Дуулал
104 Еховаг магтъя.
Ехова Бурхан минь ээ, та бол хамгийн агуу.
Та сүр хүч, цог жавхлангаар хувцасласан.
3 Тэрбээр тэнгэрийн усан дотор өргөө гэрээ барьж,
Үүлсийг тэрэг мэт хөлөглөн,
Салхиар жигүүрлэн явдаг.
4 Тэрбээр тэнгэрийн элч нараа хүчирхэг* болгодог.
Үйлчлэгчдээ гал болгодог.
5 Тэрбээр дэлхийг бат суурин дээр тогтоосон.
Дэлхий байрнаасаа мөнхийн мөнхөд хөдлөхгүй.
6 Та түүнийг хувцсаар хучих мэт гүн усаар бүрхсэн.
Ус нь уулсын дээр байсан юм.
7 Зэмлэхэд тань уснууд зугтсан.
Нүргэлэх дуунд тань тэд айн зугтаж
8 Таны бэлдсэн газар очсон.
Уулс өндийж, хөндийнүүд хотойсон.
9 Давшгүй хязгаарыг та усанд тогтоож,
Дахин дэлхийг нөмрөхөөргүй болгосон.
10 Тэрбээр хөндийд булаг оргилуулдаг.
Тэдгээр нь уулсын дундуур урсан
11 Хээрийн зэрлэг араатныг ундаалж,
Хулангийн цангааг тайлдаг.
12 Усны дэргэд огторгуйн шувууд үүрлэж,
Өтгөн навчис дунд дуулан жиргэдэг.
13 Бурхан өргөө гэрээсээ* уулсыг усалж,
Үйлсийнхээ үр шимээр дэлхийг хангадаг.
14 Тэрбээр мал сүрэгт зориулан өвсийг,
Хүмүүст зориулан ногоог бүтээж
Газраас хоол хүнс гаргадаг нь
15 Хүний зүрхийг баясгадаг дарс,
Нүүрийг өнгөлдөг тос,
Мөнх бус хүний зүрхийг тэтгэдэг хоолыг бий болгохын тулд юм.
16 Еховагийн модод,
Түүний тарьсан Ливаны хушнууд усаар ундаалдаг.
17 Шувууд тэнд үүрээ засаж,
Өрөвтас арц модон дээр гэрээ барьдаг.
18 Янгир ямаа өндөр уулсад нутаглаж,
Хадны дорго хадан дотор үүрлэдэг.
19 Тэрбээр цаг хугацааг тогтоохоор сарыг бүтээсэн.
Нар хэзээ жаргахаа сайн мэддэг.
20 Та харанхуйг авчрахад шөнө болж,
Ойн амьтад хэрэн тэнүүчилдэг.
21 Залуу арслангууд олз хайн архирч,
Бурхнаас хоол гуйдаг.
22 Харин нар мандахад
Үүрэндээ буцаж очоод хэвтдэг.
23 Хүн ажил хийхээр явж,
Үдэш болтол хөдөлмөрлөдөг.
24 Ехова, та ямар их үйлс бүтээгээ вэ!
Бүгдээс нь таны мэргэн ухаан харагддаг.
Дэлхий таны бүтээлээр дүүрэн.
25 Агуу том, өргөн уудам далайд
Том, жижиг тоймгүй олон амьтан бий.
26 Тэнд усан онгоцнууд сүлжилдэн,
Таны бүтээсэн левиатан тоглон нааддаг.
27 Тэд бүгдээрээ таныг
Яг цагт нь хоол өгөхийг хүлээдэг.
28 Таны өгснийг түүж авдаг.
Таныг мутраа дэлгэхэд тэд сайн сайхан бүхэнд ханадаг.
29 Таныг нүүрээ нуухад тэд хямардаг.
Амьсгалыг* нь авахад тэд үхэж, хөрс шороондоо буцдаг.
30 Та агуу хүчээ илгээн тэдгээрийг бүтээж,
Газрын өнгө төрхийг өөрчилдөг.
31 Еховагийн алдар үүрдийнх.
Ехова хийж бүтээсэн бүхэндээ баярлана.
32 Түүнийг харахад дэлхий чичирч,
Түүнийг хүрэхэд уулсаас утаа баагьдаг.
33 Би насан туршдаа Еховад зориулж дуулна.
Амьд яваа цагтаа Бурхнаа магтан дуулна*.
34 Миний бодол түүнд тааламжтай байх болтугай*.
Ехова миний баяр баясгалан байх болно.
35 Нүгэлтнүүд дэлхийгээс арчигдана.
Муу хүмүүс байхгүй болно.
Би Еховаг магтана. Яаг магтагтун*!