Матайн бичсэн сайн мэдээ
16 Фарисайчууд, садукайчууд Есүсийг сорьж Бурхнаас ирснээ батлан гайхамшиг үйлд хэмээн шаарджээ. 2 Тэгэхэд нь Есүс: «Орой болоход та нар: “Тэнгэр улаан байна. Тэнгэр сайхан болох нь” гэдэг. 3 Өглөө болоход “Тэнгэр улаан боловч бүрхэг байна. Өнөөдөр хүйтэрч, бороо орох нь” гэдэг. Та нар тэнгэр ямар байхыг шинжиж чаддаг. Харин цаг үеийн шинж тэмдгийг ойлгодоггүй. 4 Бузар муу, завхай* үеийнхэн гайхамшиг үзэх гэдэг. Гэхдээ зөнч Ионагийн үзсэн гайхамшгаас өөр гайхамшгийг тэдэнд үзүүлэхгүй» гэж хэлээд тэднийг орхин явав.
5 Есүсийн шавь нар нуурын нөгөө тал руу явахдаа талх авахаа мартжээ. 6 Есүс тэдэнд «Сонор сэрэмжтэй байж, фарисайчууд, садукайчуудын хөрөнгөнөөс болгоомжил» гэж хэлэв. 7 Тэгэхэд шавь нар: «Бид талх аваагүй юм байна шүү дээ» гэж хоорондоо ярилцав. 8 Есүс үүнийг мэдээд «Бат итгэлгүй хүмүүс ээ, та нар талхгүй гэж ярилцаж байна уу? 9 Та нар одоо болтол ойлгохгүй байна уу? Эсвэл 5 000 эрэгтэйд таван талх өгөөд үлдэгдлийг нь цуглуулахад хэдэн сагс дүүрснийг, 10 бас 4 000 эрэгтэйд долоон талх өгөхөд үлдсэн талх нь хэдэн том сагс* болсныг мартаа юу? 11 Талхны тухай хэлээгүйг минь яагаад ойлгосонгүй вэ? Фарисайчууд, садукайчуудын хөрөнгөнөөс болгоомжил» гэж хэлжээ. 12 Тэгэхэд нь л талхны хөрөнгөний талаар яриагүй, харин фарисайчууд, садукайчуудын сургаалаас болгоомжил гэж хэлснийг нь шавь нар ойлгожээ.
13 Есүс, Цезариа Филипийн нутагт ирээд шавь нараасаа «Хүний Хүүг хүмүүс хэн гэж байна вэ?» гэж асуухад 14 «Зарим хүн баптисм хүртээгч Ёохан гэдэг. Зарим нь Елиа гэдэг. Иеремиа юм уу зөнчдийн нэг гэх нь ч бий» гэж хариулжээ. 15 «Харин та нар намайг хэн гэх вэ?» гэж асуухад нь 16 Симон Петр: «Та бол Христ, амьд Бурхны Хүү» гэж хариулав. 17 Тэгэхэд нь Есүс: «Ионагийн хүү Симон оо, үүнийг чамд хүн* бус, тэнгэрт байдаг миний Эцэг илчилсэнд чи баярлах хэрэгтэй. 18 Чи бол Петр. Би хурлаа энэ хадан дээр байгуулах бөгөөд түүнийг Булшны* хаалганууд дийлэхгүй. 19 Би чамд тэнгэрийн Хаант төрийн түлхүүрүүдийг өгнө. Газар дээр чи юуг цоожилно*, тэр нь тэнгэрт аль хэдийн цоожлогдсон байна, чи юуг нээнэ*, тэр нь тэнгэрт аль хэдийн нээгдсэн байна» гэж хэлэв. 20 Тэгээд өөрийг нь Христ мөн гэдгийг хэнд ч хэлэхгүй байхыг тэдэнд хатуу анхааруулжээ.
21 Иерусалимд очихлоор нь ахлагчид, ахлах тахилчид, хуулийн багш нар хавчиж, алуулах бөгөөд гурав дахь өдөр нь Бурхан өөрийг нь амилуулахыг тэр үеэс Есүс шавь нартаа тайлбарлаж эхэлжээ. 22 Тэгэхэд Петр хажуу тийш нь аваачаад «Эзэн, та өөрийгөө бодооч. Ийм юм танд хэзээ ч тохиолдохгүй» гэж зэмлэж эхлэв. 23 Харин Есүс Петрээс харц буруулж «Надаас холд, Сатан аа! Чи надад саад* болж байна. Яагаад гэвэл чи Бурхныхаар бус, хүний боддогоор бодож байна» гэж хэлэв.
24 Тэгээд Есүс шавь нартаа «Намайг дагая гэвэл өөрийнхөө төлөө амьдрахаа больж, тарчлаах шонгоо* үүрч, намайг үргэлж дага. 25 Учир нь амиа аврахыг хүсдэг хэн боловч амиа алдана. Харин надаас болж амиа алдсан хэн боловч амилна. 26 Хүн энэ ертөнцөд байгаа бүхнийг олж авсан ч амиа алдвал ямар хэрэг байх билээ? Эсвэл амиа аврахын тулд юу өгөх вэ? 27 Учир нь хүний Хүү Эцгээсээ эрх мэдэл аваад тэнгэрийн элчүүдтэйгээ ирж, хүн бүрийг үйл хэргийнх нь дагуу шүүнэ. 28 Хүний Хүүг Хаант төрдөө ирэхийг үзтэлээ энд байгаа зарим хүн үхэхгүйг би та нарт батлан хэлье» хэмээв.