Лукийн бичсэн сайн мэдээ
11 Нэгэн удаа Есүсийг залбирч дуусахад нэг шавь нь: «Эзэн, Ёохан шавь нартаа хэрхэн залбирахыг заасан шиг бидэнд зааж өгөөч» гэжээ.
2 Есүс тэдэнд «Залбирах бүрдээ “Тэнгэрийн Эцэг минь, таны нэр ариусаасай. Таны Хаант төр захираасай. 3 Өдөр тутмын минь талхыг өдөр бүр өгөөч. 4 Бидний нүглийг уучлаач. Учир нь бид өөрсдийн маань эсрэг нүгэл үйлдсэн хүн бүрийг уучилсан билээ. Хорхой хүргэм зүйлд дийлдэхгүй байхад туслаач” гэж хэл» хэмээв.
5 Тэгээд Есүс тэдэнд «Та нарын нэг чинь найзтай байж л дээ. Шөнө дүлээр найзындаа очоод “Надад гурван талх өгөөч. 6 Нэг найз маань холоос манайд ирчихээд байна. Өгөх юм юу ч алга” гэхэд 7 байшин дотроос “Би хаалгаа түгжээд нялх хүүхдүүдээ өвөртлөөд унтаж байна. Битгий саад бол. Чамд юм өгөх гэж босож чадахгүй нь” гэжээ. 8 Энэ хүн найзыгаа гээд босож юм өгдөггүй юмаа гэхэд цөхрөлтгүй гуйгаад байвал хэрэгтэй юмыг нь өгнө. 9 Гуйгаад бай, тэгвэл танд өгнө. Хайгаад бай, тэгвэл та олно. Тогшоод бай, тэгвэл нээгдэнэ. 10 Гуйдаг хүн бүрд өгдөг, хайдаг хүн бүрд олддог, тогшдог хүн бүрд нээгддэг. 11 Ямар эцэг хүүгээ загас гуйхад нь могой өгөх вэ? 12 Эсвэл өндөг гуйхад нь хилэнцэт хорхой өгөх үү? 13 Та нар нүгэлтэй атлаа хүүхдэдээ сайн юм өгөхийг боддог бол тэгэх тусмаа тэнгэр дэх Эцэг өөрөөс нь гуйдаг хүнд агуу хүчээ өгнө биз дээ!» гэж хэлжээ.
14 Үүний дараа Есүс хэлгүй хүнээс чөтгөрийг нь зайлуулахад өнөөх хүн ярьдаг болж, хүмүүс гайхаж хоцров. 15 Гэтэл зарим хүн: «Тэр чөтгөрүүдийг захирагч Бээлзэбүлээр* нь хөөлгөдөг» гэцгээлээ. 16 Зарим нь түүнийг сорьж тэнгэрт үзэгдэх гайхамшиг үйлдэхийг шаардаж байв. 17 Есүс тэдний юу бодож байгааг мэдээд ийн хэлэв. «Ямар ч улс хуваагдвал мөхнө. Ямар ч айл гэр хуваагдвал сүйрнэ. 18 Үүнчлэн, хэрэв Сатан өөрийнхөө эсрэг босвол засаглал нь хэрхэн оршин тогтнох билээ? Та нар намайг Бээлзэбүлээр чөтгөрүүдийг хөөлгөдөг гэсэн. 19 Хэрэв би чөтгөрүүдийг Бээлзэбүлээр хөөлгөдөг юм бол танай хүмүүс хэнээр хөөлгөдөг вэ? Ингэхлээр, тэд та нарын бурууг баталж байна даа. 20 Харин Бурхны хуруугаар би чөтгөрүүдийг хөөдөг бол Бурхны Хаант төр энд байгаа хэрэг. 21 Бүрэн зэвсэглэсэн, хүчтэй эр гэрээ хамгаалж байхад хэн ч эд хөрөнгийг нь хулгайлахгүй. 22 Харин түүнээс хүчтэй нэгэн ирж ялаад, хамаг найдвар нь болж байсан бүх зэвсгийг нь авч, эд хөрөнгийг нь бусдад өгнө. 23 Миний талд байдаггүй хэн боловч намайг эсэргүүцэгч, надтай хамт хүмүүсийг цуглуулдаггүй хэн боловч тараан бусниулагч юм.
24 Чөтгөр хүнээс гараад усгүй газраар хэрэн хэсэж, амрах газар хайж яваад юу ч олсонгүй. Тэгээд “Гэртээ харья” гээд 25 эргэж иртэл гэрийг нь цэвэрлэсэн, гоёсон байхыг үзжээ. 26 Тэгэхээр нь явж, өөрөөсөө илүү хорон муу долоон чөтгөрийг дагуулж ирээд дотор нь орж, тэндээ амьдарна. Ийнхүү өнөөх хүний байдал өмнөхөөсөө дордоно».
27 Түүнийг ийн ярьж байтал цугласан олны дотроос нэг эмэгтэй: «Таныг хэвлийдээ тээж, хөхөө хөхүүлсэн эмэгтэй жаргалтай яа!» гэхэд 28 Есүс: «Бурхны үгийг сонсоод сахидаг хүн илүү жаргалтай!» хэмээв.
