Матайн бичсэн сайн мэдээ
28 Амралтын өдөр өнгөрч, долоо хоногийн эхний өдөр* үүр цайж байхад Магдалын Мариа нөгөө Мариа хоёр булш руу ирэв.
2 Газар хүчтэй хөдөлсөн байжээ. Учир нь Еховагийн* элч тэнгэрээс бууж ирээд бул чулууг өнхрүүлэн зайлуулж дээр нь суужээ. 3 Тэнгэрийн элч аянга мэт дүртэй, цасан цагаан хувцастай байв. 4 Харуулууд тэнгэрийн элчээс айн чичирч, үхсэн мэт болжээ.
5 Харин тэнгэрийн элч эмэгтэйчүүдэд «Бүү ай. Та нар шонд хадуулсан Есүсийг хайж явааг би мэдэж байна. 6 Тэр энд байхгүй. Учир нь хэлж байснаараа амилсан. Шарилыг нь тавьсан газрыг хар даа. 7 Хурдан яваад, “Есүс амилжээ. Та нараас түрүүлж Галилд очно. Та нар тэнд түүнтэй уулзана” гэж шавь нарт нь хэлээрэй. Миний хэлснийг бүү мартаарай» гэж хэллээ.
8 Айсан хэдий ч ихэд баярласан эмэгтэйчүүд энэ явдлын талаар шавь нарт дуулгахаар гүйв. 9 Тэгтэл Есүс тосон ирж, мэндлэхэд эмэгтэйчүүд ойртож очоод хөлд нь сөгдөв. 10 Есүс: «Бүү ай! Ах дүү нарт минь Галил руу яв гэж хэлээрэй. Тэнд тэд надтай уулзана» хэмээжээ.
11 Эмэгтэйчүүдийг замд явах зуур харуулуудын зарим нь хотод очиж, болсон явдлыг ахлах тахилчдад мэдэгдлээ. 12 Ахлах тахилчид ахлагчидтай хэлэлцээд цэргүүдэд их хэмжээний мөнгөн зоос өгч 13 «“Биднийг шөнө унтаж байх зуур шавь нар нь ирээд түүнийг хулгайлчихлаа” гэж хэл. 14 Захирагч энэ тухай мэдвэл бид ятгаад учрыг нь олчихно. Та нар бүү зов» хэмээв. 15 Тиймээс цэргүүд мөнгийг авч хэлснээр нь ярьжээ. Энэ яриа өнөөдрийг хүртэл иудейчүүдийн дунд тархжээ.
16 Харин 11 шавь Есүсийн товлосон Галил дахь уул руу явжээ. 17 Есүсийг хараад өмнө нь сөгдөв. Гэхдээ зарим нь Есүсийг мөн эсэхэд эргэлзэж байв. 18 Есүс ойртож ирээд тэдэнд «Тэнгэр болон газар дээрх бүх юмыг захирах эрхийг Бурхан надад өгсөн. 19 Иймээс явж бүх үндэстнийг шавь болгогтун. Эцэг, Хүү, Бурхны агуу хүчний нэрээр* баптисм хүртээ. 20 Миний та нарт тушаасан бүхнийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Энэ тогтолцооны* төгсгөлийн үеийг дуустал би та нартай үргэлж хамт байх болно» хэмээв.