Нэгдүгээр Коринт
9 Би хүссэнээ хийх эрх чөлөөгүй гэж үү? Би элч биш гэж үү? Эзэн Есүсийг хараагүй гэж үү? Есүсийн төлөө хийсэн бүхний минь үр дүн нь та нар биш гэж үү? 2 Бусдын хувьд элч биш байлаа гэхэд та нарын хувьд элч гарцаагүй мөн! Есүсийн элч мөн гэдгийг минь батлах тамга нь та нар шүү дээ.
3 Намайг шүүмжилдэг хүмүүсийн өмнө өөрийгөө өмгөөлж ингэж хэлье. 4 Бид бусдаас идэх уух юм авах эрхгүй гэж үү? 5 Бид бусад элч, Есүсийн дүү нар болон Кефтэй адилаар итгэл нэгт эмэгтэйтэй гэрлээд дагуулж явах эрхгүй юм уу? 6 Эсвэл Барнаб бид хоёр л амь зуухын тулд ажил хийх ёстой юм уу? 7 Өөрийнхөө зардлаар алба хаадаг ямар цэрэг байдаг вэ? Усан үзэм тариад түүнээсээ иддэггүй хүн байдаг уу? Мал хариулаад сүүнээс нь уудаггүй хүн байдаг уу?
8 Би хүний бодолд үндэслэн ингэж ярьж байгаа юм биш ээ. Хуульд ч ингэж бичсэн байдаг шүү дээ. 9 Мосегийн хуульд «Тариа цайруулж байгаа үхэрт хошуувч бүү зүү» гэж байдаг. Бурхан үхэр малыг бодсондоо ингэж бичүүлэв үү? 10 Эсвэл хүний төлөө ингэж бичүүлэв үү? Хүний төлөө л ингэж бичүүлсэн шүү дээ. Яагаад гэвэл газар хагалдаг хүн ч, тариа цайруулдаг хүн ч хувиа хүртэнэ гэж найдан хөдөлмөрлөдөг.
11 Бид та нарт Бурхны юмыг зааж өгсөн буюу тарьсан гэвэл хэрэгтэй юмаа та нараас авах буюу хураах нь дэндсэн хэрэг үү? 12 Хэрэв өөр хүмүүс та нараас авах эрхтэй юм бол тийм эрх бидэнд бүр ч илүү байх биш үү? Гэхдээ бид энэ эрхээ эдлээгүй. Харин Христийн тухай сайн мэдээ түгэхэд ямар ч саад учруулахгүй гэсэндээ бүх юмыг тэвчдэг. 13 Ариун үүрэг биелүүлдэг хүмүүс хоол хүнсээ сүмээс авдаг байсныг, тахилын ширээний үйлчлэгчид тахилаас хувь хүртдэг байсныг та нар мэдэхгүй гэж үү? 14 Үүнчлэн сайн мэдээ тунхаглагчид сайн мэдээгээр амь зуухыг Эзэн тушаасан билээ.
15 Гэвч би энэ эрхээ нэг ч удаа эдлээгүй. Та нараас юм авах гээд ингэж бичээд байгаа юм биш ээ. Тэгснээс үхсэн нь дээр. Сайн мэдээ тунхаглаад үнэ хөлс аваагүйгээрээ би хэний ч өмнө бахархана! 16 Ер нь, сайн мэдээ тунхагладгаараа бахархах шалтгаан надад байхгүй. Яагаад гэвэл, сайн мэдээ тунхаглах нь миний үүрэг. Тунхаглахгүй байвал надад зовлон болдог. 17 Үүргээ дуртайяа биелүүлбэл шагнуулна. Дурамжхан биелүүлсэн ч намайг нярвын үүргээс чөлөөлөхгүй. 18 Тэгвэл миний шагнал юу вэ? Эрх мэдлээ урвуулан ашиглахгүйн тулд үнэ хөлсгүйгээр сайн мэдээг тунхаглах явдал юм.
19 Би хэний ч боол биш атлаа бүх хүний боол болсон нь аль болох олон хүнийг үнэний замд оруулах гэснийх юм. 20 Иудейчүүдийг үнэний замд оруулахын тулд тэдэнтэй харьцахдаа иудей хүн мэт, хэдийгээр би хууль сахидаггүй боловч хууль сахидаг хүмүүсийг үнэний замд оруулахын тулд тэдэнтэй харьцахдаа хууль сахидаг хүн мэт байдаг. 21 Би Бурхан болон Христийн хуулийг сахидаг боловч хууль сахидаггүй хүмүүсийг үнэний замд оруулахын тулд тэдэнтэй харьцахдаа хууль сахидаггүй хүн мэт байдаг. 22 Сул дорой хүмүүсийг үнэний замд оруулахын тулд тэдэнтэй харьцахдаа сул дорой хүн мэт байдаг. Чадах бүхнээ хийж байгаад заримыг нь ч гэсэн аврахын тулд хүн бүрд тохируулан харьцдаг. 23 Сайн мэдээний төлөө, сайн мэдээг хүмүүст тунхаглахын тулд би бүх юмыг хийдэг.
24 Тэмцээнд оролцдог хүмүүс бүгдээрээ гүйдэг боловч нэг нь л шагнал хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү? Шагнал авахын тулд ийнхүү гүйгтүн. 25 Тэмцээнд оролцож байгаа хүн бүх юман дээр биеэ захирдаг. Тэд хатаж мууддаг навчин титмийн төлөө тэмцдэг бол бид үл муудах титмийн төлөө тэмцдэг. 26 Тиймээс би зорилгогүй гүйдэггүй, хий нударгалдаггүй. 27 Харин сайн мэдээг өрөөл бусдад тунхагласан атлаа өөрөө ямар нэг байдлаар тэнцээгүй байх вий гэсэндээ өөрийгөө зовоож, боолчлон захирдаг.