Эзэн биеийг тэтгэдэг. 14 Харин Эзнийг амилуулсан хүч чадалтай Бурхан биднийг ч амилуулна.
15 Та нарын бие бол Христийн эрхтнүүд гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгвэл би Христийн эрхтнүүдийг аваад янхны эрхтэн болгож болох уу? Яавч болохгүй шүү дээ! 16 Янхантай нийлсэн хэн боловч янхантай нэг бие болно гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Учир нь «хоёр хүн нэг бие болно» гэж Бурхан хэлсэн шүү дээ. 17 Харин Эзэнтэй нийлсэн хэн боловч түүнтэй нэг бодолтой болдог. 18 Садар самуун* явдлаас зугтагтун! Өөр нүгэл үйлдвэл биеэ хохироохгүй. Харин садар самуун явдалд орооцолдвол биеэ хохирооно. 19 Та нарын бие бол Бурхны агуу хүч оршдог сүм гэдгийг мэдэхгүй гэж үү? Та нар одоо өөрсдийнхөө мэдлийнх биш ээ. 20 Яагаад гэвэл Бурхан та нарыг их өндөр үнээр худалдаж авсан шүү дээ. Тиймээс Бурхныг алдаршуулахад биеэ зориул.