Матайн бичсэн сайн мэдээ
21 Тэд Иерусалим руу ойртсоор Чидун уулан дээрх Бетфагт иржээ. Есүс хоёр шавиа илгээхдээ 2 «Тэр харагдаж байгаа тосгон руу яв. Тосгонд очмогцоо уяатай илжиг дудрантайгаа байгааг харна. Уяаг нь тайлаад надад аваад ир. 3 Хэрэв хүн юм хэлбэл “Эзэнд хэрэгтэй байгаа юм” гээрэй. Тэгэхэд тэр хүн илжиг, дудрангаа даруй өгч явуулна» гэж захижээ.
4 Энэ нь зөнчийн хэлснийг биелүүлэхийн тулд болжээ. 5 Учир нь «“Дөлгөөн зантай хаан чинь дудран, тийм ээ, илжигний дудран унаад чам руу ирж байна” гэж Сион охинд* хэлэгтүн» хэмээн зөгнөсөн байлаа.
6 Хоёр шавь явж Есүсийн захисан ёсоор 7 илжиг дудран хоёрыг авчирч, шавь нар гадуур хувцсаа тохоход Есүс дудранг уналаа. 8 Цугласан хүмүүсийн олонх нь гадуур хувцсаа зам дээр дэвсэж, зарим нь модны найлзуур авч тавив. 9 Түүнчлэн Есүсийн өмнө хойно явж байсан хүмүүс: «Давидын Хүүг авраач* гэж залбиръя! Нэрийнх нь өмнөөс ирж байгаа нэгнийг Ехова* ивээх болтугай! Өндөрт оршдог та, түүнийг авраач гэж залбиръя!» хэмээн хашхирч байв.
10 Есүсийг Иерусалимд ирэхэд хотынхон: «Энэ хэн бэ?» гэж шуугилдахад 11 түүнтэй хамт яваа хүмүүс: «Галилын Назар хотын зөнч Есүс!» гэж хэлж байлаа.
12 Есүс сүмд орж, худалдаачид болон худалдан авагчдыг хөөж гарган, мөнгө солигчдын ширээ, тагтаа зарагчдын сандлыг хөмөрч хаяад 13 тэдэнд «“Миний өргөөг залбирлын өргөө гэх болно” гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар үүнийг дээрэмчдийн үүр болголоо» гэж хэлэв. 14 Бас сүмд байхад нь сохор, доголон хүмүүс ирэхэд тэднийг эдгээлээ.
15 Есүсийн гайхамшиг үйлдэхийг, «Давидын Хүүг авраач гэж залбиръя!*» хэмээн хөвгүүдийн хашхирахыг харсан ахлах тахилчид, хуулийн багш нар эгдүүцэв. 16 Тэд Есүсээс «Та эдний юу хэлж байгааг сонсож байна уу?» гэж асуухад «Тийм ээ, сонсож байна. “Та хүүхдүүд ба нялхсаар магтуулна” гэснийг та нар уншаагүй юм уу?» хэмээн хариулав. 17 Тэгээд хотоос гарч Бетан гэдэг тосгонд очиж хоножээ.
18 Есүс өглөө эрт хот руу буцаж явахдаа өлсжээ. 19 Замын хажууд инжрийн мод байхыг хараад дөхөж очлоо. Тэгтэл навчнаас өөр юм ургаагүй байхыг үзээд «Үүнээс хойш чамаас ямар ч жимс бүү ургаг» гэв. Тэгмэгц тэр мод хатаж хувхайрчээ. 20 Шавь нар үүнийг үзээд ихэд гайхан «Энэ мод яагаад ийм хурдан хувхайрав аа?» гэцгээхэд 21 Есүс: «Би та нарт батлан хэлье. Хэрэв та нарын итгэл бат бөгөөд огт эргэлздэггүй бол энэ модыг хувхайруулахаас ч илүүг хийж чадна. Энэ ууланд хандан “Дээш өргөгдөж, далайд хаягд” гэхэд л хэлснээр чинь болно. 22 Мөн бат итгэлтэйгээр залбирч гуйсан бүхнээ та нар авна» гэж хэлэв.
