Дэд хууль
10 Тэгэхэд Ехова надад “Чи анхных шигээ хоёр чулуун хавтан хийгээд над руу уулан дээр гарч ирэгтүн. Бас модон авдар хий. 2 Би тэр хавтангууд дээр, чиний өмнө нь буталсан анхны хавтангууд дээр байсан үгийг бичнэ. Чи тэр хоёр хавтанг авдарт хийх ёстой” гэж хэлсэн. 3 Тэгээд би хуайс модоор авдар, чулуугаар анхных шигээ хоёр хавтан хийгээд хавтангуудаа бариад уул руу гарсан юм. 4 Чуулган болсон өдөр уулан дээр, галан дундаас Ехова 10 тушаалаа та нарт хэлсэн. Ехова өнөөх 10 тушаалыг өмнө нь бичсэн шигээ тэр хоёр хавтан дээр бичээд надад өгсөн юм. 5 Тэгээд би уулаас буугаад Еховагийн тушаасан ёсоор өнөөх урласан авдартаа хавтангуудыг хийсэн. Хавтангууд одоо ч тэндээ байгаа.
6 Дараа нь бид Беерот Бене-Иааканаас хөдөлж, Мосера руу явсан. Тэнд Аарон нас барж түүнийг тэнд оршуулсан. Хүү Елеазар нь оронд нь тахилч болсон билээ. 7 Тэндээсээ бид Гудгода руу хөдөлж Гудгодагаасаа гол горхи* элбэгтэй нутаг болох Иотбата руу явсан.
8 Тэр үед Ехова Леви овгийнхноор Еховагийн авдрыг одоогийнх шиг зөөлгөж, Еховагийн өмнө үйлчлүүлж, өөрийнхөө нэрээр ард олныг ерөөлгөхийн тулд тэднийг тусгаарласан. 9 Тиймээс левичүүдэд ах дүүсийнх нь дунд хувь ч, өв ч өгөөгүй юм. Ехова Бурхны чинь левичүүдэд хэлснээр Ехова өөрөө тэдний өв билээ. 10 Би уулан дээр анхных шигээ 40 өдөр, 40 шөнө байсан. Ехова тэр үед ч бас намайг сонссон. Ехова та нарыг устгахгүй байхаар шийдсэн билээ. 11 Тэгээд Ехова надад “Миний тэдэнд өгөхөөр өвөг дээдэст нь тангарагласан газар луу тэднийг аваачиж эзэмшүүлэхийн тулд энэ ард түмнийг тэргүүлэн аян замаа цааш үргэлжлүүл” гэж айлдсан юм.
12 Израйл аа, Ехова Бурхан чинь чамаас юу хүсдэг вэ? Гагцхүү Ехова Бурхнаасаа эмээж, заасан замаар нь үргэлж явж, өөрийг нь хайрлаж, Ехова Бурхандаа бүх зүрх сэтгэл, амь амьдралаа зориулан үйлчилж, 13 мөн өөрсдийн чинь сайн сайхны төлөө миний та нарт өгч байгаа Еховагийн тушаал, зарлигуудыг сахиасай гэж хүсдэг. 14 Тэнгэр хийгээд хамгийн дээд тэнгэр ч, газар дэлхий хийгээд түүнд оршдог бүхэн ч Ехова Бурхных чинь билээ. 15 Тэгсэн атал Ехова зөвхөн танай эцэг өвгөдтэй л дотносож, хайраа илэрхийлж үр удам нь болох та нарыг бүх үндэстний дундаас сонгосон. Одоо та нар түүнийх. 16 Иймээс одоо та нар зүрх сэтгэлээ ариусгаж*, зөрүүдлэн гөжүүдлэхээ больцгоо. 17 Учир нь Ехова Бурхан чинь бурхдын Бурхан, эздийн Эзэн, агуу, хүчирхэг, сүрдэн бишрэм Бурхан бөгөөд хэнийг ч алаг үздэггүй, хээл хахууль ч авдаггүй. 18 Тэрбээр эцэггүй* хүүхэд, бэлэвсэн эмэгтэйд шударга ёсоор хандаж, харь хүнийг хайрлаж, хоол хүнс, хувцас хунараар хангадаг. 19 Та нар ч гэсэн харь хүнийг хайрлах ёстой. Яагаад гэвэл та нар ч Египетэд харь хүн байсан.
20 Та нар Ехова Бурхнаасаа эмээж, түүнд үйлчилж, түүнээс зуурч, нэрээр нь тангараглах ёстой. 21 Тэр бол та нарын магтах ёстой Нэгэн. Тэрбээр нүдэн дээр чинь энэ бүх агуу, сүрдэн бишрэм зүйлсийг та нарын төлөө үйлдсэн та нарын Бурхан. 22 Танай эцэг өвгөд 70-уулаа Египет рүү явж байсан бол одоо Ехова Бурхан чинь та нарыг тэнгэрийн одод мэт олон болгожээ.