Дуулал
Удирдаачид: Иедутун*. Давидын дуу.
62 Би Бурхныг чимээгүйхэн хүлээнэ.
Тэрбээр намайг аварна.
2 Тэрбээр миний хад, миний аврал, миний найдвартай хоргодох газар.
Би ганхсан ч унахгүй.
3 Та нар хэдий болтол үзэн яддаг хүнээ хөнөөх гэж дайрах юм бэ?
Та нар бүгдээрээ юу юугүй нурах дөхсөн чулуун хана мэт аюултай*.
4 Энэ хүмүүс түүнийг өндөр байр сууриас нь унагах гэж хуйвалддаг.
Тэд худал хэлэх дуртай.
Гаднаа ерөөдөг ч, дотроо хараадаг. (Села)
5 Би Бурхныг чимээгүйхэн хүлээнэ.
Учир нь тэрбээр итгэл найдварын минь эх булаг билээ.
6 Тэрбээр миний хад, миний аврал, миний найдвартай хоргодох газар.
Би хэзээ ч ганхахгүй.
7 Аврагдах эсэх минь, алдар хүнд минь Бурхнаас хамаарна.
Бурхан бол миний хад, миний хоргодох газар.
8 Хүн ард аа, хэзээд түүнд найд.
Хүсэл сэтгэлээ түүнд уудал.
Бурхан бол бидний хоргодох газар юм. (Села)
9 Хүмүүс амьсгаа төдий.
Хүн төрөлхтөн хий үзэгдэл.
Жинлүүр дээр тавивал тэд бүгдээрээ
Жирийн нэг амьсгалаас ч хөнгөн.
10 Мөнгө салгаад баяжна гэж бүү бод.
Дээрэм тонуул хийгээд ч нэмэргүй.
Эд хөрөнгө чинь өсвөл сэтгэл чинь бүү хоргодог.
11 «Хүч чадал Бурхных» хэмээн
Нэгэнтээ Бурхны айлдсаныг би хоёр удаа сонссон.
12 Үнэнч хайр ч таных билээ, Ехова.
Үйлсийнх нь дагуу та хүн бүрд хариулдаг.