Еврейчүүдэд бичсэн захидал
11 Итгэл бол найдвар биелэхийн баталгаа, харагдахгүй ч байдаг юмны нотолгоо. 2 Чухам ийм итгэлтэй эрт цагийн хүмүүс* таалалд нь нийцсэнийг Бурхан тэдэнд ойлгуулсан юм.
3 Итгэдэг бидний ойлгодгоор бол оршин буй аливаа юм* Бурхны үгээр байдаг. Харагдах юмс харагдахгүй юмнаас эхтэй.
4 Абел итгэсэн учир Каиныхаас илүү дээр өргөлийг Бурханд өргөсөн. Итгэсэн учраас Бурхан түүнийг шударга сайнд тооцдогоо ойлгуулан өргөлийг нь хүлээж авсан билээ. Абел үхсэн боловч итгэлтэй байснаас нь сурах юм одоо ч бий.
5 Енох итгэсэн учир Бурхан түүнд үхлийг үзүүлэлгүй, өөр газар аваачсан. Бурхан түүнийг өөр газар аваачсан учир түүнийг хаанаас ч олоогүй юм. Енох таалалд нь нийцсэнийг Бурхан түүнийг аваачихаасаа өмнө ойлгуулсан. 6 Итгэдэггүй хүн Бурхны таалалд нийцэхгүй. Учир нь Бурхныг шүтэхээр ойртон очдог хэн боловч Бурхан байдаг гэдэгт, өөрийг нь цөхрөлтгүй хайдаг хүнийг шагнадаг гэдэгт итгэх ёстой.
7 Ноа итгэсэн учир хараахан үзээгүй юмны талаар сэрэмжлүүлэхэд нь Бурхнаас эмээж, гэрийнхнийгээ аврахын тулд хөвөгч авдар барьсан билээ. Ноа ийн итгэснээрээ ертөнцийг буруутгасан. Итгэлтэй байсныхаа ачаар шударга сайнд тооцогдсон.
8 Абрахам итгэсэн учир Бурхныг дуудахаар нь нутгаасаа дуулгавартай гарч, өвлөн авах нутаг руу явсан билээ. Ингэхдээ хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй байлаа. 9 Тэрээр итгэсэн учир харийн нутаг буюу амласан газар очоод харийн хүн шиг байж, өнөөх амлалтыг өвлөгч Исаак Иаков нартай хамт майханд суусан юм. 10 Учир нь Бурхны зохион бүтээж, барьж байгуулсан, жинхэнэ суурьтай хотыг тэрээр хүлээж байв.
11 Сара итгэсэн учир нас нь хэтэрсэн байхдаа хөл хүнд болсон*. Учир нь амласан Нэгнийг үнэнч гэж үзжээ. 12 Тиймд үхсэнээс өөрцгүй байсан нэг эрээс тэнгэрийн од мэт олон, далайн эргийн элс мэт тоолж баршгүй олон хүүхэдтэй болсон билээ.
13 Тэд бүгдээрээ амлалт биелэхийг үзээгүй боловч итгэсэн хэвээрээ үхсэн. Ирээдүйд биелэх амлалтуудыг үзсэн юм шиг итгэж, баяр баясгалантайгаар хүлээн авч, тэр нутагт харийн хүн, түр оршин суугч гэдгээ ил тод тунхаглаж байв. 14 Ийн тунхагладаг хүн суурьших нутгийг шаргуу хайдгаа харуулдаг. 15 Хэрэв тэд орхиод гарсан нутгаа бодож явсан бол буцаад очиж болох л байсан. 16 Гэвч тэд тэнгэрт харьяалагдах илүү сайн газрыг хүсэж байв. Тиймээс Бурхан тэдний Бурхан гэгдэхээс ичээгүй бөгөөд тэдэнд зориулж хот бэлдсэн билээ.
17 Абрахам соригдохдоо Исаакийг бараг л тахил болгон өргөсөн юм. Ийнхүү итгэдгээ харуулсан. 18 «Чиний үр удам гэгдэх хүмүүс Исаакаас гарна» гэсэн амлалтыг дуртайяа хүлээж авсан энэ хүн ганц хүүгээ тахил болгон өргөхөд бэлэн байсан. 19 Яагаад гэвэл хүү нь үхсэн ч Бурхан амилуулах чадалтай гэж үзсэн юм. Тэгээд хүүгээ үхлээс буцааж авсан бөгөөд энэ явдал бэлгэдэл байв.
