Хоёрдугаар Тимот
2 Хайрт хүү минь, Христ Есүстэй санаа нэг хүнийг нигүүлсдэг Бурхнаас тусламж гуйж бай. 2 Чи надаас сонссон, бас олон гэрчийн баталдаг эдгээр зүйлийг найдвартай хүмүүст даалга. Тэгвэл тэд бусдад заах чадвартай болно. 3 Христ Есүсийн жинхэнэ цэргийн хувьд зовоход бэлэн бай. 4 Цэрэг хүн мөнгө олох ажил хийдэггүй. Харин цэрэгт татагчдаа таалагдахыг хүсдэг. 5 Тэмцээнд оролцож байгаа хүн дүрмээр нь тоглохгүй бол шагнал авдаггүй. 6 Ажилсаг тариачин л ургацаас түрүүлж хүртэх учиртай. 7 Хэлснийг минь бодож яваарай. Энэ бүхнийг Эзэн чамд ойлгуулна.
8 Есүс Христ амилсныг, Давидын удмаас гаралтайг нь санаарай. Энэ сайн мэдээг би тунхагладаг бөгөөд 9 үүнээс болж зовлон үзэж, гэмт хэрэгтэн адил хоригдож байна. Харин Бурхны үг юунд ч хоригдохгүй. 10 Ийм учраас Бурхны сонгосон хүмүүс Христ Есүстэй санаа нэг байж аврагдаг, үүрд алдар хүндтэй байг гэсэндээ би бүхнийг тэвчиж явдаг. 11 Энэ бол итгэж болох үг юм. Хэрэв бид түүнтэй хамт үхсэн юм бол, түүнтэй хамт амьдарна. 12 Хэрэв бид тэвчдэг бол, түүнтэй хамт төр барина. Бид түүнийг үгүйсгэвэл тэр ч биднийг үгүйсгэнэ. 13 Бид үнэнч биш байлаа ч тэр үнэнч хэвээрээ байдаг. Учир нь тэр өөрийгөө хуурдаггүй.
14 Эдгээрийг тэдэнд сануул. Үгнээс болж маргахгүй байхыг Бурхны зааснаар зааж сурга. Маргах нь ямар ч тусгүй, харин ч сонссон хүмүүст гай болдог*. 15 Бурхнаар магтуулдаг, ичих юмгүй ажилчин, Бурхны үгийг* зөв заагч байхын тулд чадах бүхнээ хий. 16 Бурхныг гутаадаг дэмий хоосон ярианаас зайлсхий. Учир нь ийм юм ярьдаг хүнээс болж Бурхнаас холдож хөндийрдөг бөгөөд 17 ийм яриа идээ бээр мэт тардаг. Хүмэнай Филет нар тэдний дунд байна. 18 Тэд, хүмүүс аль хэдийн амилсан гэцгээн үнэн сургаалыг гуйвуулж, улмаар зарим хүний итгэлийг бусниулж байна. 19 Гэвч Бурхны тавьсан суурь бат бөх хэвээрээ байгаа бөгөөд «Ехова* хүмүүсээ мэддэг», «Еховаг* нэрээр нь дуудагч бүхэн муу муухайгаас хол байг» хэмээсэн тамгатай билээ.
20 Том байшинд алт, мөнгөн савнаас гадна мод, шавар сав байдаг. Заримыг нь чухал юманд, заримыг нь жирийн юманд хэрэглэдэг. 21 Жирийн юманд хэрэглэдэг сав мэт хүнээс хол байдаг хүнийг чухал юманд хэрэглэдэг савтай зүйрлэж болно. Ийм хүн ариун, эзэндээ хэрэгтэй бөгөөд аливаа сайн үйлд бэлэн байдаг. 22 Тийм байхын тулд залуу насны хүсэл тачаалаас зугт. Харин Эзэнд найддаг, мөс сайтай хүмүүстэй хамт Бурхны таалалд нийцүүлж, итгэл, хайр ба амар тайвныг мөшгө.
23 Түүнчлэн, утга учиргүй маргаанаас зайлсхий. Маргавал хэрүүл гардаг шүү дээ. 24 Учир нь Эзний боол хэрэлдэх ёсгүй. Харин бүх хүнтэй эелдэг* харьцдаг, заах чадвартай, эвгүй харьцахад нь тэвчиж чаддаг, 25 зөрүүдлэхэд нь дөлгөөхнөөр сургах ёстой. Учир нь гэмшээд* үнэний зөв мэдлэгтэй болох боломжийг Бурхан тэдэнд олгож болох юм. 26 Тэгээд Диаволд амьдаараа баригдаж, хүсэлд нь нийцүүлж явснаа ухаарч сэхээрээд урхинаас нь мултрах ч юм бил үү.