Еврейчүүдэд бичсэн захидал
12 Тэгэхээр, биднийг тойроод агуу том үүл мэт олон гэрч байгаа учир өөрсдийг маань амархан урхиддаг нүгэл, аливаа дарамтыг авч хаяад өмнөх уралдаандаа тэвчээртэй гүйцгээе. 2 Ингэхдээ итгэлийг маань тэргүүлдэг удирдагч*, төгс болгогч Есүсийг анхааралтай харж байя. Учир нь тэрээр өмнөө байсан баяр баясгалангийн төлөө шонд* тарчлахыг тэвчсэн бөгөөд гутамшиг болохоос ичээгүй. Тэгээд Бурхны сэнтийний баруун талд суусан юм. 3 Тиймээс та нар ядарч сульдахгүй, бууж өгөхгүйн тулд нүгэлтнүүдийн хорон үгийг тэвчсэн нэгний жишээг бодож яваарай. Тэд хорон юм ярьснаараа өөрсдөдөө гай тарьсан.
4 Та нар энэ нүгэлтэй тэмцэж байгаа ч цус урсгах хүртлээ тэмцээгүй. 5 Та нарыг хөвгүүд шигээ үзээд «Хүү минь, Ехова* чамайг сахилгажуулбал хайхрахгүй байж болохгүй. Тэр чамайг засаж залруулбал бүү гутар. 6 Учир нь Ехова* хайрладаг хүнээ сахилгажуулдаг. Хүүгээ гэж үздэг хүн бүрийг ташуурддаг*» гэж захисныг та нар бүрмөсөн мартжээ.
7 Хөвгүүдээ гэж үзээд Бурхан та нарыг сахилгажуулж* байгааг бодоод тэвчээртэй бай. Эцэг нь сахилгажуулдаггүй хүү хаана байна вэ? 8 Хэрэв бүгдийг нь сахилгажуулсан атлаа та нарыг сахилгажуулаагүй бол та нар хөвгүүд нь биш, харин бутач хүүхэд байх нь. 9 Махан биеийн эцгүүд биднийг сахилгажуулдаг, бид тэднийг хүндэлдэг байсан. Тэгвэл бид амьд явахын тулд агуу хүчээрээ биднийг сонгосон Эцэгтээ бүр ч дуулгавартай байхгүй гэж үү? 10 Махан биеийн эцгүүд сайн гэж бодсоноороо биднийг түр хугацаанд сахилгажуулсан бол тэнгэрийн Эцэг сайн сайхны маань төлөө, биднийг өөр шигээ ариун байлгах гэж сахилгажуулдаг. 11 Сахилгын арга хэмжээ авхуулах үед бид баярладаггүй, харин ч шаналдаг нь үнэн. Гэхдээ сахилгын ачаар засарсан хүн амар тайван, шударга сайн хүн болдог*.
12 Тиймээс, цуцсан гар, сөхөрсөн өвдгийг хүчтэй болго. 13 Хөлдөө зориулж замаа шулуун болго. Тэгвэл доголон нь дордохгүй, харин эдгэх юм. 14 Бүх хүнтэй эвтэй байхыг мөшгө. Ариусахыг мөшгө. Ариусахгүй бол Эзнийг харахгүй. 15 Гай тарьдаг, олон хүнийг бузарлах хортой үндэс дундаа ургуулахгүйн тулд Бурхны нигүүлслийг алдахаас хүн бүр сэрэмжил. 16 Садар самуун* явдалтай эсвэл ганцхан хоолноос ууган хүүгийн эрхээ өгсөн Есав шиг ариун юмыг эрхэмлэдэггүй хүн болохоос бүгдээрээ болгоомжил. 17 Хожим нь Есав ивээл хүртэхийг хүссэн ч гологдсоныг та нар мэднэ. Тэрээр эцгийнхээ шийдвэрийг өөрчлөх гэж уйлж хайлсан ч нэмэр болоогүй.
18 Та нар гал дүрэлзэж, өтгөн хар үүл бүрхсэн, түнэр харанхуй нөмөрч, шуурга шуурч, 19 бүрээн дуу хүнгэнэсэн, үг хэлж байгаа дуу хоолой сонсогдох, хүрч болох уул руу очоогүй. Тэр дууг сонссон хүмүүс дахиж бүү яриасай гэж гуйж байсан юм. 20 Учир нь тэд «Ууланд хүрсэн мал адгуусыг ч чулуугаар чулууд» гэсэн тушаалыг биелүүлж чадаагүй. 21 Энэ явдал үнэхээр сүрдмээр байсан тул Мосе: «Би айж, чичирч байна» гэсэн билээ. 22 Харин та нар Сион уул, амьд Бурхны хот буюу тэнгэрийн Иерусалим, нэг дор цугласан үй олон* тэнгэрийн элч, 23 нэр нь тэнгэрт бичигдсэн уугануудын хурал, бүхнийг шүүгч Бурхан, Бурхны агуу хүчээр төрөөд төгс болгогдсон шударга сайн хүмүүсийн амь, 24 шинэ гэрээний зууч Есүс, Абелын цуснаас илүү сайн ярьдаг, цацсан цус руу очсон.
25 Айлдаж байгаа нэгнийг тоохгүй байхаас болгоомжил. Учир нь дэлхий дээр Бурхны сануулгыг хэлсэн нэгнийг сонсохоос татгалзсан тэд шийтгэлээс мултраагүй юм бол бид тэнгэрээс айлддаг нэгнийг эс сонсвол шийтгэлээс мултарч бүр ч чадахгүй! 26 Тэр үед түүний дуу хоолой дэлхийг сэгсэрсэн. Гэхдээ тэрээр: «Би дахиж нэг удаа газрыг төдийгүй тэнгэрийг сэгсэрнэ» гэж амласан. 27 «Дахиж нэг удаа» гэсэн нь бүтээгдсэн, сэгсрэгдсэн юмсыг үгүй хийхийг илэрхийлдэг. Энэ нь үл сэгсрэгдэх юмсыг үлдээхийн тулд юм. 28 Тиймд үл сэгсрэгдэх Хаант төрийг хүлээж авахаа ойлгоод Бурхнаасаа эмээн, биширч, үйлчлэх ариун үүргээ таалалд нь нийцүүлэн биелүүлэхийн тулд нигүүлслийг нь хүртсээр байя. 29 Учир нь бидний Бурхан бол шатаах гал мөн.