20 Исаак итгэсэн учир хожим юу болохыг хэлж Иаков Есав хоёрыг ерөөсөн.
21 Иаков үхэх гэж байхдаа итгэлдээ хөтлөгдөн Иосефын хоёр хүүг ерөөж, таягаа тулан Бурханд мөргөсөн.
22 Удахгүй үхэх гэж байсан Иосеф Израйлын хөвгүүд Египетээс гарахыг итгэлдээ хөтлөгдөн хэлсэн бөгөөд өөрийнх нь ясыг авч явахыг* захисан*.
23 Мосегийн эцэг эх итгэсэн учир хүүгээ төрснөөс нь хойш гурван сар нуусан. Яагаад гэвэл тэд хөөрхөн хүүгээ харж, хааны зарлигийг зөрчихөөс айгаагүй. 24 Өсөж том болсон Мосе итгэсэн учир фараоны охины хүү гэгдэхээс татгалзаж, 25 нүглийн түр зуурын жаргалыг эдэлснээс, Бурхны ард түмэнтэй хамт хавчигдан зовох нь дээр гэж шийджээ. 26 Яагаад гэвэл Тослогдсон Нэгнийхээ* хувьд буруутгагдахыг Египетийн эрдэнэсээс агуу баялаг гэж үзсэн. Учир нь тэрээр шагналаа анхааралтай харж байлаа. 27 Итгэсэн учир хааны уур хилэнгээс айлгүй Египетийг орхисон. Тэрээр харагдахгүй Нэгнийг харж байгаа мэт тууштай байв. 28 Итгэсэн учир Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэж, цус түрхсэн нь ууган хүүхдүүдээ устгагчаар хөнөөлгөхгүй гэснийх юм.
29 Тэд итгэсэн учраас Улаан тэнгисийн дундуур гарахдаа хуурай газраар явж байгаа юм шиг гарсан билээ. Харин египетчүүд тэдэн шиг явах гэхэд нь тэнгис залгив.
30 Израйлчууд итгэсэн учир Иерихогийн хэрмийг долоон өдөр тойроход хэрэм нурсан. 31 Янхан эм Рахаб итгэсэн учир дуулгаваргүй хүмүүстэй хамт устгагдаагүй юм. Учир нь тэрээр туршуулуудыг найрсгаар хүлээж авсан билээ.
32 Би өөр юу ярих юм бэ? Хэрэв би Гидеон, Барак, Самсон, Иефта, Давид, Самуел болон бусад зөнчийн талаар яривал цаг хүрэлцэхгүй. 33 Тэд итгэсэн учир хаант улсуудыг ялж, шударга зөвийг мэдүүлж, амлалтуудыг хүлээн авч, арслангуудын амыг хааж, 34 дүрэлзэх галд шаталгүй, илдний ирээс мултарч, мөхөс байснаа хүч чадалтай болж, дайн тулаанд эр зоригтой байж, түрэмгийлж ирсэн дайсныг сөнөөсөн. 35 Үхсэн боловч амилсан хүмүүсээ эмэгтэйчүүд угтан авч байв. Харин зарим хүн тэднээс давуу аргаар амилна гэж найддаг тул амиа аврах гэж оролдолгүй үхэн үхтэлээ тамлагдсан юм. 36 Зарим нь доромжлуулж, ташуурдуулж байсан. Бүр гинжлүүлж, шоронд хоригдож байсан. 37 Тэд чулуу шидүүлж, соригдож, хөрөөдүүлж, илдэнд хөнөөгдөж, хонь ямааны арьс нөмөрч, тарчиг хоосон явж, зовлон туулж, ад үзэгдсэн. 38 Ертөнц тэдэн шиг хүнийг байлгах зохистой биш байсан. Тэд цөл, уул, агуй болоод нүхэнд хоргодож байв.
39 Тэд итгэсэн учир өөрийнх нь таалалд нийцдэгийг Бурхан бүгдэд нь ойлгуулсан. Гэхдээ тэд амлалт биелэхийг үзээгүй. 40 Учир нь Бурхан бидний төлөө илүү сайн юмыг урьдаас харж байсан нь бидний оролцоотойгоор тэднийг төгс болгох гэснийх юм.