Хоёрдугаар Тимот
4 Бурхны өмнө би чамд тушааж байна. Мөн илчлэгдэх бөгөөд хаан болоод амьд болон үхсэн хүмүүсийг шүүх Христ Есүсийн өмнө би чамд тушааж байна. 2 Бурхны үгийг тунхагла. Тайван цагт ч, хэцүү цагт ч хичээнгүйлэн тунхагла. Зэмлэ, сануул, ятга. Ингэхдээ тэвчээртэй байж, чадварлаг заа. 3 Учир нь хүмүүс зөв* сургаалыг хэрэгсэхээ больж, харин хүсэлдээ хөтлөгдөн, хүссэн юмыг нь заадаг багш нарыг хайх цаг ирнэ. 4 Тэд үнэнийг сонсохоо больж, худал яриаг анхаардаг болно. 5 Харин чи аливаад ухаалаг хандаж, зовлонг тэвчиж, сайн мэдээг тасралтгүй тунхаглаж, Бурхандаа сайн үйлчил.
6 Би өөрийгөө ундаан өргөл мэт аль хэдийн өргөсөн. Явах цаг минь боллоо. 7 Би сайн тэмцэл хийсэн, барианд орсон. Бат итгэлтэй байсан. 8 Шударга шүүдэг Эзэн намайг шагнаж, шударга сайн хүнд зориулсан титмийг өмсгөхөд эдүгээ бэлэн байгаа. Эзэн намайг тэр өдөр шагнах бөгөөд зөвхөн намайг бус, илчлэгдэхийг нь тэсэн ядан хүлээдэг бүх хүнийг шагнана.
9 Над руу нэн даруй ирэхийг хичээгээрэй. 10 Яагаад гэвэл Дем энэ ертөнцийг* хайрлаж, намайг орхиод Тесалоник руу явчихсан. Креск Галат руу, Тит Далмат руу явсан. 11 Лук л надтай хамт байгаа. Маркийг дагуулж ирээрэй. Бурханд үйлчлэхэд минь түүний тусламж хэрэгтэй байна. 12 Тухикийг би Эфэс рүү явуулсан. 13 Тройд Карпын гэрт орхисон дулаан хувцас, хуйлмал номнууд, ялангуяа илгэн номнуудыг авчраарай.
14 Зэсийн дархан Александр надад их гай тарьсан. Ехова* түүнд хийснийх нь хариуг өгнө. 15 Тэр хүн бидний ярьдаг мэдээг маш их эсэргүүцдэг тул чи болгоомжтой бай.
16 Хуулийн дагуу би өөрийгөө анх удаа өмгөөлөхөд намайг хэн ч дэмжээгүй. Бүгдээрээ намайг орхисон. Үүнийх нь төлөө Бурхан тэднийг бүү буруутгаасай. 17 Харин Эзэн надтай хамт байсан. Сайн мэдээ тунхаглах ажлаа гүйцээгээсэй, сайн мэдээг бүх үндэстэнд дуулгаасай гэж хүч өгч, намайг арслангийн амнаас аварлаа. 18 Эзэн намайг муу муухай бүхнээс хамгаалж, Хаант төрдөө багтаана. Тэр үүрд мөнх алдарших болтугай. Амен.
19 Приска Акул хоёрт болон Онисефорын гэрийнхэнд миний мэндийг хүргээрэй.
20 Ераст Коринтод үлдсэн. Харин Трофим өвдсөн учир би түүнийг Милетэд үлдээсэн. 21 Өвөл болохоос өмнө ирэхийг хичээгээрэй.
Юбүл, Пуд, Лин, Клаудиа болон бусад ах дүү нар чамд мэнд хүргэж байна.
22 Зөв хандлагатай чамайг Эзэн ивээж, энэрэн нигүүлсэх болтугай.