Лукийн бичсэн сайн мэдээ
4 Есүс Иорданаас явж, Бурхны өгсөн агуу хүчээр удирдуулан цөлд очжээ. 2 Тэнд түүнийг Диавол 40 хоног сорьжээ. Энэ хугацаанд Есүс юу ч идээгүй учир өлсөж байв. 3 Тиймээс Диавол түүнд «Хэрэв чи Бурхны хүү юм бол энэ чулуунуудад “Талх бол” гэж хэл л дээ» гэхэд 4 Есүс: «“Амьд явахын тулд хүн зөвхөн талх идэх ёстой юм биш” гэж бичсэн байдаг» хэмээн хариулав.
5 Тэгэхэд Диавол түүнийг уулан дээр гарган дэлхийн бүх улс гүрнийг нүд ирмэхийн зуур үзүүлэв. 6 Диавол түүнд «Энэ бүхнийг захирах эрх мэдэл, энэ бүхний сүр жавхланг чамд өгье. Яагаад гэвэл энэ бүхнийг надад өгсөн юм. Би хүссэн хүндээ өгнө. 7 Тиймээс чи надад ганц удаа мөргөвөл энэ бүгд чинийх болно» гэжээ. 8 Есүс: «“Чи Ехова* Бурхнаа л шүтэх ёстой. Гагцхүү түүнд үйлчлэх ёстой” хэмээн бичсэн байдаг» гэж хариулав.
9 Тэгэхэд тэрээр түүнийг Иерусалимд авч ирээд сүмийн орой дээр зогсоож «Хэрэв чи Бурхны хүү юм бол эндээс доошоо үсэр. 10 Учир нь “Бурхны тушаалаар тэнгэрийн элчүүд чамайг хамгаалж, 11 тосоод авна. Тиймээс чи хөлөө чулуунд цохихгүй” гэж бичсэн байдаг шүү дээ» гэлээ. 12 Тэгэхэд Есүс: «“Ехова* Бурхнаа сорих ёсгүй” гэж бас бичсэн байдаг» гэж хариулав. 13 Тиймээс Диавол хамаг сорилтоо бараад, өөр боломж гартал түүнийг орхин оджээ.
14 Бурхны агуу хүчээр удирдуулан Есүс Галилд буцаж ирэв. Ойр хавийн бүх нутгийн хүмүүс түүний талаар ам сайтай байв. 15 Тэрээр синагогуудад нь очиж, сургаал зааж эхэлсэн бөгөөд бүх хүн түүнийг шагшин магтаж байлаа.
16 Есүс өссөн хот Назартаа очоод заншсан ёсоороо Амралтын өдөр* синагогт орж Судраас уншихаар босоход 17 зөнч Исаиагийн хуйлмал номыг түүнд өгчээ. Есүс хуйлмал номыг дэлгэж доорх хэсгийг олоод 18 «Ехова* надад агуу хүчээ өгсөн. Учир нь ядууст сайн мэдээ тунхаглуулахаар намайг томилсон билээ. Олзлогдогсдод эрх чөлөөтэй болох тухай, хараагүйчүүдэд хараа орох тухай мэдээ тунхаглуулж, дарлагдсан хүмүүсийг суллуулахаар, 19 Еховагийн* тааллыг олох цагийн талаар тунхаглуулахаар намайг явуулсан» хэмээн уншив. 20 Тэгээд номыг хуйлж хариуцагчид өгөөд суухад синагогт байсан бүх хүн түүнийг анхааралтай харж байлаа. 21 Есүс тэдэнд «Сая сонссон зүйл тань өнөөдөр биелж байна» гэж хэлэв.
