Иов
2 Хожмын нэгэн өдөр жинхэнэ Бурхан Еховагийн өмнө хөвгүүд* нь байраа эзлэн зогсоход Сатан ч бас тэдний дунд орж Еховагийн өмнө байраа эзлэн зогсов.
2 Ехова Сатанаас «Чи хаанаас ирэв?» гэж асуухад Сатан Еховад «Дэлхийгээр хэрэн хэсүүчилж яваад ирлээ» гэв. 3 Тэгэхэд нь Ехова Сатанд «Чи миний үйлчлэгч Иовыг анзаарав уу? Түүн шиг хүн дэлхий дээр ганц ч алга. Тэр бол гэм зэмгүй, шулуун шударга, Бурхнаас эмээдэг, муу муухай бүхнээс хол явдаг хүн. Түүнийг ямар ч шалтгаангүйгээр устгуулахаар чи намайг өдөөн хатгасан боловч тэр одоо хэр нь үнэнч хэвээрээ байна» гэлээ. 4 Гэвч Сатан Еховад хариулан «Арьсыг арьсаар. Хүн өөртөө байгаа бүхнээ амийнхаа төлөө өгдөг юм. 5 Харин одоо мутраа сунган өөрийг нь зовоогооч*. Тэгвэл тэр таныг нүүрэн дээр тань харааж л таарна» гэж хэлэв.
6 Тэгтэл Ехова Сатанд «Түүнийг чиний мэдэлд өгье*. Харин аминд нь хүрч болохгүй шүү» гэлээ. 7 Ингээд Сатан Еховагаас салж яван, Иовыг хөлийнх нь улнаас толгойнх нь орой хүртэл айхтар яр шарханд бариулав. 8 Иов үнсэн дээр суун ваарын хэлтэрхийгээр биеэ маажих болжээ.
9 Эцэст нь эхнэр нь түүнд «Чи одоо хүртэл үнэнч хэвээрээ л байна уу? Бурхныг хараагаад үх!» гэв. 10 Харин Иов түүнд «Чи мунхаг эмэгтэйчүүд шиг ярьж байна. Бид жинхэнэ Бурхнаас сайныг авчхаад мууг авах ёсгүй болж байна уу?» гэлээ. Ийм их зовлон амссан ч Иов ямар ч буруу юм хэлсэнгүй*.
11 Гурван найз нь (теман хүн Елифаз, шух хүн Билдад, наамат хүн Зофар) Иовд тохиолдсон гай зовлонгийн тухай дуулаад, тус тусын нутгаас хүрч ирэв. Тэд Иовыг тайвшруулж зовлонг нь хуваалцахын тулд түүн дээр хамт очихоор тохиролцсон ажээ. 12 Тэр гурав түүнийг холоос хараад таниагүй тул чангаар уйлалдан хувцсаа урж, толгой дээгүүрээ шороо цацав. 13 Дараа нь хажууд нь сууцгааж долоон өдөр, долоон шөнө түүнтэй хамт байлаа. Хэн нь ч түүнд нэг ч үг хэлсэнгүй. Учир нь түүний зовлон шаналал асар их байгааг тэд харсан юм.