Дэд хууль
17 Та нар Ехова Бурхандаа зориулж согогтой юм уу ямар нэг бэртэл гэмтэлтэй үхэр, хониор тахил өргөж болохгүй. Учир нь тэдгээрийг Ехова Бурхан чинь жигшдэг.
2 Ехова Бурхны чинь та нарт өгч буй хотуудын аль нэгэнд та нарын дунд суудаг эрэгтэй юм уу эмэгтэй хүн Ехова Бурхны чинь буруу гэж үздэг зүйлийг хийж, гэрээг нь зөрчин, 3 завхарч, өөр бурхдыг шүтэн тэдэнд эсвэл нар, сар, тэнгэрийн алив эрхэст мөргөж миний тушаагаагүй юмыг хийсэн нь 4 та нарт дуулдаж мэдэгдвэл тэр хэргийг сайтар шалгагтун. Хэрэв Израйлд үнэхээр тийм жигшүүртэй юм болсон нь батлагдвал 5 та нар бузар муу юм хийсэн тэр эрэгтэй юм уу эмэгтэй хүнийг хотынхоо дааман хаалга руу аваачаад чулуу шидэж ал. 6 Алуулах хүнийг хоёроос гурван гэрчийн амаар алагтун. Харин ганц гэрчийн амаар бүү ал. 7 Тэр хүн рүү эхлээд гэрчүүд, дараа нь бусад хүн чулуу шиднэ. Та нар дундаасаа муу муухай хэргийг тэгж зайлуул.
8 Хэрэв хотуудын чинь аль нэгэнд хүн амины хэрэг, гомдол зарга, танхайн хэрэг, иргэний маргаан гэх зэрэг шийдвэрлэхэд хүнд хэрэг гарвал та нар Ехова Бурхныхаа сонгосон газар луу яв. 9 Леви тахилчид болон тухайн үеийн шүүгч дээр очоод асууж лавла. Тэд та нарт шийдэж өгнө. 10 Тэгэхээр нь та нар Еховагийн сонгосон газраас буулгах тэр тушаалыг сахих ёстой. Зааварласан бүхнийг нь чандлан сахигтун. 11 Тэдний үзүүлсэн хууль, хэлсэн шийдвэрийнх нь дагуу гүйцэтгэ. Шийдвэрээс нь гажиж болохгүй. Баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай. 12 Ехова Бурханд чинь үйлчилдэг тахилчийг юм уу шүүгчийг сонсолгүй бардам загнасан хүнийг хөнөөгтүн. Та нар дундаасаа муу муухай явдлыг ингэж зайлуул. 13 Тэгвэл бүх хүн тэр тухай сонсоод айн эмээж, дахин бардам загнахгүй.
14 Та нар Ехова Бурхныхаа өгч байгаа нутагт ороод эзэмшин суухдаа “Бусад үндэстэн шиг хаантай болцгооё” гэж хэлбэл 15 Ехова Бурхныхаа сонгосон хүнийг л хаанаар томилох ёстой. Ингэхдээ ах дүүсээсээ томил. Харийн хүнийг томилж болохгүй. 16 Хаан адууныхаа тоог олшруулж болохгүй. Адуугаа өсгөхөөр хүмүүсийг Египет рүү буцаах ёсгүй. Учир нь Ехова: “Та нар энэ замаар дахин хэзээ ч буцах ёсгүй” гэж айлдсан билээ. 17 Мөн хаан олон эхнэртэй байж болохгүй. Эс тэгвээс зүрх сэтгэл нь хувирна. Бас өөртөө зориулж алт мөнгийг асар ихээр хурааж хуримтлуулж болохгүй. 18 Тэрбээр хаан ширээнд суугаад левичүүдийн хадгалдаг номоос энэ хуулийг өөртөө зориулан хуйлмал номд хуулж бичих ёстой.
19 Түүнийгээ өөртөө байлгаж насан туршдаа унших ёстой. Тэгвэл тэрбээр Ехова Бурхнаасаа эмээхэд суралцаж, энэ хуулийн бүх үгийг сахиж, эдгээр зарлигийг даган мөрдөх юм. 20 Тэгснээр өөрийгөө ах дүүсээсээ дээр гэж үзэхгүй. Эдгээр тушаалаас баруун тийш ч, зүүн тийш ч хазайхгүй. Өөрөө ч, үр удам нь ч израйлчуудын дунд өнө удаан захирна.