Нэгдүгээр Петр
4 Христ махан биетэй байхдаа зовсон билээ. Тиймд та нар бас Христ шиг боддог* байхын тулд өөрсдийгөө бэлд. Учир нь махан биеэрээ зовсон хүн нүгэл үйлдэхээ больдог. 2 Энэ нь махан биетэй байх үлдсэн хугацаандаа хүний таалалд биш, Бурхны таалалд нийцүүлж амьдрахын тулд юм. 3 Учир нь та нар эрээ цээргүй хэрэг* хийх, хүсэл тачаалаа хорьж дийлэлгүй автах, архидах, эмх замбараагүй найрлан цэнгэх, хэн нь архи их уудгаа үзэх, жигшүүрт шүтээн шүтэх зэргээр харь үндэстнүүдийн таалдаг юмыг хангалттай урт хугацаанд хийж явсан. 4 Одоо өөрсөдтэй нь хамт муухай юм хийхээ больсон та нарыг тэд гайхаж, муу хэлдэг. 5 Гэхдээ тэд амьд болон үхсэн хүмүүсийг шүүх гэж байгаа нэгэнд тайлан тавина. 6 Үнэндээ, сайн мэдээг үхсэн хүмүүст ч тунхагласан билээ. Тэднийг хүмүүс гаднах байдлаар нь шүүдэг. Харин Бурхан тэднийг агуу хүчээр нь удирдуулан амьдарч чадна гэж үздэг.
7 Гэхдээ бүх юмны төгсгөл ойртжээ. Тиймээс ухаалаг явж, залбирахад үргэлж бэлэн бай. 8 Хамгийн гол нь, бие биеэ халуун сэтгэлээр хайрла. Учир нь хайр тоо томшгүй нүглийг далдалдаг. 9 Зовлон тоочилгүй зочломтгой бай. 10 Янз янзаар илэрдэг Бурхны нигүүлслийг хүртдэг сайн нярав та нар Бурхнаас авсан бэлгийнхээ хэмжээгээр нэг нэгэндээ үйлчил. 11 Ярих чадвартай нь Бурхны мэдээг ярь. Үйлчлэх чадвартай нь Бурхны өгдөг хүчээр үйлчил. Тэгвэл Есүс Христийн дагалдагч та нар бүх талаар Бурхныг алдаршуулна. Сүр жавхлан, хүч чадал үүрд мөнх Бурхных билээ. Амен.
12 Хайрт ах дүү нар аа, та нарт тулгарч байгаа гал мэт сорилтыг хачин жигтэй юм мэт бүү гайх. 13 Харин ч Христийн зовлонг хуваалцаж байгаадаа баярлацгаа. Тэгвэл түүний сүр алдар илчлэгдэх үед та нар баяр хөөрөөр бялхана. 14 Христийн нэрнээс болж доромжлууллаа ч та нар жаргалтай. Яагаад гэвэл, Бурхны алдарт агуу хүч та нарт байгаа хэрэг.
15 Нөгөөтээгүүр, та нарын хэн нь ч алуурчин, хулгайч, муу юм хийдэг эсвэл бусдын хэрэгт оролцдог хүн мэт бүү зовог. 16 Гэхдээ Христийн дагалдагч гэдгээсээ болж зовдог бол бүү ич. Харин ч Христийн дагалдагчийн ёсоор амьдарч Бурхныг алдаршуулж бай. 17 Учир нь шүүлт эхлэх цаг одоо болсон бөгөөд Бурхны гэрийнхнээс эхэлнэ. Биднээс эхлэн шүүх юм бол Бурхны сайн мэдээг дагадаггүй хүмүүс юу болж дуусах бол? 18 «Шударга сайн хүн арай гэж аврагдах юм бол Бурхныг мэддэггүй хүн, нүгэлтэн яах болж байна вэ?» 19 Тиймээс Бурхны таалалд нийцүүлдгээсээ болоод зовж байгаа хүмүүс сайныг үйлдэнгээ үнэнч Бүтээгчид өөрсдийгөө даатгаг.