Рут
2 Наомигийн нөхрийнх нь хамаатан маш баян хүн байжээ. Тэрбээр Елимелехийн ургийн хүн бөгөөд нэрийг нь Боаз гэдэг байв.
2 Моаб бүсгүй Рут Наомид «Тариан талбай руу явахыг минь зөвшөөрөөч. Надад сайн хандсан хүний араас явж, үлдэгдэл тариан түрүүг түүе» гэхэд Наоми: «Яв яв, охин минь» гэв. 3 Рут талбайд очин хадланчдын араас явж үлдэгдэл түрүүг түүж эхлэв. Тэгж яваад санамсаргүй Елимелехийн ургийн Боазын талбайд ирчихсэн байжээ. 4 Яг тэр үед Боаз Бетлехемээс ирж «Ехова та нартай хамт байг» гэж хадланчдад хэлэхэд тэд: «Ехова таныг ивээг» гэв.
5 Боаз хадланчдыг хариуцсан залуугаас «Энэ юун бүсгүй вэ?» гэж асуулаа. 6 Хадланчдыг хариуцсан залуу: «Моабын нутгаас Наомитай ирсэн моаб бүсгүй байгаа юм. 7 Тэрбээр: “Хадланчдын араас явж, хаягдсан* түрүү түүж болох уу?” гэж гуйсан юм. Өглөө ирснээсээ хойш амсхийлгүй ажиллаж байгаад одоо л саравчинд түр суугаад амарч байгаа нь энэ» гэж хэлэв.
8 Боаз Рутэд «Охин минь, сонс. Тариан түрүү түүхээр өөр талбай руу битгий яв. Өөр хаашаа ч битгий яв. Манай зарц охидыг бараад. 9 Манай хадланчдын хаана хадаж байгааг хараад дагаж яваарай. Чамд хүрч болохгүй гэж би залуустаа тушаасан. Чи цангавал усны сав руу очиж, залуусын татаж гаргасан уснаас уугаарай» гэж хэлжээ.
10 Тэгтэл Рут сөхөрч суугаад газар хүртэл бөхийн «Та намайг харь хүн байтал юунд сайн хандаж, анхаарна вэ?» гэв. 11 Боаз: «Нөхрөө өнгөрсний дараа хадам ээжийнхээ төлөө хийсэн бүхнийг чинь, эцэг эх, төрсөн нутгаа орхиод таньж мэдэхгүй ард түмэн дээр ирснийг чинь би бүгдийг нь дуулсан. 12 Ехова хийсэн бүхний чинь төлөө чамайг шагнаг. Далавчин дор нь хоргодох газар хайн ирсэн чамд Израйлын Бурхан Ехова шагналыг чинь бүрэн өгөг» гэв. 13 Тэгэхэд нь Рут: «Эзэнтэн минь, надад сайхан сэтгэл гаргасанд баярлалаа. Шивэгчин тань биш атал та намайг тайвшруулж, санааг минь амраах үг хэллээ» гэжээ.
14 Боаз хоолны цагаар Рутэд «Энд ирж талх ид. Цуунд дүрээд ид» гэж хэлэв. Рут тариа хадагчдын хажууд суулаа. Боазыг хуурсан тариа өгөхөд Рут цадталаа идээд заримыг нь үлдээв. 15 Рутыг тариан түрүү түүхээр босоход Боаз залуустаа «Хадсан* тариан түрүүнээс ч Рутэд түүлгэ. Битгий дээрэлхээрэй. 16 Бас атгасан тариан түрүүнээсээ заримыг нь зориуд түүлгэхээр үлдээгээрэй. Болиулах юм битгий хэлээрэй» гэж тушаав.
17 Рут үдэш болтол талбайд үлдэгдэл тариан түрүү түүв. Түүсэн тариагаа цайруулахад бараг нэг ефа* арвай болжээ. 18 Тэгээд арвайгаа аваад хот ороход хадам ээж нь түүснийг нь үзэв. Рут өдөр цадталаа идсэн тарианаасаа үлдсэнийг нь түүнд өглөө.
19 Хадам ээж нь: «Өнөөдөр хаанаас тариан түрүү түүв? Чи хаана ажилласан юм бэ? Чамд сайн хандсан хүн ерөөгдөг» гэжээ. Рут хэний талбайд ажилласан тухайгаа хадам ээждээ «Боаз гэдэг хүний талбайд ажилласан» гэж хэлэв. 20 Наоми бэрдээ «Амьд хүмүүс болон талийгаачдыг үнэнчээр хайрлахаа больдоггүй Ехова түүнийг ивээг» гээд цааш нь «Боаз бол манай хамаатан. Өвийг маань зольж авах эрхтэй хүмүүсийн нэг байгаа юм» гэв. 21 Моаб бүсгүй Рут: «Тэр хүн бас “Бүх ургацыг хурааж дуустал манай залуустай хамт бай” гэж хэлсэн» гэлээ. 22 Тэгэхэд Наоми: «Охин минь, өөр талбайд очиж ад үзэгдсэнээс Боазын шивэгчдийг бараадсан нь дээр» гэж хэлэв.
23 Иймд Рут Боазын шивэгчидтэй хамт байж арвай, улаан буудай хураах үе дуустал үлдэгдэл түрүүг түүв. Тэрбээр хадам ээжтэйгээ хамт амьдарч байлаа.