23 Есүсийг сүмд сургаал айлдаж байхад ахлах тахилчид, ард олны ахлагчид ирээд «Та ямар эрхтэй болоод ийм юм хийдэг юм бэ? Хэн танд ийм эрх өгөв?» гэж асуулаа. 24 Есүс: «Би бас та нараас нэг юм асууя. Та нар хариулбал би ямар эрхтэйгээ хэлнэ. 25 Ёохан баптисм хүртээх эрхийг хэнээс авсан бэ? Бурхнаас* уу, хүнээс үү?» гэхэд тэд хоорондоо зөвлөж «“Бурхнаас” гэж хэлбэл “Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?” гэнэ дээ. 26 “Хүнээс” гэчихвэл Ёоханыг зөнч гэж боддог энэ олон түмэн биднийг яах бол?» гэж ярилцаад 27 «Бид мэдэхгүй» гэлээ. Хариуд нь Есүс: «Тэгвэл хэн надад ийм эрх өгснийг би ч та нарт хэлэхгүй» хэмээжээ.
28 Есүс: «Та нар бодоод үз дээ. Хоёр хүүтэй нэг хүн байжээ. Ууган хүүдээ “Миний хүү, өнөөдөр усан үзмийн талбайд очиж ажилла” гэхэд 29 “Чадахгүй” гэсэн ч дараа нь гэмшээд ажиллахаар явжээ. 30 Бага хүүдээ ч мөн тэгж хэлэхэд хүү нь “За” гэсэн атлаа явсангүй. 31 Энэ хоёр хүүгийн хэн нь эцгийнхээ хүслийг биелүүлсэн бэ?» гэхэд тэд: «Ууган нь» гэж хариулав. Есүс: «Би та нарт батлан хэлье. Татвар хураагчид, янхнууд Бурхны Хаант төрд та нараас түрүүлээд орж байна. 32 Яагаад гэвэл Ёохан ирж та нарт зөв замыг заасан боловч та нар түүнд итгээгүй. Харин татвар хураагчид, янхнууд түүнд итгэсэн. Та нар үүнийг харсан ч гэмшээгүй, итгээгүй.
33 Өөр нэг жишээ сонсогтун. Газрын эзэн усан үзэм тариад түүнийгээ тойруулан хашаа барьжээ. Тэгээд усан үзмийн шахуурга суулгаж, цамхаг босгож, тариаланчдад түрээслүүлээд аянд гарчээ. 34 Ургац хураах цаг болоход усан үзэм авчруулахаар боолуудаа тариаланчид руу явуулав. 35 Гэтэл тариаланчид боолуудыг барьж аваад нэгийг нь зодож, нөгөөг нь алаад гурав дахь руу нь чулуу нүүлгэжээ. 36 Тэгэхээр нь урьдынхаасаа олон боол явуулсанд тариаланчид өмнөх шигээ хандсан ажээ. 37 Эцэст нь, “Тэд хүүг минь хүндэлнэ” гээд хүүгээ явуулав. 38 Тариаланчид хүүг нь хараад “Энэ чинь өв залгамжлагч шүү дээ. Ирцгээ, түүнийг алаад өв хөрөнгийг нь авъя!” гэжээ. 39 Тэгээд түүнийг барьж аваад талбайгаас гаргаж амийг нь хөнөөв. 40 Талбайн эзэн ирээд тариаланчдыг яах бол?» гэхэд 41 тэд: «Хорон муу тэр тариаланчдыг алаад ургацыг цагт нь өгөх өөр тариаланчдад талбайгаа түрээслүүлнэ» гэж хариулав.
42 Есүс тэдэнд «“Барилгачдын голсон чулуу булангийн гол чулуу болов. Энэ чулуу Еховагаас* ирсэн бөгөөд гайхалтай” гэж байдгийг та нар Судраас огт уншаагүй юм уу? 43 Тиймээс би та нарт хэлье. Бурхны Хаант төрийн ивээлийг та нарт хүртээхгүй. Харин Бурхны хүслийг биелүүлдэг хүмүүст хүртээнэ. 44 Түүнчлэн, энэ чулуун дээр унасан хүн бяцарна. Мөн чулуу хэний дээр унана, тэр хүн няцарна» хэмээв.
45 Ахлах тахилчид, фарисайчууд ингэж ярихыг нь сонсоод өөрсдийг нь хэлж байгааг ойлгожээ. 46 Тэд түүнийг барьж авахыг хүссэн боловч ард олноос айж байлаа. Учир нь олон түмэн Есүсийг зөнч гэж үздэг байв.