29 Хүмүүс олноороо цуглахад тэрээр ингэж ярив. «Бузар муу энэ үеийнхэн гайхамшиг үзэх гэдэг. Гэхдээ Ионагийн үзсэн гайхамшгаас өөр гайхамшгийг тэдэнд үзүүлэхгүй. 30 Иона ниневечүүдэд тэмдэг болсны адил хүний Хүү энэ үеийнхэнд тэмдэг болох юм. 31 Шүүх өдөр болоход өмнөдийн хатан хаан энэ үеийнхэнтэй хамт амилж эдний бурууг батална. Учир нь тэр хатан хаан Соломоны мэргэн үгийг сонсох гэж газрын хязгаараас ирсэн юм. Харин энд Соломоноос агуу нэгэн байна. 32 Шүүх өдөр болоход Ниневегийн хүмүүс энэ үеийнхэнтэй хамт амилж, эдний бурууг батална. Учир нь Ниневегийн хүмүүс Ионагийн тунхагласан мэдээг сонсоод гэмшсэн юм. Харин энд Ионагаас агуу нэгэн байна. 33 Хэн ч дэн асаачихаад далд тавьдаггүй, дээрээс нь сагс* хөмөрдөггүй. Харин орж ирсэн хүмүүсийг гэрэл үзэг гэсэндээ суурин дээр нь тавьдаг. 34 Биеийн дэн бол нүд. Нүд чинь нэг л юмыг хардаг бол* бие чинь бүхэлдээ гэрэлтэй* байна. Харин нүд чинь хорон муу юмыг хардаг бол* бие чинь харанхуй байна. 35 Тиймээс болгоомжтой бай. Чиний дотор гэрэл бус, харанхуй байх вий. 36 Хэрэв чиний бие бүхэлдээ гэрлээр дүүрэн бөгөөд өчүүхэн төдий ч харанхуйгүй бол энэ нь чамайг цацрагаараа гэрэлтүүлдэг дэн мэт бие чинь гэрэлтэй байна гэсэн үг».
37 Үүний дараа нэгэн фарисай хүн Есүсийг зоогонд урихад очоод, ширээнд тухлан суужээ. 38 Есүс гараа угаалгүй* хоол идэхэд фарисай ихэд гайхав. 39 Харин Эзэн түүнд «Фарисайчууд та нар аяга тавагныхаа гаднахыг угаадаг ч та нарын дотор шунал, хорон санаа дүүрэн ажээ. 40 Мунхаг хүмүүс ээ! Гаднахыг бүтээсэн нэгэн доторхыг ч бүтээгээгүй гэж үү? 41 Тэгвэл та нар доторхыг өглөг адил өг. Тэгээд та нар цэвэр болно. 42 Харамсалтай яа, фарисайчууд аа! Учир нь та нар гаа, гоньд, төрөл бүрийн ургамлынхаа* аравны нэгийг өргөдөг ч Бурхны шударга ёс, хайрыг үл ойшоодог! Аравны нэгийг өгөх үүрэгтэй. Гэхдээ эдгээр тушаалыг умартах ёсгүй. 43 Харамсалтай яа, фарисайчууд аа! Учир нь та нар синагогт бол урд эгнээнд* суух, зах дээр бол мэндлүүлэх дуртай. 44 Харамсалтай яа, фарисайчууд аа! Учир нь та нар үл харагдах булш мэт тул дээгүүр нь явдаг хүмүүс үүнийг мэддэггүй» гэжээ.
45 Хуулийг сайн мэддэг нэгэн үүнийг сонсоод «Багш аа, та ингэж хэлснээрээ биднийг бас доромжилж байна» гэжээ. 46 Харин Есүс: «Харамсалтай яа, Хуулийг сайн мэддэг хүмүүс ээ! Учир нь та нар даахын аргагүй хүнд ачааг хүмүүст үүрүүлдэг атлаа өөрсдөө тэр ачаанд хуруугаа ч хүргэдэггүй.
47 Харамсалтай яа! Учир нь та нар зөнчдөд бунхан барьдаг. Харин өвөг дээдэс чинь тэднийг хөнөөсөн! 48 Та нар өвөг дээдсийнхээ юу хийснийг мэддэг, түүнийг нь зөвтгөдөг. Тэд зөнчдийг хөнөөсөн, харин та нар бунхныг нь барьж байна шүү дээ. 49 Энэ талаар мэргэн ухаантай Бурхан ингэж хэлсэн байдаг. “Би зөнчид, элчүүдийг тэдэн рүү илгээхэд тэд заримыг нь алж, заримыг нь хавчина. 50 Тиймээс ертөнцийн суурь* тавигдах үеэс эхлээд алуулсан бүх зөнчийн, 51 тухайлбал, Абелаас эхлээд сүм болон тахилын ширээний хооронд хөнөөгдсөн Зехариагийн цусны буруутан нь энэ үеийнхэн юм”. Тийм ээ, үүний буруутан нь энэ үеийнхэн юм.
52 Харамсалтай яа, Хуулийг сайн мэддэг хүмүүс ээ! Учир нь та нар мэдлэгийн түлхүүрийг хүмүүсээс булааж авсан. Та нар өөрсдөө ч ордоггүй, орох гэсэнд нь ч саад болдог!» гэжээ.
53 Есүсийг тэндээс явахад хуулийн багш нар болон фарисайчууд бүчиж аваад бүр ч олон юм асуун 54 үгээр нь ороон барьж авах гэж анаж байлаа.