Нэгдүгээр Тимот
5 Настай эрийг бүү ширүүн зэмлэ. Харин түүнийг эцэг шигээ, залуу эрчүүдийг ах дүү шигээ, 2 настай эмэгтэйчүүдийг эх шигээ, залуу эмэгтэйчүүдийг эгч дүү шигээ үзэж ариун сэтгэлээр харьц.
3 Харж хандах хүнгүй бэлэвсэн эмэгтэйд санаа тавьж бай. 4 Харин бэлэвсэн эмэгтэй үр хүүхэд, ач зээтэй бол тэд нь Бурханд үнэнч гэдгээ батлан, юуны түрүүнд, гэрийнхэндээ санаа тавьж, эцэг эх, өвөө эмээгийнхээ ачийг хариулж сураг. Энэ нь Бурхны мэлмийд тааламжтай. 5 Харж хандах хүнгүй, ядуу зүдүү бэлэвсэн эмэгтэй Бурханд найдаж, өдөр шөнөгүй гуйж залбирдаг. 6 Харин хүсэл тачаалаа хангах гэж явдаг бэлэвсэн эмэгтэй амьд боловч үхсэнтэй адил юм. 7 Тэднийг гэм зэмгүй байг гэсэндээ эдгээр зааврыг* өгч байгаарай. 8 Хэрэв хүн өөрийнхнийхөө, ялангуяа, гэр бүлийнхнийхээ хэрэгцээг хангахгүй бол Бурханд итгэхээ больсон хэрэг бөгөөд сүсэг бишрэлгүй хүнээс дор юм.
9 Бэлэвсэн эмэгтэйн жагсаалтад орох эмэгтэй нь нэг хүний эхнэр байсан бөгөөд 60-аас дээш насны, 10 сайн үйлсээрээ олонд хүндлэгдсэн, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн, зочломтгой, ариун хүмүүсийн хөлийг угаасан, зовсон хүнд тусалж явсан, аливаа сайн үйлсэд өөрийгөө зориулсан хүн байх ёстой.
11 Харин залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг тийм жагсаалтад бүү оруул. Учир нь тэд хүсэл тачаалдаа хөтлөгдөхөөрөө Христэд үйлчлэхийг бус, гэрлэхийг хүсдэг. 12 Тэд эхний амлалтаа биелүүлээгүй учир буруутайд тооцогдоно. 13 Түүнчлэн, тэд айл хэссээр залхуу хойрго болдог. Залхуугаас гадна хов жив ярьдаг, бусдын хэрэгт оролцдог, ярих ёсгүй юмыг ярьж зуршдаг. 14 Тиймээс залуу бэлэвсэн эмэгтэйчүүд гэрлэж, үр хүүхэд төрүүлж, сайн эзэгтэй байгаасай гэж хүсэж байна. Ингэвэл эсэргүүцэгчид буруутгах далим олохгүй. 15 Зарим бэлэвсэн эмэгтэй үнэнийг орхиж, Сатаныг дагадаг болжээ. 16 Хэрэв хурлын гишүүн эмэгтэйн гэрийнхнээс бэлэвсэрсэн хүн байвал түүндээ туслах ёстой. Ингэвэл хуралд дарамт болохгүй. Харин хурал харж хандах хүнгүй бэлэвсэн эмэгтэйчүүдэд санаа тавих юм.
17 Сайн удирддаг, ялангуяа, Бурхны үгийг ярих, заах ажлыг шамдан хийдэг ахлагчдыг гүнээ хүндэтгэх хэрэгтэй. 18 Учир нь «Тариа цайруулж байгаа үхэрт хошуувч бүү зүү», мөн «Ажилчин хөлсөө хүртэх зохистой» гэж сударт байдаг. 19 Хэн нэгэн хүн ахлагчийг буруутгахад, хоёр юм уу гурван гэрч үүнийг батлаагүй бол буруутгалыг нь бүү хэрэгс. 20 Бусдад сэрэмжлүүлэг болгохын тулд нүгэл үйлддэг хүнийг олны өмнө зэмлэ. 21 Хоёр нүүр гаргалгүй, хэнийг ч алаг үзэлгүйгээр эдгээр зааврыг дагахыг би Бурхан, Христ Есүс болон сонгогдсон тэнгэрийн элчүүдийн өмнө чамд тушааж байна.
22 Хэн нэг хүнийг томилох* гэж бүү яар. Бусдын нүгэлд бүү оролц. Цэвэр ариун бай.
23 Дандаа ус уухаа боль. Чи байнга өвддөгийн зэрэгцээ ходоод муутай учир дарс жаахан уу.
24 Зарим хүний нүгэл илчлэгддэг бөгөөд тэд шууд шийтгүүлдэг. Харин заримынх нь хожим илэрнэ. 25 Үүнчлэн, сайн үйлс илэрхий болдог. Илэрхий болохгүй ч нуух аргагүй.