Эфэсчүүдэд бичсэн захидал
2 Та нар алдаа дутагдал, нүглийнхээ улмаас үхсэн байсан. Гэхдээ Бурхан амилуулсан. 2 Нэгэн цагт та нар өнөө үеийн* хүмүүсийг дагадаг байсан, дуулгаваргүй хүмүүст нөлөөлдөг агаар шиг тархмал хандлагыг бий болгосон захирагчийн хүсэлд нийцүүлж явсан. 3 Үнэндээ бид бүгдээрээ махан биедээ* захирагдаж, юу бодсоноо хийн махан биеийнхээ хүслийг дагадаг байсан бөгөөд бусадтай адил шийтгүүлбэл таарах хүүхдүүд байв. 4 Гэвч агуу их өршөөнгүй Бурхан биднийг асар их хайрласан учир 5 алдаа дутагдлынхаа улмаас үхсэн байхад маань амилуулж Христтэй нэгтгэсэн. Та нарыг нигүүлссэн учир аварсан. 6 Түүнээс гадна, Христ Есүсийг дагадаг биднийг амилуулж Христтэй хамт тэнгэрт суулгасан нь 7 Христ Есүсийг дагадаг биднийг ирэх үед* арвин их нигүүлсэх гэснийх юм.
8 Итгэсэн та нарыг Бурхан нигүүлсээд аварсан. Та нар үйлсээрээ аврагдсан бус, харин Бурхнаас бэлэг авсан. 9 Хийснийхээ хөлсөнд авдаг юм биш. Тиймээс өөрөөрөө сайрхах шалтгаан хэнд ч байхгүй. 10 Бид Бурхны бүтээл бөгөөд Христ Есүсийн дагалдагчдаар хийлгэхээр урьдаас төлөвлөсөн сайн үйлийн төлөө биднийг бүтээсэн.
11 Тиймээс хүнээр хөвч таслуулсан хүмүүс харь үндэстэн та нарыг «хөвч таслуулаагүй» гэж ярьдаг байсныг битгий мартаарай. 12 Тэр үед та нар израйлчуудын хувьд харийн хүн, Христийг мэддэггүй, амлалтын гэрээнд багтдаггүй, энэ ертөнцөд итгэж найдах юмгүй, Бурхныг мэддэггүй байсан. 13 Бурхнаас хол хөндий байсан та нар одоо Христ Есүсийн дагалдагч болсон бөгөөд Христийн цусны үнээр Бурхантай дотноссон. 14 Учир нь Христ хоёр бүлгийг нэгтгэн, тэднийг тусгаарлаж байсан ханыг нурааж, амар тайвныг авчирсан. 15 Тушаал, журам бүхий Хууль буюу дайсагналыг тэрээр биеэрээ үгүй хийсэн нь тэр хоёр бүлгийг өөртэйгөө нэгтгэж шинэ хүн болгох, амар тайвныг авчрах, 16 тарчлаах шонд* хадуулж үхсэнээрээ хоёр бүлэг хүнийг нэгэн бие болгон Бурхантай эвлэрүүлэх зорилготой байсных юм. Учир нь тэрээр дайсагналыг биеэрээ устгасан билээ. 17 Тэрээр ирээд амар тайвны тухай сайн мэдээг Бурхнаас хол хөндий байсан та нарт ч, Бурхантай дотно байгсдад ч тунхагласан. 18 Яагаад гэвэл Христээр дамжуулан хоёр бүлэг хүн буюу бид бүгдээрээ агуу хүчээр нь удирдуулан Эцэгтэй ямар ч саадгүй харьцдаг.
19 Тиймээс та нар одоо харийн хүн байхаа больж, ариун хүмүүстэй адил иргэн, Бурхны гэр бүлийн гишүүн болсон. 20 Та нар элчүүд болон зөнчдийн суурин дээр барилга мэт баригдсан бөгөөд булангийн тулгуур чулуу нь Христ Есүс өөрөө ажээ. 21 Бүх хэсэг нь бат бөх холбогдсон энэхүү барилга түүний ачаар Еховагийн* ариун сүм болж байна. 22 Христийн дагалдагч та нарыг ч Бурхан тэр барилгын хэсэг болгон бусадтай нийлүүлэн барьсан. Тэнд Бурхан агуу хүчээрээ оршдог.