22 Хүмүүс бүгдээрээ түүнийг сайшааж байлаа. Есүсийн үгийг сонсоод сэтгэл нь хөдөлсөн хүмүүс гайхан биширч «Энэ чинь Иосефын хүү мөн биз дээ?» гэлцэж байв. 23 Есүс: «“Эмч ээ, өөрийгөө эмчил” гэдэг үгийг та нар надад хэлж, “Капернаумд олон юм хийснийг тань бид дуулсан, төрсөн нутагтаа бас тийм юм хийгээч” гэх байх л даа. 24 Та нарт батлан хэлье. Нутаг усандаа хүндлэгддэг зөнч нэг ч байдаггүй. 25 Елиагийн үед гурван жил зургаан сар бороо оролгүй газар сайгүй их өлсгөлөн болох үед бэлэвсэн эмэгтэй Израйлд олон байсан. 26 Гэвч Елиаг тэдний хэн рүү ч явуулаагүй шүү дээ. Харин Сидон нутгийн Зарефатад суудаг бэлэвсэн эмэгтэй рүү явуулсан билээ. 27 Бас зөнч Елишагийн үед уяман* өвчтэй хүн Израйлд олон байсан ч нэг нь ч эдгээгүй. Гагцхүү Сирийн Нааман л эдгэсэн» гэж өгүүлэв. 28 Синагогт байсан хүмүүс үүнийг сонсоод уурлан 29 босож ирээд Есүсийг хотоосоо гаргаж, түлхэж унагахаар хадан цохио руу аваачив. Тэдний хот уулан дээр байдаг ажээ. 30 Харин Есүс хүмүүсийн дундуур гараад замаараа оджээ.
31 Дараа нь Есүс уруудан явж Галилын Капернаум хотод очоод Амралтын өдөр хүмүүст сургаал зааж байлаа. 32 Бурхнаас эрх мэдэл авсан хүний ёсоор зааж сургаж байсан учир хүмүүс гайхан биширч байв. 33 Чөтгөрт эзэмдүүлсэн нэг хүн синагогт байсан бөгөөд тэр хүн чанга дуугаар 34 «Назарын Есүс ээ, та биднийг яах гээ вэ? Устгахаар ирээ юү? Таныг Бурхны Ариун нэгэн гэдгийг би баттай мэднэ» гэж хашхирав. 35 Есүс чөтгөрийг зэмлэж «Дуугүй бай. Түүнээс гар» гэхэд чөтгөр өнөөх хүнийг олны дунд унагаад гэм хор учруулалгүй гарчээ. 36 Хүмүүс гайхаж «Хэлснийг нь сонс доо! Энэ хүн чөтгөрүүдэд хүртэл тушаал буулгах эрх мэдэлтэй, хүч чадалтай юм. Чөтгөрүүд ч захирагдах юм!» гэж хоорондоо ярьж байв. 37 Есүсийн тухай зар ойр хавийн бүх газар тарж байлаа.
38 Есүс синагогоос гарч, Симоны гэрт очжээ. Симоны хадам ээж маш их халуунтай байсан бөгөөд эдгээж өгөхийг тэд Есүсээс гуйжээ. 39 Тиймээс Есүс орных нь дэргэд зогсоод халууныг нь буулгахад Симоны хадам ээж тэр даруй босож, цай хоол хийж эхлэв.
40 Нар жаргах үеэр олон түмэн янз бүрийн өвчтэй хүмүүсээ авчрахад Есүс хүн бүрд гараа хүргэж эдгээв. 41 Бас олон хүнээс чөтгөрийг хөөж гаргажээ. Чөтгөрүүд: «Та бол Бурхны Хүү» гэж хашхирч байсан ч Есүс тэднийг зэмлэж, үг хэлүүлэхгүй байв. Учир нь тэд Христ гэдгийг нь мэдэж байлаа.
42 Үүр цайхад Есүс тэндээс явж зэлүүд газар очжээ. Гэтэл хүмүүс түүнийг хайсаар олж очоод явуулахгүй байх гэж оролдов. 43 Харин Есүс тэдэнд «Би Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээг бусад хотод бас тунхаглах ёстой. Үүний төлөө Бурхан намайг илгээсэн юм» хэмээжээ. 44 Тэгээд Иудейн синагогуудаар сайн мэдээ тунхаглаж явав.