Эхлэл
49 Иаков хөвгүүдээ дуудаж «Бүгдээрээ цуглагтун. Хожим та нарт юу тохиолдохыг хэлж өгье. 2 Бүгдээрээ цуглаад сонсоцгоо. Иаковын хөвгүүд ээ, эцэг Израйлаа сонсоцгоо.
3 Реубен, чи бол миний ууган хүү, миний хүч чадал, анхны үр минь, сүр жавхлангийн минь сор, хүч чадлын минь сор. 4 Гэвч ширүүн ус мэт мунхаг явдлаасаа болж чи сор биш болсон. Учир нь чи эцгийнхээ орон дээр гарсан. Ийнхүү миний орыг бузарласан. Реубен үнэхээр тэгсэн юм!
5 Симеон Леви хоёр бол ах дүү. Тэд илд агсан хүчирхийлэл үйлдсэн. 6 Энэ бие* минь тэдэнтэй бүү хамсаг. Нэр* минь тэдэнтэй бүү холбогдог. Учир нь тэд хилэгнэн уурлаж хүмүүсийг хөнөөсөн. Зугаагаа гаргах гэж бухнуудын шөрмөсийг тасалсан. 7 Тэдний догшин уур, харгис хилэн хараагдаг. Би тэднийг Иаковын дунд тараан Израйлын дунд бутаргана.
8 Иуда, чамайг ах дүү чинь магтана. Чиний гар дайснуудын чинь хүзүүн дээр байх болно. Эцгийн чинь хөвгүүд чамд мэхийнэ. 9 Иуда бол арслангийн гүег. Тэрбээр арслан шиг мярааж, суниана. Арслан шиг түүнийг, хэн өдөөж зүрхлэх билээ? 10 Шилог* иртэл очирт таяг Иудагаас салахгүй. Захирагчийн таяг ч хөлийнх нь хоорондоос салахгүй. Хүмүүс түүнийг дуулгавартай дагана. 11 Тэрбээр илжгээ усан үзмийн модноос, дудрангаа сайн усан үзмийн модноос уяна. Хувцсаа дарсанд, гадуур хувцсаа усан үзмийн шүүсэнд угаана. 12 Дарс уусаар нүд нь улайж, сүү уусаар шүд нь цайна.
13 Зебулун далайн эрэг хавиар нутаглана. Хөлөг онгоцнуудын зангуугаа хаядаг эрэг хавиар оршин сууна. Алс холын хил нь Сидоны зүгт байна.
14 Иссахар бол хоёр талдаа богцтой хэвтэх яс сайтай илжиг юм. 15 Тэрбээр амрах газар нь сайн, нутаг орон нь таатайг харна. Ачаа үүрэхийн тулд бөхийж, албадлагын ажил хийнэ.
16 Дан Израйлын нэг овог болж, ард түмнийг шүүнэ. 17 Дан морины өсгийг хазаж морьтныг гэдрэг унагадаг замын хажуугийн могой, замын хажуугийн эвэрт могой болог. 18 Ехова, таны аврахыг би хүлээнэ.
19 Гад руу дээрэмчдийн бүлэг довтлох боловч тэрбээр тэдний араас довтолно.
20 Ашер элбэг дэлбэг талхтай байх бөгөөд хааныг идээ ундаагаар хангана.
21 Нафтали бол шаламгай согоо. Тэрбээр яруу сайхан ярьдаг.
22 Иосеф бол булгийн дэргэдэх, үр жимстэй модны мөчир. Мөчрүүд нь хэрэм давж ургадаг. 23 Харваачид түүнийг үзэн ядаж, хайр найргүй дайрсаар харвав. 24 Гэсэн ч түүний гартаа барьсан нум байрандаа байлаа. Гар нь хүчтэй, шалмаг байсан. Энэ нь Израйлын чулуу болох хоньчноос буюу Иаковын хүчит нэгний гарын улмаас ажээ. 25 Тэр бол* чиний эцгийн Бурхнаас ирсэн бэлэг. Бурхан чамд тусална. Тэрбээр Төгс хүчит Нэгэнтэй хамт байдаг. Бурхан дээд тэнгэрийн ивээл, доод гүний ивээл, хөх болон умайн ивээлийг чамд хүртээнэ. 26 Чиний эцгийн ерөөл мөнхөд орших уулс, өнө мөнхөд байх толгодын үзэсгэлэнгээс ч илүү байх юм. Тэр ерөөл нь Иосефын толгой дээр, ах дүүгийнхээ дундаас тодрон гарсан нэгний толгойн титэм дээр үргэлж байх болно.
27 Бениамин олзоо чоно шиг урж тасдсаар байх юм. Барьснаа өглөө нь идэж, олзоо орой нь хуваана» гэжээ.
28 Эдгээр нь Израйлын 12 овог юм. Эцэг нь тэднийг ерөөхдөө ийн айлдаж, хүн бүрд тохирсон ерөөл хэлжээ.
29 Дараа нь Иаков тэдэнд тушаан «Би эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрсох* гэж байна. Намайг өвөг дээдсийг минь оршуулсан, хит хүн Ефроны талбай дахь агуйд оршуулаарай. 30 Тэр агуй Канаанд, Мамрегийн ойролцоох Махпелагийн талбайд байдаг. Тэр талбайг Абрахам оршуулгын газар болгон өмчилж хит хүн Ефроноос худалдаж авсан юм. 31 Тэнд Абрахамыг, эхнэр Сараг нь оршуулсан. Бас Исаакийг, эхнэр Ребекаг нь оршуулсан. Тэнд би Леаг оршуулсан. 32 Тэр талбайг, талбай дахь агуйг хитчүүдээс худалдаж авсан юм» гэж хэлжээ.
33 Иаков хөвгүүддээ ийн захиад буцаж хэвтэн эцсийн амьсгалаа авч эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрсжээ*.