Маркийн бичсэн сайн мэдээ
15 Үүр цаймагц ахлах тахилчид, ард олны ахлагчид, хуулийн багш нар болон Иудейн дээд шүүхийнхэн бүгдээрээ хэлэлцээд Есүсийг хүлж авч яван Пилатад тушаажээ. 2 Пилат түүнээс «Та иудейчүүдийн Хаан юм уу?» гэж асуухад Есүс: «Та өөрөө ч хэлж байна» гэж хариулав. 3 Ахлах тахилчид Есүсийг буруутгаж олон хэрэг тулгаж байсан учир 4 Пилат: «Танд хэлэх юм алга уу? Танд ямар олон хэрэг тулгаж байгааг сонсохгүй байна уу?» гэж дахин асуухад 5 Есүс юу ч хэлсэнгүй. Пилат ихэд гайхжээ.
6 Пилат баяраар ард олны хүсэлтээр нэг хоригдлыг сулладаг заншилтай байлаа. 7 Бослого гаргаж, хүний амь хөнөөсний улмаас шоронд хоригдож байсан этгээдүүдийн дунд Бараб гэгч эр байв. 8 Хүмүүс Пилат руу очиж, заншсан ёсоороо нэг хоригдол суллаж өгөхийг хүсжээ. 9 Пилат тэднээс «Та нар Хаанаа суллуулмаар байна уу?» гэж асуулаа. 10 Яагаад гэвэл ахлах тахилчид Есүст атаархсандаа барьж өгснийг Пилат мэдэж байлаа. 11 Харин ахлах тахилчид Есүсийн оронд Барабыг сулла гэж гуйлгахаар ард олныг ятгав. 12 Пилат: «Тэгвэл иудейчүүдийн Хаан гэж та нарын хэлдэг энэ хүнийг би яах болж байна вэ?» гэхэд 13 хүмүүс: «Шонд хад!» гэж хашхиралдлаа. 14 Тэгэхэд Пилат: «Яагаад? Тэр ямар муу юм хийсэн юм бэ?» гэхэд хүмүүс: «Шонд хад!» гэж улам чанга хашхирч байлаа. 15 Пилат ард олны сэтгэлд нийцүүлэн Барабыг суллав. Харин Есүсийг ташуурдуулаад шонд хадуулахаар өгчээ.
16 Цэргүүд Есүсийг захирагчийн ордны хашаанд авчраад бүх цэргийг дуудлаа. 17 Тэд Есүст нил ягаан өнгийн хувцас өмсгөөд өргөст ургамлаар титэм сүлжиж толгой дээр нь тавив. 18 Тэгээд «Иудейчүүдийн Хаан таны амрыг эрье!» гэцгээв. 19 Бас толгойг нь хулсаар цохиж, нулимж, өмнө нь сөхөрч суугаад мөргөжээ. 20 Ингэж доромжилсныхоо дараа нил ягаан хувцсыг тайлж аваад гадуур хувцсыг нь өмсгөв. Тэгээд шонд хадахаар авч явлаа. 21 Бас хажуугаар нь өнгөрч явсан Күрений Симон гэдэг хүнийг албадаж Есүсийн тарчлаах шонг* үүрүүлэв. Симон бол Александр Руф хоёрын эцэг, хөдөөнөөс ирсэн хүн ажээ.
22 Цэргүүд Есүсийг Гавал гэсэн утгатай Голгота гэдэг газар авчраад 23 мирртэй дарс* өгөх гэсэн боловч тэр уусангүй. 24 Тэд Есүсийг шонд хадчихаад хэн нь юу авахаа шийдэх гэж шодож байгаад гадуур хувцсыг нь хувааж авлаа. 25 Есүсийг шонд хадахад гуравдугаар цаг* болж байлаа. 26 Буруутгасны учрыг бичсэн пайзан дээр «Иудейчүүдийн Хаан» гэсэн бичээс байлаа. 27 Бас Есүсийн баруун, зүүн талын шонд хоёр дээрэмчнийг хаджээ. 28 —* 29 Хажуугаар нь өнгөрч явсан хүмүүс толгой сэгсрэн Есүсийг доромжилж «Хөөе, сүмийг нурааж гурван өдрийн дотор барьдаг хүн гуай, 30 тарчлаах шонгоосоо* бууж өөрийгөө авраач» гэж байлаа. 31 Ахлах тахилчид, хуулийн багш нар түүнийг доромжлон «Бусдыг аварсан мөртлөө өөрийгөө аварч чаддаггүй ээ! 32 Христ, Израйлын Хаан тарчлаах шонгоосоо* буугаад ирэг. Бууж ирэхийг нь харвал бид л лав итгэнэ» гэж хоорондоо ярилцав. Хажуугийнх нь шонд хадуулсан хүмүүс ч түүнийг доромжилж байлаа.
33 Зургаадугаар цагаас* есдүгээр цагийн* хооронд тэр нутаг даяар харанхуй болжээ. 34 Есдүгээр цагт Есүс чанга дуугаар «Эли, Эли, лама сабахтани?» гэж хэлэв. Энэ нь «Бурхан минь, Бурхан минь, юунд та намайг орхив?» гэсэн үг ажээ. 35 Ойрхон зогсож байсан хүмүүсийн зарим нь үүнийг дуулаад «Сонсооч! Энэ хүн Елиаг дуудаж байна» гэжээ. 36 Тэгтэл нэг хүн гүйж, далайн хөвөнд исгэлэн дарс шингээгээд хулсанд торгоон Есүст уулгахаар өгөхдөө «Байз! Елиа буулгаж авахаар ирэх эсэхийг харъя» гэлээ. 37 Гэтэл Есүс чанга хашхираад амьсгаа хураав. 38 Тэгтэл сүмийн хөшиг дээрээсээ доош урагдан хоёр хэсэг болжээ. 39 Есүсийн өөдөөс хараад зогсож байсан цэргийн дарга үхэх үед нь болсон бүхнийг ажиглаад «Энэ хүн үнэхээр Бурхны Хүү байжээ» гэв.
40 Бас олон эмэгтэй холоос харж байлаа. Тэдний дунд Магдалын Мариа, жижиг гэгддэг Яаков, Ёос хоёрын эх Мариа, Саломе нар байв. 41 Тэд Есүсийг Галилд байхаас нь дагаж, үйлчилдэг болсон ажээ. Бас Есүстэй хамт Иерусалимд ирсэн өөр олон эмэгтэй байлаа.
42 Орой нь, Амралтын өдрийн өмнөх Бэлтгэлийн өдөр эхлэхэд 43 Ариматын Иосеф зориг гарган Пилатад бараалхаж, Есүсийн шарилыг гуйжээ. Иосеф бол Зөвлөлийн* нэр хүндтэй гишүүн бөгөөд Бурхны Хаант төрийг хүлээдэг хүн байв. 44 Харин Пилат Есүсийн үхсэн эсэхийг мэдэх гэж цэргийн даргыг дуудаж асуув. 45 Ийнхүү магадлаад шарилыг нь Иосефт өгөхөөр болжээ. 46 Иосеф сайн чанарын даавуу худалдаж аваад Есүсийн шарилыг буулган, тэр даавуундаа ороогоод хад ухаж хийсэн булшинд тавьж амыг нь чулуугаар таглав. 47 Харин Магдалын Мариа, Ёосын эх Мариа хоёр Есүсийн булшны дэргэд үлджээ.